
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Монголын бизнесийн ёс зүйн төлөв, хандлага” сэдэвт судалгааг хийжээ. Судалгааны үр дүн, онцлогийн талаар доктор (Ph.D) М.Золзаяатай ярилцлаа.
-Философийн хүрээлэн бизнесийн ёс зүйн талаар судалгаа хийсэн байна. Энэ судалгааны зорилго, ач холбогдол юу вэ?
-Энэ оны 5-8 дугаар сард Философийн хүрээлэнгээс “Монголын бизнесийн ёс зүйн төлөв, хандлага” сэдэвт экспертийн судалгааг компанийн захирлуудын дунд явууллаа. Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий аймаг, Нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй компанийн захирлуудыг хамруулсан. 1990 оноос хойш манайд бизнесийн ёс зүй хэрхэн төлөвшиж буйг судалсан анхны оролдлого гэж хэлж болно. Компанийн захирлууд бизнесийн ёс зүйг хэрхэн ойлгож, үйл ажиллагаандаа баримталж байгаа, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах зорилготой судалгаа юм. Бизнесийн салбарын удирдлагуудын ёс суртахууны эрхэмлэл, итгэл үнэмшил, үнэт зүйл, үйл ажиллагаандаа баримталдаг зарчим, нийгмийн дүр төрхийг тодорхойлох, ёс зүйтэй бизнесийн орчин бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөмж боловсруулсан. Бизнесийн удирдлага, ёс зүйн онол, зарчмууд, манай үндэсний бизнесменүүдийн сэтгэлгээнд хэр зэрэг төлөвшиж, ямар төсөөлөл, санаа бодолтой байдгийг тоймлон зурагласан гэж болно.
-Манай улсын бизнесийн орчины талаар судалгаанд оролцогчид ямар санаа бодолтой байсан бэ?
-Энэ бол эдийн засгийн харилцааны талаарх нарийн судалгаа биш юм. Бизнесийн салбарт инноваци, шинэ технологи нэвтрүүлэх ажил урагшгүй, жилээс жилд хөрөнгө оруулалт багассан нь нэн тодорхой байна. Судалгаанд оролцогчдын олонх нь бизнесийн орчин таатай биш гэж үзэж байна. Бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна вэ гэвэл нэгдүгээрт, шат шатандаа авлига газар авсан учир шударга өрсөлдөөний зарчим, эдийн засгийн эрх чөлөө алдагдаж, бизнесийн хөгжилд саад болж байна гэж оролцогчдын 79.6 хувь нь үзсэн. Хоёрдугаарт, бизнес дэх төрийн оролцоог багасгаж, зах зээлийг жам ёсоор нь явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгааг шүүмжилсэн. Янз бүрийн чуулган, хурал зөвлөлгөөн болдог ч шийдвэрлэсэн асуудал тун хомс. Мөн хууль, дүрэм журам хоорондоо уялдаа холбоогүй бөгөөд хурдан өөрчлөгддөг, хэрэгждэггүй, зөвшөөрөл, лиценз олгох ажиллагаа хүнд сурталтай зэрэг нь гол бэрхшээл. Гуравдугаарт, банк санхүүгийн тогтолцооны гажуудлыг засахгүй бол компаниуд зээлийн хүүгийн өрөнд дарагдаад өндийж чадахгүйд хүрч байна гэсэн. Эдийн засаг хүндэрсэн ийм үед бизнесээ тогтвортой авч явах нь захирлуудын идэвх, санаачилга, менежментийн ур чадвараас нилээд шалтгаалах байх.
Судалгаанд оролцогчдын нилээд хэсэг нь ирэх таван жилд бизнесийн орчин одоогийнхоос бага зэрэг сайжирна гэж төсөөлж байсан.
-Бизнесийн салбарын онцлогийг харуулсан ямар үр дүн байна вэ?
-Судалгааны дүнгээс үзэхэд, хэд хэдэн онцлог үзүүлэлт харагдаж байгаа. Тухайлбал, монголчуудын харилцаанд найз нөхөд, танил тал, нутаг усныхны нөлөө их байдаг тул ажил төрөл хөөцөлдөх, бизнесийг урагшлуулахад ч танил тал их нөлөөлдөг гэж 62 хувь нь үзжээ. Нөгөө талаар танил талын цаана тодорхой хэмжээгээр авлига байгааг үгүйсгэхгүй байна.
Компанийн нийгмийн хариуцлага бол XXI зууны бизнесийн удирдлага, шинэ хандлага гэж үзэх болсон. Судалгаанд оролцогчид компанийн нийгмийн хариуцлагын үүргийг нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах хэлбэр, ажилтан хэрэглэгчийн өмнө хүлээх хариуцлага гэж тодорхойлж байгаа нь эерэг үзүүлэлт юм. Тэд зөвхөн ашиг олохын тулд биш, хариуцлагатай бизнес эрхлэхийг хичээдэг зорилготой манлайлагч байх эрмэлзэлтэй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд өөрсдийн нөөц боломжийн хэрээр байгаль орчин, боловсрол, нийгмийн халамж зэрэг салбарт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хамгийн чухал үзүүлэлт. Бизнес эрхлэгчид төрийн ачаанаас маш их хөнгөлж байна. Компанийн захирлуудаас ямар үйл ажиллагаанд мөнгөн хандив өргөж байгааг тодруулахад нутаг усаа гэсэн сэтгэлээр төрсөн аймаг, сумынхаа ой тэмдэглэх, элдэв сурталчилгааны ном, сэтгүүл хэвлүүлэх, нутгийн зөвлөл, өвчтөн гадаадад өндөр зардлаар эмчлүүлэх зэрэгт нилээд хандив өргөдөг гэж хариулсан.
-Эдийн засаг хямралтай үед компаниуд хүний нөөцийн талаар ямар бодлого барих төлөвтэй байна вэ?
-Захирлуудын олонх нь ажилтнуудынхаа ажлын хариуцлагыг боломжийн сайн гэж үнэлэхийн зэрэгцээ үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажилд үнэнч сэтгэлээр хандахгүй, арвич хямгач бус байх доголдол түгээмэл илэрч байгааг онцолжээ. Ажилдаа үнэнч биш хандана гэдэг бол нэр төдий, цаг нөхцөөсөн байдлаар үр дүнгүй, бүтээмж муутай ажиллаж байгааг хэлдэг. Иймд компаниуд хүний нөөцийн бодлогоороо харилцан бие биеэ нөхөх чадвартай багийг бүрдүүлснээр бүтээмжийг дээшлүүлнэ гэж үзэх болжээ. Өөрөөр хэлбэл, ажлын шаардлага гарвал гишүүд нь бие биеэ орлож чаддаг багийг бүрдүүлэх чухал. Өнөө үед компаниуд ажилтныг сонгон шалгаруулж авахдаа техникийн болон туслах чанартай ур чадвараас илүү хувь хүний ёс суртахууны төлөвшил, аливаад сэтгэлээсээ хандаж, бусадтай эелдэг эвсэг харьцдаг, ажилдаа төвлөрч өөрийгөө хөгжүүлдэг хичээнгүй чанарыг гол шалгуур болгох хандлагатай байна.
-Манайд гардаг бизнесийн ёс зүйн зөрчлийг бууруулах, бизнесийн соёлыг төлөвшүүлэхийн тулд юунд анхаарвал зохистой вэ?
-Компаниуд хэрэглэгчдийнхээ аюулгүй байх, мэдээлэл авах, сонголт хийх, санал гомдлоо илэрхийлж хохирлоо барагдуулах эрх, эрүүл мэндэд хоргүй, цэвэр орчинд амьдрах, шударга бус худалдааны эсрэг тэмцэх зэрэг эрхийг хүндэтгэж, чанартай бүтээгдэхүүн, бодит үнэ ханшийг санал болгохыг чухалчилдаг байна. Гэвч чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурамч шошго хэрэглэх, хугацаа дууссан бүтээгдэхүүн хямд үнээр борлуулах, шударга бусаар ашиг олох зэрэг зөрчил буурахгүй байгаа.
Манай улсад мэргэжлийн ёс зүйн сургалт бараг зохион байгуулдаггүй гэж болно. Байгууллагыг сургалтаар дамжуулан хөгжүүлэх ажлын хүрээнд бизнесийн ёс зүйн хөтөлбөрийг оруулах, компаниуд салбарын болон мэргэжлийн онцлог, хуулийн ба ёс суртахууны хэм хэмжээг тусгасан ёс зүйн дүрмийг боловсруулж мөрдөх нь компанийн засаглалыг сайжруулах үр нөлөөтэй арга юм.
-Тухайн компанийн хөгжил бол захирлаас нь их хамаардаг. Тус судалгаанд оролцсон компанийн захирлуудын эрхэмлэл, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшлийн дүр зургийг тодруулна уу?
-Бизнес эрхлэгчид амьдралын хэв маяг, нийгмийн идэвх оролцоо, соёл, оюуны үнэт зүйлээрээ хүн амын бусад бүлгээс ялгаа бүхий өвөрмөц давхраа болон төлөвшиж байна. Судалгаанд оролцогчдын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйл, зарчмыг тодруулахад, хүнлэг энэрэнгүй, шударга ёс суртахууны зарчмыг эрхэмлэдэг, мөнгө төгрөг, өв хөрөнгийг огт дээдэлдэггүй байна. Тэд буян, нүглийг ойлгох нь зөв хүн байхын үндэс хэмээн итгэдэг боловч лам, хуварга, бөөд даатгуулж ажил үйлсээ бүтээнэ, суварга босговол хайр энэрэл, баяр хөөр, энх амгаланг бэлгэднэ зэрэг зан үйлд огт итгэдэггүй гэж хариулсан. Мөн “хүнд туславал өөрийн хэрэг бүтнэ” хэмээх монгол сургаал, амжилт олохын төлөө хичээн чармайж байгаа хэн нэгний зүтгэлийг үнэлж аль болох туслахыг хичээдэг байна.
-Бизнесийн үйл ажиллагааны түншлэл олон хэлбэртэй. Монголын компаниудын түншлэл удаан тогтвортой байдаггүй гэдэг. Танай судалгаанд энэ асуудал туссан уу?
-Судалгаанд оролцогчид компанийн түншлэлдээ эрх тэгш шударга байх, бүтээлч хариуцлагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Гэрээ, хэлцлийг хуулийн дагуу хийж, хүлээсэн үүргээ биелүүлж, шударга зарчмаар ажиллахыг чухалчлан үздэг боловч гэрээний талуудын ёс зүйн зөрчил нь нилээд гардаг. Энэ нь талууд гэрээний үүрэг, утга холбогдлыг харилцан хэлэлцэж нэг мөр ойлголцоогүйгээс шалтгаалдаг байна. Тэднээс гадаад орнуудын бизнесийн ёс зүйн талаар ямар үнэлэмжтэй байгааг тодруулахад, олонх нь АНУ, Герман, Японы бизнесийн орчин, соёл, ёс зүйн талаар эерэг тааламжтай гэж үнэлжээ. Харин судалгаанд оролцогчдын багагүй хувь нь ОХУ-ын бизнесийн ёс зүйн талаар таатай биш гэсэн үнэлгээ өгсөн байна. Өндөр үнэлгээ авсан орнуудад хэрэглэгч ба нийлүүлэгчийн хоорондын солилцоо, түүний чанар нь тоон ашгаас гадна сэтгэл ханамж, ёс суртахууныг давхар илэрхийлдэг тул компанийн үйл ажиллагааг үнэлэх гол шалгуур нь бизнесийн ёс зүй гэж үздэг шүү дээ. Манай улсаас гадны хөрөнгө оруулагчид ч төр, хувийн хэвшлийнхнээс бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг мөрдөж ажиллахыг шаардаж байгааг анхаарууштай санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Монголын бизнесийн салбарын хөгжилд авлига саад болж байна | ||
Үзсэн: 1915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.