
“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд ОУХМ Ганхуягийн Нандинзаяа өнөөдөр онч мэргэнээ сорино. Тэрбээр 1996 онд төрсөн бөгөөд энэ онд АНУ-д зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээний урьдчилсан буудлага, финалд аль алинд нь дөрвөөр шалгарсан. Түүний энэхүү амжилт буудлагын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Ганхуяг буюу аавтай нь зүй ёсоор холбогддог.
Тэрбээр “Миний амжилтын ард аав минь бий. Залуудаа буудлагын шигшээ багийн тамирчин байсан. Одоо хэвтээ 60 дасгалд бууддаг. Тэмцээн уралдаанд ч түрүүлчихдэг. Аавынхаа ачаар би энэ зэрэгтэй явна. Аавтайгаа хамт 2016 оны олимпийг зорино гэхээр гоё санагдаж байна. Өөрийгөө азтайд тооцдог. Аав нь шигшээ багийн дасгалжуулагч, охин нь тамирчин гэхээр гоё байгаа биз дээ” гээд нэгэн сонинд ярилцлага өгсөн байсан.
Тэрбээр 2007 оноос дээрх спортын төрлөөр хичээллэсэн. Аавыгаа дагаад буудлагын тэмцээн уралдаан үзэж, бэлтгэлд нь очдог байсан нь их нөлөөлсөн гэсэн.
Түүний ээж ч гэсэн спортын хүн. Тодруулбал, радио спортын дасгалжуулагч, ОУХМ цолтой. Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж байлаа.
Г.Нандинзаяагийн үзүүлсэн амжилтыг товч танилцуулбал, 2013 онд оюутны "Универсиад" наадамд багаараа мөнгө, хувиараа хүрэл, 2014 оны Ираны Азийн наадамд багаараа хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн өнгөрсөн жилийн УАШТ-д 50 метрийн урт бууны 3х20 дасгалд 589 оноо хүртсэнээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Мөн залуучуудын ангиллын нэг, насанд хүрэгчдийн гурван төрлийн хоёр ч рекорд түүний нэр дээр бичээстэй.
Тэр “Walter” фирмийн буугаар бууддаг. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг.
Аав, охин хоёр өнөөдөр цэц мэргэнээ сорино | ||
Үзсэн: 1619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.