Шууд Chart

“Б” хэсэгт өнөөдөр Э.Бэхбаяр барилдана

2016-08-19 09:38:11

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74 кг-ын жингийн сугалаа гарчээ.

57 кг-ын жинд 20 бөх өрсөлдөхөөс “А” хэсэгт найм, “Б” хэсэгт 12 бөх таарав.

“Б” хэсэгт орсон Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Улаанбаатарын цагаар 22:08-аас Сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт Кубын бөх, ДАШТ-ий хүрэл медальт Ювлус Бонне Родригес, Узбекстаны Аббос Рахмонов хоёрын аль ялсантай нь тулна. Дараа нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, Японы бөх Рей Хигучи нарын аль шалгарсантай нь барилдах магадлалтай.

Энэ хэсэгт Ираны бөх, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, ОХУ-ын тамирчин, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Европын спортын наадмын аварга Виктор Лебедев, Армяны Ганик Мнацаканян, Энэтхэгийн бөх, Армийн дэлхийн болон Азийн аварга Сандееп Томар нар багтаж байна.

Э.Бэхбаярын хувьд анхны багш нь Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ юм. АНУ-ын Лас-Вегаст 2015 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ, 2012 оны залуучуудын ДАШТ-ээс алт, 2009 оны өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.

“А” хэсэгт Гүржийн бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Владимир Хинчегашвили, Казахстаны бөх Нурислам Санаев, АНУ-ын бөх Даниель Пауль Деннис, Болгарын бөх, ДАШТ-ий болон Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Владимир Дубов, Румыний бөх, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иван Гуйда, Азербайжаны бөх, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Миржалал Хасан-Зада, Туркийн бөх, дэлхийн болон Европын залуучуудын аварга Сулейман Атли нар оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Б” хэсэгт өнөөдөр Э.Бэхбаяр барилдана   
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй