
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын 14 дэх өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Энэ өдөр тамирчид бокс, чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 20 км-ын спорт алхаа зэрэг спортын төрөлд өрсөлдлөө.
Э.Бэхбаяр боломжийг ашиглаж чадсангүй
Өнөөдрийн хувьд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүч үзсэн. Тэрбээр Синегалийн бөхтэй таарч, ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Манай тамирчин эхний тойрогт 3:0 харьцаатай байв. Гэвч дараагийн тойрогт өрсөлдөгчдөө нэг оноо алдаж, улмаар цаг дуусахаас таван секунд дутуу байхад Синегалийн бөх даруй хоёр оноо авч, ялалтын эхлэлээ авсан.
П.Өнөрбат харамсалтайгаар ялагдлаа
Түүний дараа ОУХМ П.Өнөрбат 74 кг-ын жинд хоёрдугаар тойрогт Туркийн бөх Демиртастай хүч үзсэн. Тэрбээр эхний үед дөрвөн оноо алдав. Харин дараагийн үед хоёр оноо салгаж, бага зэрэг горьдлого төрүүлсэн ч аугаа туршлагатай Демиртасийн хамгаалалтыг сарниулж чадалгүй цагаа дуусгасан юм.
Испанийн тамирчин алтан медалийн эзэн болов
Бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх тоглолтод Испанийн тамирчин Каролина Марин Энэтхэгийн тамирчин Синдх Пусарлаг 2:1-ийн харьцаатайгаар хожлоо. Испанийн 23 настай тамирчин бүсгүй 2014, 2015 оны дэлхийн аварга, 2014, 2016 оны Европын аварга юм. Энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн тамирчны хувьд 2013, 2014 оны ДАШТ болон 2014 оны ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
БНХАУ-ын хоёр бүсгүй алт, хүрэл медаль хүртлээ
Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 20 км-ын спорт алхааны уралдаан өндөрлөж, БНХАУ-ын тамирчин Лиу Хонг 1 цаг 28 минут 35 секундын амжилтаар олимпийн аварга боллоо.
Мексикийн хөнгөн атлетикч Мариа Гонзалес 1:28:37 гэсэн үзүүлэлтээр мөнгө, БНХАУ-ын тамирчин Ли Хиу Зи 1:28:42 гэсэн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Өдгөө 29 настай Лиу Хонг нь 2015 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.
Францын боксчин бүсгүй олимпийн аварга боллоо
Эмэгтэйчүүдийн боксын 60 кг-ын жинд БНХАУ-ын тамирчин Ян Жун Хуа, Францын тамирчин Естелле Моссели нар өрсөлдөж, Францын тамирчны ялалтаар тэмцээн өндөрлөлөө.
Тэрбээр БНХАУ-ын тамирчныг 2:1 харьцаатайгаар ялж, олимпийн аваргын алтан медалийн эзэн болов. Энэ жинд хүрэл медалийг Финландын тамирчин Мира Потконэн, ОХУ-ын тамирчин Анастасия Беляакова нар зүүхээр болж байна.
“Рио-2016” олимпийн наадмын 14 дэх өдрийн тойм | ||
Үзсэн: 3188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.