Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

2016-06-18 08:12:22

Уншигч танд улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 


Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөө гадаад паспорт авдаг боллоо

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг баасан гарагаас нэвтрүүлж эхэллээ.

Гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй аж. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Амаржих газруудын хүчин чадлыг нэмэгдүүлжээ

Нийслэлийн хэмжээнд эхчүүд, нярай хүүхдүүдэд үйлчлэх амаржих газрын хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 мянган эх төрж, 10 мянган эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна.

Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөн 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппаратаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж, хүчин чадал нь гурав дахин нэмэгджээ. Ачаалал ихтэй үед орны тоогоо 100-гаар нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгийг өргөтгөснөөр 150 ортой болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг нь нярайд зориулан тохижуулжээ.


Зуслангийн чиглэлд өдөр бүр автобус үйлчилж байна

Нийслэлийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 11-нээс явуулж эхэлсэн. Энэ жил зуслан руу ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн  хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн  хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж байна.   

Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилж буй аж. Зуслан руу явах автобусууд өглөөний 06:45 цагаас эхлэн орой 22:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС хараарай.


Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд энэ сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрчээ. Тиймээс иргэдэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Цаг агаарын мэдээ

Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна  
Үзсэн: 2076 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй