Шууд Chart

“Үргээлэг 2” киноноос үргэх учиртай нь үргэх үү..?

2016-04-04 12:31:42

-Нийгэм, кино хоёр адилхан ба гол харлуулсан цаг үеийг дахин дахин сануулав...-

Энэхүү кинонд мөнгөний тухай өгүүлэх ч дан мөнгө олох зорилготой бүтээгээгүй нь тодорхой санагдав. Үзлээ, харлаа, омогшлоо, бухимдлаа, уйллаа гутарлаа. Хүнийг дотроос нь өргөгч нэгэн хүч бол сэтгэл юм. Тэгвэл тэр сэтгэлийг хүн төрөлхтөн олон янзын зүйлээр хөглөж, хүч оруулна. Тэдний нэг нь кино урлаг юм шүү дээ. Хүн төрөлхтөнд анхны кино хэмээн нэрлэгдсэн “Цэцэрлэгч өөрийгөө усалсан нь” гэх кинон дээр нэгэн цэцэрлэгч зүлэг усалж байснаа өөрлүүгээ ус цацаад, дараа нь нэгэн галт тэрэг явж өнгөрч байгаа дүрс гараад л өнгөрнө. Ингээд үзсэн хүмүүс маш их баярладаг. Тэгвэл өнөө цагт кино урлаг хөгжлийнхөө хүчээ авч, мөнгөний, өнгөний мөн Солонгос олон ангит кино, бодлогын гэх мэт олон төрөл болсон байна. “Аватар” киног найруулагч нь аль эрт цаасан дээр буулгачихаад арав гаруй жил техник хөгжихийг хүлээсэн гэх яриа өгсөн байсан юм. Тэгэхээр оюун санаа гэдэг бол баригдашгүй хүч аж.

Кино бүхэн өөрийн гэсэн зорилготой. Миний бичих гээд байгаа энэ кино бол зорилгодоо хүрч чаджээ. Аливаа уран бүтээлд магтаал шүүмжлэл хэрэгтэй, гэхдээ үнэнийг өгүүлье л дээ. Шүүмжлэх амархан, бүтээх хэцүү гэдэг дээ. “Үргээлэг 2” кино бидэнд юу хэлэх гээд байна, гэдгийг мэдэхийн тулд уншигч та нэг үзчихэд гэмгүй л болов уу.

Анхны “Үргээлэг” гэх киноноос хэр болсон байна вэ гэж олон үзсэн нэгнээсээ асуух байх л даа. “Хүн хэлэхээс нааш, Цаас чичихээс цааш” гэдэг дээ. Танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна.

Энэ киноны Ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд түүнд талархах ёстойг энд хэлье. Киноны үйл явдлыг дурьдчихвал уншигч таны үзэх сэдэл сонирхлыг бууруулахаас эмээнэ. Тийн учир тухайн киноны сэтгэл цочроосон хэсэг бүрээс тасдан авч, бичих нь зүйтэй болов уу гэж бодлоо.

Кино төгсөхөд хоёр Хятад ажилчин өөр хоорондоо тэмцэлдсээр нэгнийгээ алж дууссан Монгол ба Орос залуусыг булж байна. Тэгснээ өнөөх хоёр Хятадын нэг нь нөгөөгөө хүрзээр цохиж цааш нь харуулаад “Алтны дэргэдэх юм бүхэн үнэ цэнэгүй болдог” гэж орилно. Энэ үед план дээш хөөрөн, задрахад цасан дунд ханзарсан цоорхой нь Монгол орны газрын зураг лугаа харагдана. Үзэгч минийхээр уг киноны хамгийн төгсгөлийн энэхүү план гол утга санааг илэрхийлсэн юм. Ер нь бол “оргил” хэсгийг төгсгөлд нь өрнүүлэн, хэлэх гэсэн санаагаа пал хийтэл гаргаад тавьж байгаа нь мэдээж найруулагчийн шийдэл байх. Яах аргагүй киног үзсэн хүн төгсгөлд нь ямар нэгэн юм бодон, царай баргар гарах болно.

