
Засгийн газрын тогтоолын дагуу энэ жил ихэнх аймаг улсын баяр наадмын дараа наадаж буй. Одоогийн байдлаар дараах аймаг баяр наадмаа тэмдэглэж, шинэ цолтон, хурдан хүлгүүд, цэц мэргэдээ тодруулаад байна. Энэ удаа аль аймагт хэн гэдэг хүчтэн түрүүлж, үзүүрлэснийг сонирхуулъя.
Дундговь
Дундговь аймгийн 75 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн цол олгох барилдаан долдугаар сарын 15-нд болсон. Хүчит 256 бөхөөс Өндөршил сумын харьяат, тойргийн арслан Х.Батбаяр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Эрдэнэдалай сумын харьяат, сумын заан Б.Баярмөнх үзүүрлэн заан цол, Адаацаг сумын харьяат Э.Ариунбуян шөвгөрч, харцага цол хүртжээ.
Сэлэнгэ
Сэлэнгэ аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болов. 256 бөхөөс Баруунбүрэн сумын харьяат, цэргийн заан Э.Тулга түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Орхонтуул сумын харьяат, сумын заан С.Оргилбаатар найм даван үзүүрлэж, аймгийн заан цолны эзэн болжээ.
Хөвсгөл
Хөвсгөл аймгийн 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд боллоо. Үүнд 256 бөх зодоглосноос Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн шилдэг харцага Ц.Сандагдорж түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Тосонцэнгэл сумын харьяат, шилдэг сумын заан Н.Даваахүрэл долоо давж, аймгийн заан цолтон боллоо. Их шөвөгт Цагаан-Үүр сумын харьяат, Н.Жаргалбат, улсын харцага Ц.Содномдорж нар шалгарсан байна.
Баян-өлгий
Баян-Өлгий аймгийн 76 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 16, 17-нд болжээ. Наадамд хүчит 256 бөх наадамд зодоглосноос Цэнгэл сумын харьяат, аймгийн харцага У.Береке найм даван түрүүлж, энэ жилийн улсын наадамд дөрөв давсан аймгийн арслан Б.Серик үзүүрлэсэн байна. Аймгийн заан М.Аманбек чимэг нэмж, Д.Бейбит зургаа даван, аймгийн харцага цолонд хүрлээ.
Баянхонгор
Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 18-нд болж, хүчит 256 бөх наадамд барилдсанаас Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо найм даван түрүүлж, хурц арслан чимэг зүүлээ. Харин аймгийн харцага Д.Бямбасүрэн үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн бол Жаргалант сумын харьяат М.Батбаатар аймгийн харцага цолтой боллоо. Их шөвөгт мөн Богд сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Орших үлдэж, чимэг нэмэв.
Аймгийн наадмуудад хэн хэн цол нэмэв | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.