Шууд Chart

“Рио 2016” олимпийн наадмын дөрөв дэх өдрийн тойм

2016-08-10 05:47:37

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Дөрөв дэх өдөр тамирчид байт харваа, бокс, усан сэлэлт, хүндийн өргөлт зэрэг төрөлд өрсөлдлөө.

Монгол Улсын тамирчдын хувьд:

  • Эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул
  • Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа нар өрсөлдөв.

Энэ өдөр Монголын тамирчид тэмцээндээ хэрхэн оролцсон талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

ОУХМ Д.Отгондалайгийн дараагийн учраа Алжирын боксчин 

ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Ласруз Энриког оноогоор яллаа. Харин дараагийн тойрог буюу энэ сарын 13-нд Алжирын тамирчинтай тулалдана.

О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар тэмцээнээ өндөрлөлөө 

Эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорьсон. Тэд хоёр дахь шат буюу түргэвчилсэн дасгалын шигшээ найман тамирчныг тодруулах хэсэгт 12, 11 дүгээр байр эзэлснээр тэмцээнээ дуусгав.

Жүдо бөхийн 63 кг-д барилдсан Ц.Мөнхзаяа үзэгчдийн суудалд шилжив

Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт Мароккогийн тамирчин Ризлен Зоуакийг цэвэр ялсан ч БНХАУ-ын тамирчин Ян Жушианд ялагдсан юм. Ийнхүү тэрбээр үзэгчдийн суудал руу шилжсэн.

О.Ууганбаатар Египетийн бөхөд боох мэхээр ялагдлаа 

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн “D" хэсэгт хүч үзсэн О.Ууганбаатар хоёр дахь тойрогтоо Египетийн бөх Абделаал Мохамедтай барилдаж, боох мэхээр ялагдав. Тэд анх удаа таарч барилдсан ч манай бөхийн хувьд бага зэрэг туршлага дутлаа. О.Ууганбаатар эхний тойрогт хийлээд байсан юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио 2016” олимпийн наадмын дөрөв дэх өдрийн тойм  
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй