Шууд Chart

Ганга нуурыг хэрхэн аврах вэ

2016-09-06 13:19:41

Өнгөрсөн саруудад цаг агаар хэт халж, хур тунадасны хэмжээ багассанаас болж Ганга нуурын ус огцом татарсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тодруулбал, өнгөрөгч долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн, олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь орсон нь нуур ширгэх гол шалтгаан гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдэгдсэн.

Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуур ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэхэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьж буй. Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарсан. Мөн Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байгаа аж.  

Одоогийн байдлаар Ганга нуурын ойр орчимд байрлах 37 өрхийн 31 орчим мянган мал Ганга нуур, Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалж байна. Түүнчлэн Ганга нуур орчимд гол төлөв хаврын улиралд нэлээд газрыг хамарсан хүчтэй хуй салхи салхилдаг. Салхины улмаас нуурын ёроолыг элс дарж, усны татралтад мөн нөлөөлж байгаа ажээ.

Харин өнөөдөр салбарын яамнаас мэдээлэл хийж Ганга нуурыг аварч үлдэхийн тулд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Одоогоор БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газар, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа аж.

Цаашид Ганга нуураа авч үлдэхийн тулд дараах ажлуудыг хийх ёстой гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэв.

Тухайлбал,

  • Нуурт мал оруулахгүйн тулд хашаа татаж хамгаалах
  • Нуурын гол тэжээл болсон хоёр булгийн ундаргыг хамгаалах
  • Салхи элсний нүүлтийн хаалт хийх
  • Малчдын усан хангамжийн асуудлыг худаг гаргаж шийдвэрлэж өгөх
  • Ганга нуурын эрэг хавиас айлуудыг нүүлгэх
  • Цас борооны усыг нуурт цуглуулах арга хэмжээ авах
  • Ганга нуурыг газрын доорх усаа тэжээх боломжийг судлах хөрөнгийг шийдвэрлүүлэх асуудлыг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарт тавих ажлыг эхлүүлэх
  • Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг зохион байгуулах
  • Дарьганга суманд малын усан хангамжийг сайжруулах зорилгоор цөөрөм байгуулах ажлыг хийх

Салбарын сайдын хэлснээр Байгаль орчны тухай хуулийн дагуу ус ашигласны гэх мэт тодорхой төлбөрүүд байгаль хамгаалах санд хуримтлагдах ёстой. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед энэ төлбөрийг улсын төсөвт шууд татдаг болсон. Харин энэ нь эргээд байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд зориулах хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүй болж байгаа аж. Тиймээс Байгаль хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүсэлтийг Засгийн газар болон УИХ-д тавина гэдгээ Д.Оюунхорол сайд хэллээ.

Үүнээс гадна улсын төсөв нэгэнт хүнд байгаа учраас худаг ус гаргах гэх мэт асуудлуудад шаардлагатай хөрөнгийг шийдэхийн тулд олон улсын байгууллагад хандаж тусламж хүснэ гэлээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Ганга нуурыг хэрхэн аврах вэ   
Үзсэн: 1612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй