Шууд Chart

“Харцага”, “Хүлгүүд”-ийн эхний хожил гайхалтай байлаа

2016-04-12 15:11:34

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ тоглолт өчигдөр СТО-д эхэлж, улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Төв Ургац” хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга “Альянс Тех Харцага”-тай учраа таарав.

Аваргууд эхний шатанд “Смарт”-ыг шүүрдсэн бол “Төв Ургац” дүрэм ёсоор амарсан юм. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд “Харцага”-ын Г.Баттөр “Ургац”-ын Д.Мөнхтөр тун сайн хамгаалсан. Гэхдээ “Ургац”-ын гол “мотор” Крис Жонес Гесиаковски хамгаалж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Тэрбээр нэгдүгээр үеийн төгсгөлд сайн тоглож, эхний үед л гэхэд 13 оноо авсан. Улмаар нэгдүгээр үе 25:26-гаар “Харцага”-ын нэг онооны давуутай өндөрлөв. Ийнхүү хоёрдугаар үед “Ургац”-аас Лакуинтин, “Харцага”-аас Б.Одбаяр нар сайн тоглолт үзүүлж, эхний хагас 58:58-аар тэнцсэн. Харин гуравдугаар үед “Харцага” хамгаалалт, довтолгоонд багаараа тун сайн ажиллаж зургаан оноогоор тэргүүлж эхэлсэн бөгөөд Ц.Азбаярын оролцоо үүнд маш чухал нөлөө үзүүлсэн юм.

Тэрбээр гуравдугаар үеийн эхэнд 10 оноо авч, багаа, хөгжөөн дэмжигчдээ сэргээв. Тэргүүлэл авсан “Харцага” тоглолтын төгсгөлийг сайн хийснээр өрсөлдөгчөө 108:100-гаар буулган авч, цувралыг тэргүүлж эхэллээ. Аваргууд цөөхөн довтолгоо чанартай хийж байсан нь тэдний ялалтын үндэс болов. Харин “Төв Ургац” тоглолтын турш нийт 96 довтолгоо хийж, 37-г нь цагаригт унагажээ.

Тус тоглолтод “Харцага”-аас К.Блэйр 19, Э.Дөлгөөн 16, Ц.Азбаяр 15, Б.Одбаяр 14 оноо тус тус авав. Харин “Төв Ургац”-аас К.Жонес 30 оноо, есөн самбар, зургаан бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Ла Куинтен 17, Онвукамуче 16, З.Доржсүрэн 13 оноо тус тус авлаа.

“Ургац” эхний шатыг өнжсөн хэрнээ “Харцага”-ын эсрэг хэрхэн тоглох хувилбар тун багатай гарч ирэв үү гэж харагдсан. Тэд энэ цувралд хожихыг хүсвэл Крис Жонесд багаараа сайн тусалж, Монгол тоглогчид довтолгоонд идэвхтэй оролцох хэрэгтэй. Аваргууд харин энэ хэмнэлээ алдахгүй сэлгээний тоглогчдоо бүрэн ашиглан тоглоод байвал хожих магадлал өндөр байна. Сонирхуулахад, Үндэсний супер лигийн 2015-2016 оны улиралын үнэ цэнэтэй легионер тоглогчоор “Төв Ургац”-ын Крис Жонес тодорч шагналаа гардав.

Хүснэгтийн хоёроор плей-оффт шалгарч эхний шатыг өнжсөн “Сентоза Ирвэсүүд” хагас шигшээд хүчирхэг “Хүлгүүд”-тэй учраа таарсан юм. Тус тоглолтод “Ирвэсүүд”-ийн лидер Т.Санчир оролцсонгүй. Ийм хариуцлагатай үед багийн лидер нь байхгүй байсанд гайхсан үзэгч олон байлаа. Улмаар эхний хоёр үед “Ирвэсүүд” учраа олж чадсангүй. Тэднээс бөмбөгний шилжилт, хамгаалалт, довтолгоонд бие биендээ тусалж байгаа зүйл огт харагдсангүй. Нэг үгээр хэлбэл, “Ирвэсүүд”-ийн тоглолт бүрэн утгаараа уналтад орсон байв.

Энэ боломжийг “Хүлгүүд” төвөггүйхэн ашиглаж, 53:41-ээр эхний хагаст илт илүүрхлээ. Тиймээс зарим үзэгч тоглолтыг орхин гарч байв. Гэхдээ тэд сүүлийн хагасын тулааныг үзэж чадаагүйдээ үнэхээр их харамссан биз ээ. Тоглолт гуравдугаар үеэс тун ширүүн өрсөлдөөний дор өрнөв. Энэ үеийн эхэнд Майк Андерсон гурав дараалан бөмбөг таслан багаа сэргээсэн юм. Мөн Д.Брьювер багийнхаа довтолгоог сайн найруулж байлаа. Андерсон гурвын гадна шидэх гэж зогсохгүй оролт хийж байсан үр дүнгээ дороо өгөв. Тоглолт нь сэргэсэн “Ирвэсүүд”-ийн хамгаалалт ч гайхалтай байж, гуравдугаар үеийн турш эсрэг багтаа 14-хөн оноо алдсанаас харагдах биз ээ.

Тэд довтолгоонд багаараа 33 оноо авсан. Улмаар энэ үеийг 74:67-гоор “Ирвэсүүд” тэргүүлж дуусгасан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр хожлын төлөө хоёр багаа бүх хүчээ дайчилсан бөгөөд эцсийн мөчид “Хүлгүүд” 99:94-өөр өрсөлдөгчөө хожин цувралыг тэргүүлж эхэллээ. Багийн лидер Т.Санчир байхгүй үед ширүүн өрсөлдөөн үзүүлснээс харахад “Ирвэсүүд” “Хүлгүүд”-д хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой. Тэд энэ тоглолтын турш алсын зайнаас тун муу шидэж байсан нь хожигдох шалтгаан болсон юм. Багаараа 31 шидэж, ердөө гурвыг нь цагаригт орууллаа. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Корбин 19, Харрис 18, Б.Билгүүн 17, Н.Золжаргал 12 оноо авав. Харин “Ирвэсүүд”-ээс Андерсон 29 оноо, 13 самбар, Брьювер 19, Э.Дорж-Арилд 18, Э.Цэвэлдорж 12 оноо цуглуулсан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Харцага”, “Хүлгүүд”-ийн эхний хожил гайхалтай байлаа  
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй