Шууд Chart

П.Өнөрбат хоёрдугаар тойрогт Туркийн бөхтэй барилдана

2016-08-19 10:40:03

Олимпийн наадмын 14 дэх өдрийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат барилдана. Энэ жинд “А” хэсэгт найм, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

Манай тамирчин “Б” хэсгийг ахалж байгаа. Нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:48-аас Туркийн бөх, Европын спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай барилдана. Түүнийг ялвал дараагийн тойрогт Ираны бөх Алиреза Мохаммад Гассемитай таарах магадлалтай.

Энэ хэсэгт Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Нарсингх Панчан Ядав, Францын бөх Зелимхан Хажиев, Кубын тамирчин олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ливан Лопез Азкуй, Казахстаны Галымжан Усербаев, Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар багтжээ.

П.Өнөрбат нь 1988 оны хоёрдугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Тэрбээр ААШТ-ий мөнгө, хошой хүрэл медальтай.

“А” хэсэгт АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл, гурван алтан медальт, Пан-Америкийн аварга, тивийн спортын наадмын хошой аварга Жордан Эрнест Барроуз, ОХУ-ын бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Европын спортын наадмын аварга, тивийн гурван удаагийн аварга Аниур Гедуев, Азербайжаны бөх, ДАШТ-ий хошой хүрэл, Европын спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов, Гүржийн бөх, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Жакоб Макарашвили, Молдавын бөх, оюутны дэлхийн аварга Евгений Недялка, Узбекистаны бөх, Азийн спортын наадмын болон тивийн аварга Бекзод Абдурахманов нар оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Өнөрбат хоёрдугаар тойрогт Туркийн бөхтэй барилдана  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2016-08-19 11:06
За амжилт хvсье.

Бидэнтэй нэгдээрэй