
“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн “The first “Last-Chance” олон улсын тэмцээн "Буянт-Ухаа" спорт цогцолборт энэ сарын 22-24-нд болно. Монгол Улсад анх удаа болох гэж буйгаараа онцлог ус тэмцээнд сонгомол, чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт эрэгтэйчүүдэд гурав, эмэгтэйчүүдэд хоёр, нийт 48 эрх олгоно. Тус тэмцээний хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Хурлын төгсгөлд Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхөөс цөөн асуултад хариулт авлаа.
-Олимпийн эрх олгох тэмцээн Монгол Улсад маргааш эхлэх гэж байна. Энэ эрхийг хэрхэн авсан бэ?
-Хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд санал тавихад дуртайяа хүлээж авсан. Олимпийн эрх олгох тэмцээн зохион байгуулах гэж буйдаа баяртай байна.
-Энэ тэмцээнд дэлхийн шилдгүүдээс хэн, хэн оролцох вэ?
-Лондоны олимпийн алтан медальт, дэлхийн зургаан удаагийн аварга Хамир Сориан, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ю.Раткевич, дэлхийн аварга АНУ-ын Х.Марелиус, Унгарын Мариан Шастин, БНХАУ-ын Лан Жан, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын Екатриан Букина, Европын таван удаагийн аварга ОХУ-ын Наталья Гольц тэргүүтэй олон шилдэг тамирчин манай улсад ирээд байна.
-Тэмцээнд оролцох гадаадын тамирчин бүгд ирсэн үү?
-Тэмцээн эхлэхэд ганцхан өдөр үлдээд байна. Өнөөдөр техникийн зөвлөгөөн, эмчийн үзлэг, жингийн үзлэг болох ч одоогоор зарим орны тамирчид ирж амжаагүй байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас зарим нислэг цуцлагдсан нь бага зэрэг хүндрэл учруулж байна. Цаашид насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохиохоор зорьж байгаа. Энэ тэмцээн бүх жинд өрсөлдөөнтэй болох нь мэдээж. Тэмцээний зохион байгуулалтад Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны удирдлагууд бүх талаар дэмжиж, санал бодлоо солилцож байгаа.
-Манай улсаас эрхээ аваагүй байгаа жин болох эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Намуунцэцэг, 75 кг-д О.Бурмаа нар оролцох сураг дуулдсан. Энэ үнэн үү?
-Энэ бол албан ёсны мэдээлэл биш. 97 кг-д Э.Хударбулга оролцох нь тодорхой болсон. Харин эмэгтэйчүүдийн ангиллын хоёр жинд хэн оролцох нь тамирчдын мэдүүлгээс удахгүй шийдэгдэнэ.
-Олимпийн эрх авсан манай тамирчдаас допинг илэрсэн гэх асуудал цахим ертөнцөөр хүчтэй тарж байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Энэ талаар Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс ямар ч мэдэгдэл ирээгүй. Энэ тэмцээний дараа тодорхой мэдээлэл өгнө.
О.Баянмөнх: Маргааш болох тэмцээний дараа допингтой холбоотой асуудлыг хөндөнө | ||
Үзсэн: 2004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.