
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүд өнөөдөр болж байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж буй.
Өнөөдрийн хувьд манай улсаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр барилдана. Түүнийг хоёр олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн болохоор ард түмэн “Найдвар алддаггүй Найдангийн хүү” хэмээх болсон.
Тэрбээр эхний тойрогт Кубын тамирчин Армен Теростой хүч үзнэ.
Н.Түвшинбаярын талаар товч танилцуулахад “Бээжин-2008”-д түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн аварга болсон билээ.
Булган аймгийн Сайхан суманд 1984 оны зургаадугаар сарын 1-нд мэндэлсэн тэрбээр малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь юм. Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй болж 2002 онд 16 настайдаа үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д оролцон алт, 2003 онд идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл, Булган аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, улсын баяр наадамд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяраар зургаа давж харцага цол хүртсэн. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсч, Улаанбаатар хотноо “Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдо бөхөөр хичээллэхийн зэрэгцээ 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгссөн.
Аймагтаа Г.Эрдэнэ-Очир багшийнхаа удирдлага дор барилддаг байсан бол нийслэл хотод ирээд Монгол Улсын гавьяат тамирчин, алдарт бөх Х.Болдбаатарын шавь болжээ.
2006 оноос жүдо бөхийн улсын шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон.
2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл, тэр жилийнхээ намар “Бээжин-2008” олимпийн наадaмд таван учраагаа дараалан ялж Монгол Улсын түүхэнд анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн. 2010, 2011 оны УАШТ-ээс алтан медаль хүртсэнээс гадна “Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн бөх гэдгээ дахин нотолсон юм.
Түүнд Сүхбаатарын болон "Алтангадас" одон бий. Тэрбээр Орхон аймгийн уугуул Б.Оюунбилэгтэй гэрлэж, Т.Манлай, Т.Мандах хэмээх хүү, Т.Өүлэн гэдэг охинтой.
Түүнийг хөвгүүд нь олимпийн наадамд ингэж үджээ. Н.Түвшинбаяр өнөөдөр “нар мандаах” болтугай.
Найдвар алддаггүй Найдангийн хүү өнөөдөр барилдана | ||
Үзсэн: 8394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.