Шууд Chart

1072 шөнийн зүүд

2016-05-11 09:22:04

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаатай "баян” хүн бидний дунд олон. Тэдний олонх нь энэ хувьцааны талаар чих тавьж суудаг нь ч нууц биш. Хэрэв боломж нь байдаг бол зараад хэдэн төгрөг болгочих их хүсэл ч мөн тэдэнд бий. Сүүлийн үед хүмүүсийн яг ийм хүсэл дээр дөрөөлөн нэг явуургүй “ажил” өрнөлөө. Тэр нь 1072 ширхэг хувьцаагаа зарж, баяжих юм. Баяжих ч гэж дээ, энэ бүхэн нэг талаас 1072 ширхэг хувьцааг худалдаж болно гэсэн хоосон үг, нөгөө талаас хувьцаагаа мөнгө л болгож байвал хэдээр, хэнд ч хамаагүй өгье гэсэн хүслээс үүдэлтэй мандсан хэрэг. Сар гаруйн өмнөөс эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг зарж, борлуулж болно гэсэн ташаа мэдээлэл хуй салхи мэт хурдан түгж, хот, хөдөөгүй хүн бүр “Хувьцаагаа мөнгө болгох”-оор яарч байна. Хэн нэгний зохиосон жүжигт дүр бүтээгээд эхэлчихсэнээ өнөө ч зарим нь ойлгоогүй л явна. Урт цагааны гудамжинд, Монгол-Тайванийн төвд, одоо бүр болиод “Эмээлт” орчимд хувьцаагаа зарахыг хүссэн хүн олон цугларчээ. Нэг хэсэг нь ажлаасаа чөлөө авч, зарим нь нойр, хоолоо хугаслан шөнийн 03 цагийн үед ч хувьцааг нь худалдан авахаар ирэх нууц ноёнтонг хүлээн зогссоор байна. Хятадууд хувьцаа худалдан авч байгаа гэх яриа ч гарсан.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэд ихээр цугларч байгаа гэх. Энэ дагуу шалгаж үзэхэд өнөөдрийг хүртэл нэг ч хүн хувьцаагаа зарсан тохиолдол байхгүй гэнэ. Хувьцаа худалдан авсан хүн ч бас байхгүй аж. Тэгвэл энэ худал мэдээлэл хаанаас эхлэлтэй вэ гэсэн асуулт урган гарч ирнэ.   

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Монгол-Тайванийн төвд үйл ажиллагаа явуулж байсан зөвшөөрөлгүй брокерийн компани иргэдийн хувьцааг бүртгэхдээ ташаа мэдээлэл тараасан. Хувьцаагаа хурдан бүртгүүлвэл худалдах эрх нь нээгдэнэ гэж буруу сурталчилгаа явуулснаас иргэд олноороо цугларах болсон” гэлээ.

Тус газраас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгалт хийж, тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Хувьцаатай холбоотой энэ асуудал зөвхөн Улаанбаатар хотод ч үүсээгүй. Нэр бүхий хэд хэдэн аймаг, суманд хувьцаагаа худалдаж болно гэсэн ташаа мэдээлэл хүрсэн талаар албаны хүн ярьж байна. Иргэдийг санаатайгаар төөрөгдүүлсэн энэ мэдээллийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Харин Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц “Брокерийн компанийн үйл ажиллагаанаас гадна “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төв” гэдэг ТББ бий. Энэ ТББ-ын тэргүүн Э.Алтаншагай гэдэг хүн сүүлийн үед Тавантолгойн хувьцааны талаар мэдээлэл их тараасан. Бид мэдээлэлд нь байнга хяналт тавьж байсан. Энэ хүн иргэдээс 1072 хувьцаагаа яах хүсэлтэй байгаа  талаар тусгай маягт бүхий өргөдөл бичүүлж аваад УИХ-д хүргүүлсэн. 800 орчим иргэний өргөдөл өгсөн. Тэдний дийлэнх нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаагаа бичсэн байсан” гэлээ.

Тэрбээр ч 1072 хувьцаа худалдана гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг баталж байна.  

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос энэ тухай мэдэгдэл гаргаад байгаа юм. Мэдэгдэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа бөгөөд хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээс гадна, компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханш, компанийн засаглал, удирдлагын зохистой байдал болон хөрөнгө оруулагчдын хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг учраас ихээхэн бэлтгэл ажил, цаг хугацаа шаарддаг, мэргэжлийн цогц үйл ажиллагаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК нь эдгээр бэлтгэл ажлыг хангахаар холбогдох ажлуудыг эхлүүлээд байна. Гэтэл сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг яаралтай нээлгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх нь баталгаажих, ингэснээр мөнгө болох мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тарааж, түүгээр далимдуулан үнэт цаасны данс нээж буй талаар иргэдээс Хороонд хандан мэдээлэл ирүүлэх боллоо. Үнэт цаасны арилжаанд оролцох, хувьцаа худалдах болон худалдаж авах зорилгоор Хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэт цаасны компаниар дамжуулан үнэт цаасны дансыг нээлгэх эрх нь иргэдэд нээлттэй боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотойгоор нэн даруй данс нээлгэх шаардлагагүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Үнэт цаасны хувьцааг арилжаалж мөнгө болгохын тулд брокерийн компанид данс нээлгэж, арилжааны захиалга өгнө. Хөрөнгийн бирж хувьцааг нь арилжиж байж мөнгө болох ёстой. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа Хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороон дээр бүртгэлгүй байгаа. Өөрөөр хэлбэл, арилжаанд ороогүй хувьцаа гэсэн үг юм.

Түүнчлэн иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын 2.3-т Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг түүний хоёр дахь зах зээл нээгдэх хүртэл бусдад худалдах, шилжүүлэхгүй байхыг заасан байдаг. Тэгэхээр хувьцаа худалдан авч байгаа гэдэг худал мэдээлэл болох нь тодорхой байна.  

Амьд үлдэхийн тулд 1001 шөнө үлгэр ярьдаг Шахразада бүсгүй шиг эдийн засаг ярвигтай байгаа энэ үед 1072 хувьцааг эргэлтэд оруулна гэж хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож буйн  цаад учир юу байж болох вэ. Бодоод нэг үзээрэй. Сонгууль хаяанд ирсэн энэ үед 1072 хувьцааг ч болов сонгогчдын өдрийн бодол, шөнийн зүүд болгон ашиглах хүсэл хэн нэгэнд байж болох л юм.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

1072 шөнийн зүүд   
Үзсэн: 3620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй