Шууд Chart

Шүхрээр салют буулгаж, экскаватороор бөмбөг тоглов

2016-04-18 14:08:13

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд болдог уламжлалт уралдаан “Монгол ур чадвар-2016” Говьсүмбэр аймагт авто машины цахилгаанчин, хүнд машин механизмын оператор төрлөөр болж өндөрлөлөө. Ур чадварын тэмцээнд 15 сургуулийн 160 гаруй багш, суралцагч оролцож, хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан нь хүмүүсийн анхаарлыг их татаж байсан юм.

Гар удирдлагатай экскаватор, ковш, хүнд даацын машин, тулга, тогоо, дүүжин ор, шорлогны зуух, ажлын хувцас, балны гэр гээд олон төрлийн бүтээлийг дэлгэн тавьжээ.  

Энд цугларсан хүмүүсийн олонх нь гар удирдлагатай экскаватор, ковшийн ажиллагааг сонирхоцгоож байсан. Хүмүүс дундуураа нэг ч хүн багтах зайгүй тойрог үүсгэн зогсож, хүүхдүүд гар удирдлагатай жижиг ковшийг барьж үзэх гэж зүтгэнэ. Олны анхаарлыг соронзон мэт татсан эдгээр техникийг “Монгол ур чадвар-2016” уралдааны нээлтэд ашигласан нь олон хүнд таалагдсан төдийгүй бахархах сэтгэл төрүүлж байлаа. Уралдааныг сонирхохоор ирсэн хүмүүс алга нижигнүүлэн ташиж, эдгээр бүтээлийг хийсэн суралцагч, багш нарт баяр хүргэсээр байв. 

Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ ч Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэднээр бахархаж байгаагаа тодотгосон. Тэрбээр “Боловсролтой, мэдлэг, ур чадвартай Монгол хүн эх орны үнэт баялаг. Бид иргэнээ хөгжүүлж, чадавхжуулж байж сая улс орноо хөгжүүлж чадна. Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ ажилтай, орлоготой болгох томоохон зорилтыг дэвшүүлж, “Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр, түүнийг дагалдан хөдөлмөрийн зах зээл дэх хүн амын онцлог бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг дэмжсэн хэд хэдэн зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Монгол хүний мэргэжлийн ур чадвар, үнэлэмжийг дэлхийд үнэлүүлэх. Мэдээж энэ нь чамлахааргүй үр дүн хэдий ч иргэдээ нарийн мэргэжлийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх, сургалтын чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул “Монгол ур чадвар-2016” мэргэжлийн улсын уралдааныг Хүнд машин механизмын оператор, авто машины засварчин, гагнуур, барилгын өрлөг, хавтанцар наагч, сантехник, үсчин, гоо сайхан, цахилгаан, оёдол, мужаан зэрэг 10 төрлөөр зохион байгуулж байна. Өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн 81 Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагаар 19 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргасан. Тэдний 57.4 хувь нь ажилтай, сургуультай болсон” гэлээ.

Сайдын дурдсан арван мэргэжлээс хүнд машин механизмын оператор, авто машины засварчин гэх хоёр төрлийн уралдаан л Говьсүмбэр аймагт болж буй юм. Хөдөлмөрийн сайд тэмцээний ач холбогдлын тухай ярихдаа суралцагчдын ур чадвар ямар хэмжээнд байна, мөн сургуулиуд хоорондоо дадлага, туршлагаа солилцох, ажил олгогч эзэд болоод мэргэжлийн байгууллагууд холбоо харилцаа тогтоох гээд давуу тал ихтэйг онцолж байлаа. Уралдааны нээлтийн арга хэмжээг тун өвөрмөцөөр сэтгэснийг ч бас тодотгож байсан юм.  

Уул уурхайд ашигладаг аварга том техникээр нарийн чимхлүүр үйлдлүүдийг төвөггүйхэн хийж, ур чадвараа гайхуулах суралцагчдыг хараад тэднээр бахархахгүй байхын аргагүй санагдсан. Суралцагчид ковшны хутгуураар нэг ширхэг шүдэнзийг хайрцаг руу нь буцаан хийх,  экскаваторын шанаганы шүдэнд байрлуулсан харандаагаар нөтбүк  асаах, шон дээр байрлуулсан сагсан бөмбөгийг экскаваторын шанагаар хутган зөөх, пуужин хөөргөх, түүнийгээ шүхрээр буулгах, бөмбөг цохих /хөл бөмбөгийн торгуулийн цохилт/  үзүүлбэрт ч экскаватор ашиглах аж. Жаахан л алдаа гаргавал эд, юмс сүйтгэж мэдэх энэ үзүүлбэрийг МСҮТ-ийн суралцагчид огтхон ч түүртсэн шинжгүй сурмаг гэгч нь гүйцэтгэж байлаа.

   

Оролцогчоос торгон мэдрэмж, нарийн ур чадвар шаардсан эдгээр үзүүлбэрийн заримыг охид гүйцэтгэхийг хараад хүмүүс гайхаж байсан.

Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн Хүнд машин механизмын операторын нэг жилийн оюутан Т.Сайхан-Учралын үзүүлбэр олон хүнд таалагдсан.

Тэрбээр биедээ ахадсан гэмээр том техник хөдөлгөж, хөл бөмбөгөөр яривал торгуулийн цохилт гүйцэтгэн, ухаж бэлтгэсэн нүхэнд бөмбөг оруулав.

Түүнээс яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болсон тухайг нь асуухад “Хүнд машин механизмын оператор гэхээр хүмүүс дандаа эрэгтэй хүн байдаг гэж ойлгодог. Гэвч охид энэ мэргэжлийг сонгох нь нэмэгдсэн. Манай анги 23 хүүхэдтэй. Надтай нийлээд гурван охин энэ мэргэжлээр суралцаж байна” гэсэн юм.

Т.Сайхан-Учрал Эрдэнэт хотоос Говьсүмбэр аймагт ирж суралцаж буй юм билээ.

“Монгол ур чадвар-2016” уралдааны дүн гарахад Авто машины цахилгааны ур чадварын тэмцээнд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн суралцагч А.Тэргэл түрүүлж, Говьсүмбэр политехник коллежийн суралцагч Э.Билгүүн, Б.Готов нар хоёр, гуравдугаар байрыг эзэллээ. Харин Дугуйт ачигчийн операторын ур чадварын тэмцээнд Говьсүмбэр политехник коллежийн суралцагч Х.Мөнхнаст түрүүлж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн суралцагч н.Отгонбаяр хоёрдугаар байр, Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн суралцагч Э.Бямбажаргал гуравдугаар байрт оров. Экскаваторын операторын ур чадварын тэмцээнд Говьсүмбэр политехник коллежийн суралцагч н.Буяннэмэх түрүүлсэн бол “Mine Teech” МСҮТ-ийн суралцагч Буяннэмэх хоёрдугаар байр, Налайх дүүргийн МСҮТ-ийн суралцагч н.Төрбат гуравдугаар байрыг тус тус эзэлсэн юм.

Шүүгчид тэмцээнийг маш их өрсөлдөөнтэй болсныг тодотгож хэлсэн. Учир нь оноогоор тэнцсэн хүүхэд олон байсан аж. Тэр дундаа авбал зохих дээд оноо буюу 40 оноотой тэнцсэн суралцагч цөөнгүй байжээ. Тиймээс даалгавар гүйцэтгэсэн үеийн хугацаагаар буюу секунд, дойлын зөрүүгээр ялагчдыг тодруулсан гэлээ.            

Бид үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж, ур чадварын уралдаанд оролцсон зарим багш, суралцагчтай уулзаж, ярилцлаа.    

Шатар хийлгэх захиалга их ирдэг

Налайх хотын МСҮТ-ийн токорын багш Д.Туулаас дараах асуултад хариулт авсан юм.

-Та хэдэн жил токорын багшаар ажиллаж байна вэ?

-Энэ мэргэжлээрээ 31 жил ажиллаж байна. 15 ангийн 500 гаруй хүүхдийг энэ мэргэжлээр төгсгөсөн. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд Улаанбаатар хотын ТЭЦ3, ТЭЦ4, Тосон цагаан ХХК, Резин эдлэл, Багануур компанид мэргэжлийн токорчноор ажиллаж байна. Ер нь манай МСҮТ эдгээр компанитай хамтарч ажилладаг. Ажлын байран дээр ч сургалт, ур чадварын тэмцээнийг байнга зохион байгуулдаг.

-Токорын талаар анхны мэдэгдэхүүнгүй хүнд эхнээс нь зааж, сургах хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Ямар ч мэдэгдэхүүнгүй хүүхдүүд ирдэг ч удахгүй мэргэжилдээ дурлан сайн суралцаж эхэлдэг. Манайх ОХУ-д үйлдвэрлэсэн механик ажиллагаатай 1960, 1970-аад оны токорын машинд боловсруулалтаа хийдэг. Хүүхдүүд маань хуванцар болон төмрөөр шатар, даам, цом, аяга, нууц цоож хүртэл хийгээд байна.  

-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлээс зарж, борлуулдаг уу?

-Борлуулдаг. Бидэнд захиалга маш их ирдэг. Хүмүүс шатар их захиалж хийлгэдэг. Сүүлийн үед үзэг захиалж хийлгэх нь ихэссэн. Манайхан гуулиар үзэг, балны гэр зорж байна. Манай багш нар хүртэл дотроосоо балны гэр захиалж хийлгэх нь ихэссэн.

-Олсон орлогоо суралцагчид өөрсдөө авдаг уу?  

-Сургуулийн дансанд ордог. Тэр мөнгөөр бид материалаа авдаг юм.

Дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулна

Хэнтий аймгийн МСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатартай уулзлаа.   

-Та хэдэн шавиа энэ уралдаанд оролцуулав?    

-Манай сургууль 1969 онд байгуулагдсан. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тэмцээнийг дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэй ур чадвартан бэлтгэх эхлэл гэж ойлгож байна. “Монгол ур чадвар-2016” уралдаанд манай сургуулиас авто машины засварчны цахилгаанчин мэргэжлээр нэг суралцагч оролцсон. Уралдаанд хоёрдугаар ангийн хүүхэд оролцож байгаа ч би нэгдүгээр ангийн хүүхэд авч ирсэн. Дараа жилийн тэмцээнд бэлтгэж, чадваржуулж байгаа юм. Цаашид ч Монголд төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулна.

-Говьсүмбэр аймгийн МСҮТ-ийн дадлагын газрыг үзэж сонирхов уу?

-Жишиг болсон гоё сургууль байна. Дадлага хийх техник технологи ч сайтай юм. Энэ сургуулиас туршлага судлах зүйл бидэнд их байна шүү.

-Танай сургууль ямар бүтээлээр үзэсгэлэнд оролцож байна вэ?      

-Бид Хэнтий аймагтаа ажлын хөдөлмөр хамгааллын хувцасны брендтэй болох зорилт тавьсан. Мөн манай аймгийн төв Чингис хот болсон. Ингэснээрээ аялал жуулчлалын томоохон бүс нутаг болж байгаа юм. Үүнээс үүдэлтэйгээр бид бэлэг дурсгал, гар урлалын чиглэлийг түлхүү хөгжүүлэхээр ажиллаж байна.  

Шавь нараараа бахархаж байна

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ  

-"Мэргэжлийн боловсролын байгууллагуудын ур чадварын уралдаанд манай сургууль амжилттай оролцож “Шилдэг сургууль”-иар тодорлоо. Автын цахилгааны төрлөөр тэмцээнд оролцсон суралцагч алтан медаль, хүнд машин механизмын төрлөөр өрсөлдсөн суралцагч маань дэд байрын шагнал хүртлээ. Өнгөрсөн жил Браизилд болсон ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш хүүхдүүд мэргэжилдээ онцгой байх, эзэн байх, мэргэжлээ хөгжүүлэх тал дээр анхаарч байна.

Сургуулиуд ч мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр чадлынхаа хэрээр хичээж байгаа. Хүүхдүүд жигд сайжирч мэргэжлийн ур чадвар нь ахисан харагдаж байна. Пуужинтай болон шүдэнз хайрцганд нь буцааж хийх үзүүлбэрийг манай хүүхдүүд үзүүллээ. Схемийг нь цээжилчихсэн тул манай хүүхэд схем харалгүй шууд гүйцэтгэсэн. Шүүгчид шавийг маань “Танай дартс шиддэг хүүхэд” гэж нэрлэж байх жишээтэй. Том техникээр өчүүхэн цэгийг даарахыг ур чадвар гэхээс өөр юу гэх вэ дээ. Шавь нараараа бахархаж байна" гэлээ.    

“Монгол ур чадвар-2016” уралдаанд Дугуйт ачигчийн операторын ур чадварын тэмцээнд түрүүлсэн Говьсүмбэр политехник коллежийн суралцагч Х.Мөнхнаст, Авто машины цахилгааны ур чадварын тэмцээнд дэд байр эзэлсэн Говьсүмбэр политехник коллежийн суралцагч Э.Билгүүн нартай уулзлаа.

Тэд “Өөрийгөө бэлдээд дайчлах юм бол хүн ямар ч юмыг хийж чаддаг. Хамгийн чухал нь хүүхдүүд техниктэйгээ харьцаад дадлага хийх хэрэгтэй” гэж үеийнхэндээ зөвлөв.

“Монгол ур чадвар-2016”-д оролцохоор 1000 гаруй км-ийн цаанаас зорьж ирсэн баг бол Говь-Алтай аймгийн МСҮТ-ийнхөн.

Багш Х.Цолмонбаатар нь “Сэтгэгдэл их өндөр байна. Хоёр шавь маань чадвартай, даалгавраа сайн гүйцэтгэсэн. Зохион байгуулалт ч  сайтай, шударга тэмцээн болж өндөрлөлөө. Манай сургууль баруун бүсдээ олон мэргэжлээр элсэлт авдаг томоохон МСҮТ. 1967 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Одоогоор 20 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Нэг жилийн, 2.5 жилийн, мөн богино хугацааны сургалт гэсэн төрлөөр сургалт явуулдаг” гэсэн. Түүний шавь Э.Бямбажаргал Дугуйт ачигчийн операторын ур чадварын тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлж, ганзага дүүрэн нутаг буцах болсондоо баяртай байгаагаа бидэнд дуулгасан.  

Говьсүмбэр политехник коллежид өдгөө Улаанбаатар хот, 21 аймгаас 700 гаруй суралцагч ирж суралцаж байна. Мэргэжлийн боловсролын 10, политехникийн 10 мэргэжлээр сургалт явуулдаг тухай Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн захирал С.Ууганбаатар онцолж байлаа.

Монголын мэргэжлийн боловсролыг олон улсад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улс хоёр жилийн өмнө Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн байдаг. “Монгол ур чадвар-2016” уралдаанд түрүүлсэн суралцагчид ирэх 2017 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотноо болох Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох юм.











































Нийтэлсэн: Ж.Тагтаа

Шүхрээр салют буулгаж, экскаватороор бөмбөг тоглов   
Үзсэн: 10077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-04 13:06
ene yah argagui demjih zuil baigaam
Зочин [202.70.34.xxx] 2017-04-30 17:54
Mundag yum be
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-19 08:44
saihan temtseen bolson shuu. shudarga bolson
158.69.8.xxx [158.69.8.xxx] 2016-04-18 18:17
Тагтаа би бас токорын багш.

Бидэнтэй нэгдээрэй