Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Ч.Буянт Улаанбаатарт гэр музейгээ авч ирж, нийслэлчүүдэд сонирхуулж байна. Ховор, содон бүтээл туурвиж буй түүнтэй ярилцлаа.
-Модны үндсээр амьтан, ургамлаас эхлээд олон төрлийн зүйл урласан хүн олон байдаг. Харин таных юугаараа онцлогтой вэ?
-Тухайн модны үндсийг анх олохдоо ямар зүйлтэй төстэй байгааг ажиглах шаардлагатай. Дараа нь байгалийнх нь тогтцоор элдэв зүйл нэмэлгүйгээр товойлгож гаргадаг. Үүнд миний бүтээлүүдийн онцлог оршино. Наалт хийвэл тухайн үндэс утгаа алдахаас гадна хэврэг болдог. Гэхдээ ямар нэгэн амьтантай төстэй үндэс дээр чих, эвэр наах тохиолдол бий. Хамгийн гол нь эх бие нь ямар ч залгаагүй байх ёстой. Тэгвэл маш бөх болдог. Ер нь модны үндэс гэдэг өвөрмөц материал. Дүрслэх урлагийн амьд биет эдгээр үндсээс харагддаг.
-Гэр музейгээ хэзээ нэсэн бэ. Хэр олон хүн ирж үзсэн бэ?
-Гурав хонож байна. Хотын иргэд хэрхэн хүлээж авах бол гэсэн үүднээс л зорьж ирсэн дээ. Хүмүүс их сонирхон үзэж байгаад баяртай байна.
-Үзэсгэлэнг аймаг, сумандаа гаргаж байв уу?
-Гаргасан. Ихэвчлэн ямар нэгэн арга хэмжээг тохиолдуулж л толилуулдаг. Аймаг, сумын удирдлагуудаас хүсэлт ирсний дагуу гаргадаг. Бусад үед бол хураачихдаг юм. Тэгээд ч зөөхөд хэмхрэх аюултай болохоор тэр бүр гаргаад байж болдоггүй юм аа.
-Танай нутаг мод ихтэй болохоор үндэс олдох нь элбэг байх. Гэхдээ тухайн үндэсний хэлбэрийг олж харна гэдэг хөндлөнгийн хүнд байх авьяас биш болов уу?
-Яг үнэн. Тухайн үндсийг эргүүлж, тойруулж үзээд юу болж болохоор байна гэдгийг харах нь чухал. Гарт баригдсан үндэс болгон “юм” болно ч гэж байхгүй. Багагүй хугацаа, хөдөлмөр шаардагдана. Хөвсгөл далайн эргээс олон үндэс олж урласан.
-Та энэ үзэсгэлэндээ хэдэн бүтээл дэлгээд байна вэ?
-Иж бүрдэл гэж нэрлээд байгаа юм. Тодруулбал, “Хунт”, “Заан” гэх мэт. “Хунт” гэдэг нь усны амьтдыг багтаасан бол “Заан” хэмээх бүрдэлд нь аж байдал, түүхэн домогтой холбоотой ан амьтны сийлбэр, дүрс бий. Харин ширхэгээр нь тоолбол 300-400 бүтээл дэлгэсэн.
"Хунт"
"Шатар"
"Гал тогооны хэрэглэл"
-Бүтээлээсээ шилж авч ирсэн байх. Нутагт тань хэдэн бүтээл үлдсэн бол?
-Бүтээл нэлээн үлдсэн. Гэхдээ тэдгээрийг зарахгүй. Би тэдгээрийг Монголд байтугай дэлхийд дахин төрөхгүй бүтээл болсон гэж бодож байгаа. Тиймээс үр хүүхдүүддээ уламжлал болгон өвлүүлнэ. Нэг сайхан том гэр сийлж байгаад тэдгээрээ байрлуулна гэж бодож явдаг. "Загасчны морь усгүй" гэгчээр гол гэрээ хийж амжихгүй л явна.
-Ер нь та ийм бүтээл урлаад хэдэн жил болж байна вэ?
-1998 оноос хойш урласан. Гэхдээ сүүлийн 11 жил яг дагнаж ажилласан. Малчин болохоор малын ажилдаа түүртэж, өмнөх жилүүдэд нэг их шамддаггүй байлаа.
-Энэ төрлийн бүтээл хийхэд танд юу нөлөөлсөн бэ?
-Малд явж байгаад модны нэг үндэс олтол надад морь шиг харагдсан. Адуунд их хайртай болохоор миний нүдэнд тэр үндэс тэгж амархан танигдсан байх. Тэгээд ч хамгийн анхны бүтээлээ энэ сайхан хийморьтой амьтнаар эхлүүлсэндээ их бэлгэшээдэг. Тэр цагаас хойш эдгээрийг хийгээд байна. Мөн надад байгалиас заяасан авьяас байгаа болов уу. Би бусад шиг их, дээд сургуульд сурч, боловсрол эзэмшээгүй. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, дотоодын цэргийн 05 дугаар ангид гурван жил алба хаасан хүн.
-Төрөлхийн гарын ур нөлөөлсөн байлгүй?
-Мал аж ахуйн холбогдолтой хазаар, ногт, чөдөр зэргийг л хийдэг байсан. Энэ бол амьдралын шаардлагаар хийгддэг зүйл юм.
-Та үзэсгэлэнгээ дэлгээд байгаа энэ гэрээ ч мөн сийлсэн үү?
-Тийм ээ. Энэ гэж 11 толгойтой долоон ханатай, гурван толгойн зууравчтай, дөрвөн баганатай. Баганыг нь хүчит луу ороосон мэтээр өөрөөс нь сийлж товойлгосон. Хана, зууравчийг нь хушаар хийсэн бол баганыг нь хар модоор хийсэн. Тэгвэл илүү бөх болох учиртай.
-Та ямар багажаар бүтээлээ урлаж байна вэ. Энэ хатуу модыг зүсч чадах багаж ховор биз?
-Надад ОХУ-ын хуучны цөөхөн хэдэн төмөр багаж л байдаг. БНХАУ-д үйлдвэрлэсэн багажууд энэ модыг даахгүй. Аягүй бол хугарна.
-Захиалга их ирж байна уу?
-Их, их. Гэхдээ би тэр бүр хийж чадахгүй юм даа. Чадах зүйлийнхээ л захиалгыг авдаг. Зарим үед хүмүүст зүгээр л бэлэглэчихдэг юм.
-Таны урласан эдгээр зүйлийг клип, киноны зураг авалтад ашиглахыг хүссэн хүн байдаг уу?
-Энэ талд нэг их санал ирдэггүй юм аа. Гэхдээ гурван жилийн өмнө энэ тулгыг (заав) Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва Р.Чойном агсны тухай цуврал кинондоо ашиглах гэж авч байсан.
-Хөдөө байдаг танд эдгээрийг хийхэд цаг зав хэр гардаг вэ. Малын ажил цаг наргүй шүү дээ?
-Аль болох амжуулахыг хичээж байна даа. Малд яваагүй үедээ их сууна. Шөнө ч хийх тохиолдол бий.
-Материалаа яаж авдаг вэ. Сайхан бүтээл болчихоор томоохон үндэс уулын орой дээр байвал яаж буулгах вэ?
-Янз бүр дээ. Даахыг нь тэврээд даахгүйгээ морин дээр дүүрээд. Бүр томыг нь үхэр тэргэнд ачиж явчирдаг. Ах нь таван хүүхэдтэй. Тэд маань хааяа тусална.
-Үзэсгэлэнгээ хотын үзэгчдэд хэд хоног хүргэх вэ?
-10 хоног үргэлжлүүлэх санаа байна.
-Нутгийнхаа бизнесменүүд болон улс төрчдөд худалдах санал тавьж байсан уу?
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, Л.Бат-Амгалан нарт хэлж байсан. Гэвч тэр тус болоогүй. Хэрвээ энэ өдрүүдэд хотод зарагдахгүй бол би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот руу авч явна. Тэндэхийн хүмүүс Хөвсгөл аймагт очихдоо надтай уулзаж, энэ саналыг тавьсан. Уг нь би энэ бүтээлүүдээ Монголдоо үлдээх юмсан гэж боддог. Гэвч манайханд үүнийг авч чадах бэнчинтэй хүн гарч ирэхгүйгээс цааш хэдэн төгрөг нь надад хэрэгтэй юм гээд урагшаа явж худалдана. Би уг нь Монголд байтугай сумынхаа хүнд эдгээр бүтээлээ худалдах юмсан гэж боддог. Даанч энэ хүсэл маань биелэхгүй юм даа. Энэ бүхэн Монголын бас нэгэн баялаг шүү дээ.
Ч.Буянт: Хамгийн анх морь сийлсэндээ бэлгэшээдэг | ||
Үзсэн: 5336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.