Шууд Chart

“Рио-2016” олимпийн 11 дэх өдрийн тойм

2016-08-17 06:07:52

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын 11 дэх өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Энэ өдөр тамирчид сонгомол бөхийн 66, 98 кг-ын жингийн финал, хөнгөн атлетикийн бүх төрөл, усанд үсрэлтийн хагас шигшээ, хүндийн өргөлтийн 105 кг-ын медалийн эзэд тодорлоо.

Манай улсын хувьд боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдсан ОУХМ Э.Цэндбаатар АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөж 3:0-ээр ялагдсан. Тэрбээр эхний тойрогтоо Кенийн боксчин Нжангури Бэнсон Гичарыг 3:0-ийн харьцаатайгаар, Беларусийн тамирчин Д.Асановийг 2:1 онооны харьцаатайгаар ялснаар шөвгийн наймд шалгарч үлдээд байсан билээ.

Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 98, 66 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөлөө.

66 кг-ын жинд Серби Улсын тамирчин Давор Стефанек, Армены бөх Мигран Ариутяуняныг ялав. Ингэснээр тэрбээр олимп, дэлхийн аварга хэмээн дуудуулах боллоо.

Спортын гимнастикийн эрэгтэйчүүдийн турникийн  төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс ХБНГУ-ын тамирчин Фабиан Хамбучен 15766 оноогоор алтан медалийн болзол хангав. Хоёрдугаар байрт 15500 оноогоор АНУ-ын тамирчин Данел Левя, 15466 оноогоор Их Британийн тамирчин Наял Вилсон хүрэл медаль хүртлээ.

Гимнастикийн эмэгтэйчүүдийн чөлөөт хөдөлгөөний төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын тамирчин Симоне  Билес 15966 оноогоор алтан медалийн болзол хангав. Мөнгө, хүрэл медалийг 15500 оноогоор АНУ-ын тамирчин Александр Райсмен, Их Британийн тамирчин Эме Тинклер 14933 оноогоор хүртлээ.

Олимпийн наадмын усан спортын уран сайхны сэлэлтийн хосын төрөлд ОХУ, БНХАУ, Японы тамирчид медальт байрыг эзэллээ. Тэд багаасаа дээрх спортоор хичээллэсэн болохоор гайхалтай үзүүлбэрүүдийг сонирхуулж, үзэгчдийг шуугиулж байв.

Гимнастикийн эрэгтэйчүүдийн савлуурын төрөлд шилдэг найман тамирчин өрсөлдсөнөөс Украйны тамирчин Олег Верняев 16.041 оноогоор алтан медалийн болзол хангалаа. Тэрбээр ДАШТ-ий алт, мөнгө, Европын АШТ-ий алт, хошой мөнгө, олимпийн мөнгөн медальтай билээ. Удаах байрт 15900 оноогоор  АНУ-ын тамирчин Данел Лейва, 15783 оноогоор ОХУ-ын тамирчин Давид Белявский хүрэл медалийн эзэн боллоо.

Гандболын эрэгтэй шигшээ багуудын хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Катар, Аргентиний шигшээ багуудын хооронд өрнөж, 22:18-ын харьцаатайгаар Катарын шигшээ баг ялалт байгуулсан. Ингэснээр тэд хэсгээсээ дөрөвдүгээр байраар гарч шигшээ наймд шалгарч үлдсэн юм. Дараагийн хасагдах шатанд Францын шигшээ багтай тоглоно. Харин Аргентиний шигшээ багийн хувьд хэсгээсээ тавдугаар байрт шалгарсан ч дараагийн тойрогтоо есөөс аравдугаар байрын төлөө Германы шигшээ багтай тоглох эрхтэй боллоо.

Сонирхуулахад, Аргентиний шигшээ багийн хувьд өмнөх тоглолтууддаа нэг хожиж гурав хожигдсон бол Катарын шигшээ багийн хувьд хоёр тэнцэж нэг хожиж нэг хожигдсон аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио-2016” олимпийн 11 дэх өдрийн тойм  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй