Шууд Chart

Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлосны улмаас 375 сая төгрөгийн хохирол учирчээ

2016-09-05 13:24:19

Сэлэнгэ аймгийн Хүдэр голын сав дагуу өнөөдөр найман аж ахуйн нэгж, 20 орчим гар аргаар алт олборлогчид олборлолт хийн бохирдсон усаа шууд гол руу нийлүүлж байгаагаас чулуу нь харагддаг тунгалаг устай гол бохир шавраар урсч голын голдрил өөрчлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас дөнгөж сая мэдээллээ.

Шалгалтаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан С захиралтай “Агро Копт” ХХК Хүдэр сумын “Нуурын тагт” нэртэй газрын байгаль экологид 95 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн  Б Ерөө сумын Могойн гол нэртэй газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Үүнээс гадна иргэн Б Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож, 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Тиймээс уг хэргийн материалыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Нэмж мэдээлэхэд, Сэлэнгэ аймагт 2011 оны байдлаар 169 гол, горхи тоологдож байснаас өнөөдөр 26 нь ширгэсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлосны улмаас 375 сая төгрөгийн хохирол учирчээ  
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй