
Уран гэж... манай үгийн санд ийм үг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Ямар ч гэсэн уран гэж ийм юм байдаг юм аа гээд бариад ирэх хүн бараг байхгүй. Ер нь бол газрын хэвлийдээ л байх ёстой элемент. Харин газрын хөрсөн дээр ил гарахаараа ямар их хор хөнөөл учруулдаг тухай бид түрүүчийн нэвтрүүлгээрээ олон улсын хэмжээнд судлан авч ярьсан.
Харин өнөөдөр манай оронд уран гэдэг элементийг хэрхэн олборлож, яаж ашиглан, ямар нөлөөлөл үр дүн дагуулж байгаа тухай баримт сурвалжтайгаар ярих гэж байна. Гэхдээ зөвхөн нэг л сум орон нутгийн төрх байдлыг жишээ болгон ярья. Өнгөрөгч онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт ураны олборлолт эрчимтэй бөгөөд эмх замбараагүй явагдсанаас болж үхэр мал зүй бусаар хорогдсон тухай түгшүүрт мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан л цацагдсан. Тухайлбал тус сумын нутагт Францын “Арева”-гийн “Кожеговь” гэгч охин компани уран олборлож эхэлсэн, одоогийн байдлаар 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон гэх тайлантай байгаа юм байна лээ. Энэ харь гадаад эзэдтэй компаний үйл ажиллагаанаас болж цөөнгүй үхэр мал хордож, олон малчин хохирол амсаад байна. Энийг Цөмийн энергийн газар сонсоод хэдэн байцаагчаа явуулж хэмжилт шалгалт хийлгэхэд “Тайван амгалан байцгаа, үхэр тугал уранаас болж үхээгүй юм байна шүү” гэж хэлээд буцсан удаатай.
Гэтэл тус нутгийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн тухай мэдээлэл удалгүй гарч бас л баахан шуугиулсан. Харин Мал эмнэлэг үржлийн газраас эдгээр тугалын эд, эрхтнээс эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээ хийхэд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлтийг хийсэн. Улмаар энэ дүгнэлтийг нягтлахаар Засгийн газраас ажлын хэсэг гарсан ч зөвхөн Норсүрэнгийн хотонд очиж шинжилгээ хийгээд “Уранаас болоогүй” гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг орон нутгийн малчид эсэргүүцэн холбогдох бүх л байгууллага, албан тушаалтанд удаа дараа нарийн шалгаж, уран олборлох үйл ажиллагааг зогсоох хүсэлт тавиад байгаа. Энэ бүх бараан мэдээллийн дагуу газар дээр очоод харахад зөвхөн малчин Норовсүрэнгийн хориод тугал хорогдсоноор хязгаарлахгүй маш олон эмгэг согогтой төл мал гарч, бас зүй бусаар хорогдож сүйрч байгаа нь бүхний нүдэнд ил байна.
“Уран ашиглавал улс хөгжих үү...” №2 | ||
Үзсэн: 2836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.