
“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн 50 км-ын зайн уралдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:30 цагаас эхэлнэ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар оролцоно.
Тэмцээнд 155 тамирчин өрсөлдөх бөгөөд энэ зайн уралдааны дээд амжилтыг Кенийн тамирчин Денис Киметто 2014 онд 02 цаг 02 мин 57 секундын хугацаатайгаар тогтоосон бол олимпийн амжилтыг мөн Кенийн тамирчин Самуел Ванжиру 02 цаг 06 мин 32 секундээр 2008 онд шинэчилжээ.
Б.Сэр-Од нь 1981 оны аравдугаар сарын 7-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. 170 см өндөртэй, 60 кг жинтэй. 1997 оноос хөнгөн атлетикаар хичээллэсэн тэрбээр “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер цолтой. Анхны дасгалжуулагч нь Д.Гомбосүрэн байсан бол өдгөө Дархан-Уул аймгийн иргэн, гэргий О.Оюунтуяа нь бэлтгэлийг нь хангадаг. О.Оюунтуяа нь мөн дундын зайн гүйгч байсан билээ.
Б.Сэр-Од нь Монголын хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрх авсан. Учир нь Монголын тамирчид өмнөх олимпод орохдоо урилгаар буюу цагаан хуудсаар орж байлаа.
2008 оны хоёрдугаар сард БНХАУ-ын Хонгконг хотод болсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 02 цаг 20 мин 23 секундын амжилтаар мөнгө, 2013 оны хоёрдугаар сарын 24-нд дээрх хотод болсон тус тэмцээнд 02 цаг 17 мин 47 секундын амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн юм. Тийнхүү тэрбээр Ази тивийн тэмцээнээс Монголын хөнгөн атлетикийн түүхэнд анхны алт, мөнгөн медалийг авч ирж байлаа. Мөн 2003, 2005, 2007, 2009, 2011 оны ДАШТ-д оролцсон. Тэгэхдээ 2009 онд ХБНГУ-ын Берлин хотод болсон тэмцээнд 29, 2011 онд БНСУ-ын Дэгү хотод зохиогдсон тэмцээнд 20 дугаар байр эзлэв.
Б.Сэр-Од 154 тамирчинтай уралдана | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.