Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-06-11 09:43:20

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон уншигч танд хүргэе.


1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж болно

Пүрэв гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Ингэснээр Засгийн газар 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах аж. Гэхдээ иргэд хувьцаагаа заавал худалдах албагүй юм. Өөрсдөө хүсвэл 30 хувиа Засгийн газарт зарж болно. Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд хэллээ.


Японоос оруулж ирэх 0-3 жилийн насжилттай машины гаалийн тарифыг тэглэв

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр манай улс 97 бүлгийн 5700 орчим, Япон улс 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг тэглэх буюу буурууллаа. Тус хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар “0” болно.  Харин “В” (B3, B5, B7, B10-В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болох юм. “Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифыг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  уншина уу.


Төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн цагийн хуваарийг баталлаа

Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн цагийн хуваарийг баталлаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншаарай.


“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Өнгөрсөн сард Засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөр, тус хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан.  Хөтөлбөрийн нээлт энэ долоо хоногт Чингисийн талбайд боллоо. Хөтөлбөрт нэг өрх айл дангаараа хамрагдаж болно, мөн хөршийнхтэйгээ, эсвэл гудамжаараа хамтарч болох аж. Олон айл хамтрах тохиолдолд техникийн болон бусад шийдэл, санхүүжилтийн боломж илүү нэмэгдэнэ гэлээ. “Сайн хашаа” хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Нэрээ сонгогчдын жагсаалтад орсон эсэхийг шалгаарай

Энэ сарын 29-нд УИХ-ын гишүүн болон аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Сонгууль өгөх өдрөөс өмнө иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрсдийнх нь мэдээлэл байгаа эсэхийг шалгах боломжтой. Тодруулбал, иргэд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын http://burtgel.mn/ сайтад нэвтрэн мэдээллээ шалгаж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.


Зуслангийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээвэр үйлчилж байна

Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж байна. Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчлэх юм байна.


Цаг агаарын мэдээ

Уншигч танд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Энэ сарын 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.


Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй