Шууд Chart

“Тэрэг түрдэг залуу”-гийн хариу нэхээгүй тус

2016-05-23 15:17:11

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо буюу Хужирбулангийн явган хүний зам дагуух хогийг нэгэн залуу нэлээн хэдэн жил өвөл, зун гэлтгүй цэвэрлэж байгаа сураг дууллаа. Бид энэ залууг олж, уулзахаар Хужирбуланг зорив.

Сүүлийн үед хүмүүс СӨХ, ТҮК зэрэг байгууллагын ажилчдыг “Ажлаа муу хийдэг хэрнээ оршин суугчдаас мөнгө авахдаа сайн” гэж шүүмжлэх нь ихэссэн. Гэтэл бидний хайж яваа энэ залуу нэг ч төгрөг авалгүй хог цэвэрлэдэг нь эрхгүй анхаарал татсан юм.  

Бид явсаар Хужирбуланд байрлах цагдаагийн постын хажууд зогсож, ажиллаж байсан цагдаагаас нь хог цэвэрлэдэг залуу өнөөдөр энүүгээр ирсэн эсэхийг нь лавлалаа. Тэрбээр  “Би энд ажиллаад гурван жил хэртэй болж байна. Намайг ирэхэд л энэ хавийн хогийг цэвэрлэдэг байсан. Оршин суугчид ч түүнийг сүрхий таньдаг юм билээ. Хамаатан садан, гэр бүлтэй эсэхийг нь би мэдэхгүй. Ямартай ч зарим хүн тэр залууд хоол, боорцог, ундаа, ус өгч байгаа харагддаг” гэлээ. Ойролцоох дэлгүүрийн худалдагчаас асуухад ямар шалтгаанаар хайж байгааг лавласнаа “Тус болох гэж байгаа бол ашгүй дээ. Хэр баргийн цэвэрлэгчээс илүү ажилладаг шүү. Та ирж байхдаа явган хүний замыг анзаарсан бол чихрийн цаас битгий хэл тамхины иш ч байхгүй байгаа биз дээ. Түүнийг хүмүүс “Тэрэг түрдэг залуу” гэж л нэрлэдэг болохоос жинхэнэ нэрийг нь мэддэггүй. Өнөөдөр энэ хавиар харагдсангүй. Удахгүй ирэх байх аа. Та нар замаа өгсөөд явбал таарч магадгүй. Ёстой л хорхойд хоргүй амьтан даа” гэв.  

Ингээд бид замаа улам ахиулангаа тааралдсан хүмүүсээс асууж зогсох үед эрэл хайгуул болоод байсан өнөө эр маань төмөр тэргэн дээрээ шуудайтай хог ачаад хашааны булан тойроод гараад ирэв. Хүмүүс түүнийг бидэнд зааж өгчихөөд алсаас “Яг яах гэж байгаа юм бол” гэсэн байртай харж байлаа.  

Бид түүнтэй ярилцах гэсэн боловч “Мэдэхгүй” гэсэн хариулт өгч, эсвэл тэс өөр юм яриад яагаад ч ойлголцохгүйгээ илтгэсэн болохоор дахин нэг дэлгүүрт орж, гэрийг нь лавлаж Баянзүрх дүүргийн 28 дүгээр хороо, дөрөвдүгээр хэсэг 103 тоотод оршин суудгийг нь мэдэв.    

Хашааных нь үүдээр шагайхад уяатай саарал нохой гинжээ хажигнуулан хуцаж угтлаа. Хашаа нь яг л хогийн цэг шиг харагдана. Гэрийнх нь үүдийг тогштол нэгэн жаахан охин гарч ирлээ. Түүнээс том хүн байгаа эсэхийг лавлатал “Өвөө хот руу явсан” гэв.