Түүнчлэн маш олон хятад ажилчинг оруулж ирж байгаа хууль бус бизнесмэнүүдтэй гол баатар маань тэмцэх болно. Тэгвэл бидний амьдралд уг кинон дээр гардаг шиг үйл явдлууд өдөр тутам, хэвийн өрнөөд байгаа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Яагаад гэвэл Хятад мянгат малчин хүртэл манайд аж төрж байна шүү дээ.

Нэг үе бид хүний мөс үгүй болсон цөвүүн цаг үе гэж ярьдаг байсан бол одоо хүний мөс чанар, эх оронч үзэл сэргэж байна. Урлагт илэрч байгаа тэрхүү эх оронч үзлийн хамгийн том илрэл бол “Үргээлэг 2” кино ажээ.

Кинон дээр нэгэн том зочид буудалд киноны гол баатар байхад нь хоёр цагдаа очиж баривчилна. Энэ үед Оросоос томилогдон ирсэн хоёр эр “гол дүрийг буудах зорилготой” очсон ч, хоёр цагдааг нь газар дээр нь буудчихна. Энэ хооронд гол баатар зугтаж, мэнд гарна. Гэтэл телевизийн мэдээгээр “хоёр цагдааг алсан этгээд нь гол баатар байж болзошгүй” мэтээр мэдээлнэ. Энэ мэдээг үзсэн баатар маань бухимдаж буйгаар кино өрнөнө. Логик утгаараа үзэгчдийн толгойг сэнхрүүлж буй хэлбэр нь энэ юм.

Нөгөө талаар томоохон зочид буудал нь камергүй, бас хоёр гадаад эр том буу бариад орж байхад мэддэггүй, мөрдөгч цагдаа нь ч мэддэггүй нь гадныхан манай нутагт энэ мэт дур зоргоороо аашилж, авирлаад бас манайхан юу ч болоогүй мэт чимээгүй байгаад байна уу гэдгийг энэ хэсэгт өгүүлээд байх шиг.

Зохиолын хувьд ярих юмгүй сайн зохиол гэдэг нь илт. Тэгвэл сайн зохиолыг яаж таниа вэ гэсэн асуулт ургаад ирэх байх. Энгийн, бодит хэрнээ үнэн байж болохгүй юм шиг ч оршоод байгаа зүйлсийг тод гаргаж иржээ, энэ киноны зохиолд. Бараг бүх аймаг, сумдад алтны нөөц илэрч, тухайн орон нутгийнхан болоод явуулынхан алттай газраа ухаж, сэндийчдэг. Бүх нийтээрээ “нинжа” болон ажиллахад, тэр дундаас овгор буюу “атаман” тодорч, бусдыгаа дарамтална. Хүн амьны хэрэг үйлдэгдэнэ. Өнөөх хөнөөгдсөн цогцосоо шороонд дарагдсан болгон орхино, хууль үйлчлэхгүй ийм амьдрал кинонд өрнөсөөр байна. Бодит амьдралын үнэнээс зөрсөн гэж бодогдохооргүй мэт.  

Кинон дээр хууль боловсруулдагаас нь эхлээд баталдаг, хэрэгжүүлдэг хүмүүст хууль үйлчлэхгүй байгааг үйл явдлаар өрнүүлсэн нь бас нэгэн үнэн гэж бодогдов. Тиймээс ч энэ бүх жудаггүй үнэнийг уран бүтээлчид маань эгдүүцэн гаргаж ирсэн бололтой. Гол баатартай холбоотой болсон нэгэн эмэгтэй түүнтэй захиалгаар үерхсэн ч, эцэстээ чин сэтгэлээсээ дурлана. Сүүлд нь гол баатрын дотны найз “баян эр” хятадуудаас алт нууцаар авахын тулд өнөөх эмэгтэйг цааш харуулаад хэвлийг нь алтаад дүүргэсэн байх ба гол баатарт “Тэр чинь хүүхэдтэй байсан юм байна лээ. Чиний хүүхдийг тээсэн хэвлий миний алтыг тээж болно биз дээ” хэмээн өгүүлнэ.

Харгислалын санааг энд зарлан тунхаглав. Амьдралыг баяжуулахдаа зарим хүмүүс киноноос хүмүүжил авдаг нь батлагдаад эхэлсэн. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө нэгэн аймагт хэдэн цэрэг нэгнийгээ цэнэглэсэн буугаар шүршсэн хэрэг гарч байсан. Тэгвэл тэдгээр “шүршигчид” “Тухайн үед их хөөрсөн байсан бөгөөд яг кинон дотор орчихсон юм шиг гоё байгаа биз дээ гээд л шүршээд байсан” гэж мэдүүлэг өгч байсан санагдана. Тэгэхээр харгислалыг харуулсан киногоор бид өсвөр үеэ алуурчин болгон хүмүүжүүлж байна уу даа гэх эмзэглэл төрснөө нуух юун.

Ямар ч байсан “Үргээлэг 2” киноноос үргэх учиртай хүмүүс нь үргэх болов уу, үргэдэггүй юм гэхэд аягүйцэх байгаа гэх бодол тээн үлдлээ.

“Уул ус маань ухагдаж дуусахад харийн нөхөд бидний газар шороонд эзэн суух вий” гэсэн томоохон санааг үзэгчдэд тод томруунаар хэлж өгсөн энэ киног уншигч та зав гаргаад нэг үзчихээрэй. Ур хийцийн хувьд мэргэжлийн жүжигчид, хөгжим, дуу чимээ, зураг авалт гээд захын үзэгч надад тун сайн санагдсаныг шуудхан хэлчихъе.

Энэ киноны тухай илүү дэлгэрэнгүй өгүүлье гэвэл энэ нийгмийг л ярих болно. “Төрийн төлөө оготно боож үхдэггүй гэж худлаа, үхдэг л байхгүй юу” гэж  МУСГЗ Ломбын Нямаа гуайн хэлснийг сануулан “Үргээлэг 2”-оос “үргэж”, төрсөн сэтгэгдлээ өндөрлөе.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Үргээлэг 2” киноноос үргэх учиртай нь үргэх үү..?   
Үзсэн: 10355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-27 18:49
xog
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2016-04-07 11:55
ter neg hiimel sormuus hiitsen huuhen shal hudlaa sormuus ni hudluud ineegeed bgan uhsen hunii durd togloj baij, ene kino uneheer muu kino bolson bnle mash muu nairuulga, bolon ter huuhnii heseg
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2016-04-06 14:05
za bitgii xudlaa shaagaad bai amidraltai l kino xii orosoos ireed l xyn buudaad l bv gej dee gadnixaniig duuriaj salbaganaad yaxav dee alia salbadainuud ...neg l ix tsus nuj bugs xags bolson maanag kinonuudaar maanag bolj baigaa yxeryydee ulam mal bolgox ajilgaagaa zogsoo..yxsen baasandaa omogshix be mal shig yum yzchixeed maltdag mal bna daa
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2016-04-06 10:31
za muu l bolson gj baileeshde aytaihan uym hiichqu de ehnii angiaa doosh ni hiitsn baina gesn
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2016-04-04 17:20
Найруулагч нээх лаг кино хийчлээ гэж боддог бхдаа үргээлгийг ямар кино гэхэв дээ Сүүлийн үед кино театруудаар гараад байгаа кино гэх марзан бичлэгүүдыг хүмүүс үзээд бн гэхээр гайхдагийн Монголчууд оюун ухаан тийм бдгүй болцон юм уу??

Бидэнтэй нэгдээрэй