Тэр охиныг Г.Анударь гэдэг. Гацууртын 85 дугаар бүрэн дунд сургуульд сурдаг аж. Бидний хайж ирсэн ажилсаг залууг Х.Ганбаяр гэдгийг охины ярианаас мэдэж авав. Охин “Энд өвөө, Ганбаяр ах бид гурав амьдардаг. Би энэ ахын төрсөн дүүгийн хүүхэд. Манайх Чулуун-Овоонд байдаг ч өвөө намайг “Х.Ганбаяр ахдаа хань болж, хоол, цайг нь хийж өгч, ойр зуурын ажилд нь тусла” гээд авч ирсэн. Ах маань хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Том дүү нь “MCS Кока-кола” компанид ажилладаг. Эмэгтэй дүү нь БНСУ-д ажилладаг. Отгон дүү нь манай аав. Аав одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа” гэлээ.  

Г.Анударь “Манай хөрш айлын эмээ бидний хувцсыг угааж, зарим зүйлд зөвлөдөг. Тиймээс би түүнийг өөрийн төрсөн эмээ шигээ боддог. Ах маань их зөрүүд. Нэг зөрүүдлэх юм бол яасан ч үгэнд орохгүй. Мөн амттанд их дуртай. Аав болон ах, эгч нар түүнд чихэр, жимс авч ирэхээр өвөө бид хоёроос нууж байгаад иддэг. Заримдаа нуусан газраа мартаад муутгачихсан байдаг. Ер нь гурван настай хүүхэд шиг байдаг. Өнгөрсөн өвөл өвөө Ганбаяр ахыг дагуулаад эмнэлэгт үзүүлчихээд буцаж явахдаа төөрөлдчихсөн гэсэн. Маргааш болтол нь хайгаад олохгүй байсан чинь Чулуун-Овоонд явж байхыг нь бэр эгч олж, өвөөг дуудаж авч ирүүлсэн. Тэгж явахдаа гарынхаа чигчий хурууг хөлдөөсөн тул тайруулсан” гэж ярилаа.

Түүнээс өвөөг нь хаана байгааг асуухад “Цайз” захад ачаа ачдаг гэсэн юм. Г.Анударь бидэнтэй өвөөгөө уулзуулахыг зөвшөөрснөөр бид хамт “Цайз” захад очлоо.

Х.Ганбаярын аавыг Б.Халтар гэдэг юм байна. Тэднийх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын гаралтай ч нэлээн дээхэн Хэнтий аймагт суурьшсан гэсэн. Харин 2004 онд хот руу шилжин иржээ. Аав нь хүүгийнхээ тухай “Хүү маань 1977 оны дөрөвдүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн төвд мэндэлсэн. Ой гарантай байхдаа менингит туссаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Ууган хүүгээ ийм өвчтэй болоход хөөрхий эх бид хоёр нь эмнэлэгээр нэлээн гүйсэн ч тусыг эс олж, өдгөө энэ өвчинтэй нь эвлэрсэн. Нугаснаас нь ус аваад ч нэмэр болоогүй. Хүүхдүүдтэй нийлвэл арай өөр байх болов уу гэсэндээ тусгай сургуульд оруулсан ч хэвээр байсан болохоор жил орчим явуулаад гаргасан. 2007 онд ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр тэжээгчээ алдсан тэтгэмж авдаг болсон. Гэхдээ би өөрийнхөө нэрээр бүртгүүлж, бичиг баримтыг нь авч очиж сар бүрийнх нь тэтгэмжийг нь авдаг. Өмнө нь группийн мөнгө авдаг байсан ч тэжээгчээ алдсаны тэтгэмж нь арай их болохоор би үүнийг нь сонгосон” гэв.

Хүүд тань аль нэг байгууллагаас тусламж ирдэг үү гэхэд “Тийм зүйл байхгүй ээ. Саахалт айлын хүмүүс л хааяа бага сага идэх юм өгдөг бололтой. Би байнга хамт байхгүй болохоор юу хийж явдгийг нь мэдэхгүй юм аа. Уг нь би гуйлга гуйж байгаа юм шиг явуулахыг хүсдэггүй ч миний үгэнд даанч орохгүй юм л даа. Зөрүүд гэдэг нь жигтэйхэн” гэлээ.

Б.Халтар гуай хүүгээ “Хог битгий түү” гэж үргэлж хэлдэг ч үгэнд нь ордоггүй гэсэн. Х.Ганбаяр түүсэн хогоо хашаандаа авч ирээд асгадаг аж. Тэгэхээр аав нь нэгэнт үгэнд орохгүй байгаа хүүгийнхээ ажлыг хүссэн хүсээгүй хийж, хэрэггүй гэснийг нь машиндаа ачаад хогийн цэг дээр асгадаг бол ундааны сав, архины шилийг нь тусад нь ялгаж байгаад тушаадаг гэлээ.  

Тэрбээр цааш өгүүлэхдээ “Х.Ганбаярын хийгээд байгаа энэ ажил ер нь зарим оршин суугчдад л таатай санагддаг байх. Түүнээс биш хэн нэгэн түүнийг үнэлэхгүй болохоор ямар ч үр дүнгүй ажил хийж байна даа гэж харамсдаг. Бусад хүмүүс бол цэвэр замаар алхаад сайхан л байдаг шиг байгаа юм” гэлээ.

Тэднийхийг Хэнтий аймгаас шилжиж ирэхдээ хаана суурьшсаныг асуухад Баянзүрх дүүрэг, Чулуун-Овоонд хашаа авсан. Тэр үед хөдөөнөөс дөнгөж ирээд байсан бид суурин газартай арга эвээ олж чадахгүй байсан болохоор гэрээ бүлээцүүлэхийн тулд би Х.Ганбаярыг дагуулаад зам дагуу хаягдсан кордонон цаас, мод түүж харьдаг байлаа. Тухайн үед хүү маань миний үгээр туслаж байсан бол дараа нь өөрөө гэрээсээ оргож, ямар ч хамаагүй хог түүж, цэвэрлэдэг болсон. Нарантуул, Чулуун-Овоо хоёрын хоорондох явган хүний замыг жигтэйхэн сайхан цэвэрлэдэг байсан. Харин одоо хогондоо дарагдчихсан байна билээ. 2007 онд ээж нь нас барахад манайх Хужирбулан руу нүүсэн. Гэвч тэр мөн л тэнд өнөө ажлаа хийж, зам дагуух хогийг цэвэрлэдэг болсон. Үндсэндээ 2004 оноос хойш Нарантуул, Чулуун-Овоо, Хужирбулангийн явган хүний хогийг цэвэрлэж байна. Би түүнийг дагуулж, гал асаах түлээ түүгээгүй бол өнөөдөр гэртээ зүгээр сууж байх байсан байх. Нөгөө талаар бусдад буян болж чадахгүй байлаа” гэж хуучиллаа. 

Түүний хурааж, цуглуулсан хог хашаагаар нь нэг хийсч байсан ч тэр маргааш дахиад л хог цэвэрлэхээр явах болно. Зарим хүний амьдрах орчинд цэвэр цэмцгэр байдал бий болгож байгаа түүнийг магтахаас биш муулах хүн энэ хавьд нэг ч байсангүй. Тэрэг түрдэг залуугийн хариу нэхээгүй тус олон хүнд буян болсон нь лавтай. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй энэ залууд урам хайрлаж, ядаж л цэвэрхэн, дулаан хувцас өгчих байгууллага, хүн олдоно гэдэгт найдъя. "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг дээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тэрэг түрдэг залуу”-гийн хариу нэхээгүй тус   
Үзсэн: 4284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.112.xxx] 2016-06-06 19:30
ЗӨВ ШҮҮ
Зочин [103.229.122.xxx] 2016-06-01 18:17
Bat uule tsalingiin ogoochee aav huu hoert hoggui Ulaanbaatariig iim humuus bi bolono shuu
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-23 15:52
Saihan setgeltei hun yum daa hoorhii

Бидэнтэй нэгдээрэй