
“Ном судлаач” гоморхол ихтэй санагдлаа. Бусад салбарт 20, 30-аар тоологдох доктор, профессорууд харин энд гуравхан байдаг юм байна. Тусдаа байсан хүрээлэнг нь СУИС-ийн хажуу бөөрөнд шилжүүлэн хумиж, Төв номын санд ажиллаж байсан ном судлаачийн орон тоог үгүй хийжээ. Ном судлалын тухай хүргэхдээ “Гуравхан доктортой гоочлогдсон салбар” гэдгийг онцолмоор санагдав.
Хэзээ ч юм дээ нэг удаа, Олон улсын Монгол судлалын хуралд ирсэн гадны эрдэмтэн “Ийм сайхан номын сантай мөртлөө түүнээс нь юу ч олж уншиж чаддаггүй нь харамсалтайяа” гэсэн гэдэг. Бас нэг удаа “Ном судлалын чиглэлээр хүн авч ажиллуулах гэхээр орон тоо байдаггүй, нөхцөл боломж нь бүрдсэнгүй дээ” гэж дотор нь ажилладаг хүн халаглаж байсан билээ. Энэ хоёрыг мөргөлдүүлээд бодохоор нэг “но” байгаад байлаа.
Үндэсний номын санд гурван сая гаруй ном судар бий. Тэдгээрийн тэн хагас нь эртнийх. Эртнийх тул судлаж байж учир холбогдол, агуулга, үнэ цэнийг тогтоох ёстой. Энэ ажлыг “ном судлаач” хийдэг. Гэтэл орон тоо нь байдаггүй юм гэнэ үү. Зүгээр л хав дарж хамгаалалтын үүрэг гүйцэтгэж суудаг байх нь л дээ. Дэлхий даяар түгээж байх ёстой номнууд юм уу, цорын ганц хувь бүхий ном байгаа юм уу аль нь болох нь бүү мэд. Энэ өнцгөөс нь харвал, Монгол Улс соёлоо судалдаггүй дэлхийд цор ганц улс болж таарах нь.
Гурван сая гаруй ном товхимол, судар бичигтэй Үндэсний номын сангийнхныг “Алтан дээр суусан харамчийнхан” хэмээн егөөддөг болсоор уджээ. Дэргэдээ байгаа ном судраа дэлгэн судлаж байх учиртай “ном судлаач” байхгүй тул номын санчид нь сайн мэдэхгүй номондоо хэр баргийн хүн ойртуулдаггүй, харам байдагтаа ийм хоч зүүжээ. Үндэсний номын сангийн “Фонд, хадгаламжийн хэлтэст” “Монгол судлал”-ын 52 мянга орчим ном бий гэнэ. Гар бичмэлээс бүрдсэн эдгээр ном судраа Унгарт ном судлалын мэргэжил эзэмшсэн залууд хариуцуулаад байгаа юм байна. Хариуцуулахдаа “Номын санч хүн мэдээллийн ажилтан биш гэдгийг сайтар сануулж, ном судлаачийн үүднээс ажилла” гэж томилжээ.
Шинэ боловсон хүчинд даатгаж өгсөн “Монгол судлал”-ын энэ хэсэгт тухайлбал, эртний Хятадын олон тооны сонгодог зохиол байдаг юм байна.
“Хятад улс өөрсдөө ч авч үлдэж чадаагүй гар бичмэлүүдийг манайхан эх хэлнээ хөрвүүлсэн. Түүнийг нь үзчихээд “Дэлхий даяар түгээх ёстой судар ном байна”гэж санаа бодлоо Хятадын талаас илэрхийлсээр байдаг. Энэ мэт ямар их эрдэнийн зүйл хадгалж байгаагаа ном судлаач байхгүй учраас мэдэхгүй л сууна. Хэзээнээсээ л хадгалаад л байж байх ёстой гээд бодчихсон хүмүүс ажиллаж байна даа” гэж Үндэсний номын сангийн захирал асан А.Нансалмаа ярьж байсан санагдана.
Бүсээ сайн чангал ...
Энэ салбарт ажиллах хүний нөөцийн бодлого алдагдаад зогсохгүй Соёл судлалын асуудлаа цогцоор нь хамаарах ёстой хүрээлэнд хүртэл ном судлалын мэргэжилтэн алга. СУИС-ийн дэргэд шилжүүлсэн Соёл судлалын хүрээлэн анх байгуулагдахдаа 30 хүнтэй байсан бол сүүлд 12, одоо наймхан эрдэмтэнтэй болтлоо “жижгэрчээ”. Оюутны төлбөрөөр гол ашгаа олдог сургалтын байгууллагын нуруунд хүрээлэнгийн ачааг тэгнэж орхисон нь суурь судалгааны ажил орхигдоход хүрээд байгаа гэж “Соёл судлалын хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Д.Даваасүрэнтэй уулзахад хэлж байсан юм.
“Соёл судлал бол нийгмийн шинжлэх ухаан. Монголд үүсч, судалгаа эхэлснээс хойш 40 жил л болж байна. Одоог хүртэл ном судлалыг соёлын гэсэн том бүрхэвч, малгайн дор багтаагаад л явж байна. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийг Хэл шинжлэлийн салбарт эрдмийн зэрэг цол хамгаалсан гэж үзэж байгаа нь өрөөсгөл. Олон улсын чиг баримжааг харахад соёлоосоо ном судлал нь тусдаа, бие даасан судлагдахуун болж явдаг. Бие даасан мэргэжил, бие даасан эрдмийн судалгааны ажил гэж үздэг. Жишээ нь, манайд ном судлалын шинжлэх ухааны доктор гэвэл н.Шинэцэцэн багшийг хэлнэ. Гэтэл диплом дээр нь хэл шинжлэлийн доктор гэдэг. 1970-аад оноос хойш өнөөг хүртэл судалсан зүтгэсэн ухамсарт амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулсан салбар нь “ном судлал”. Гэтэл энэ хүний ажлыг хэл шинжлэлд хамааруулдаг нь салбар нь өөрөө бие дааж, хэлбэржиж биежээгүй, мэргэшсэн судлаач гараагүй, түүнийг нь нийгэм ойлгоогүй, шинжлэх ухааны түвшинд ч хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг юм”.
Улсын хэмжээнд номын санчдыг бэлтгэдэг ганцхан сургууль байдаг ч “ном судлал”-аар мэргэшүүлдэггүйг олж мэдээд их гайхав. Гэтэл Америкт дөрвөн хос мэргэжил эзэмшиж байж сая нэг номын санчаар ажиллах эрх олгодог гэж дуулав. Тухайлбал, Конгрессынх нь номын санд магистраас дээш зэрэг цолтой хүмүүс ажилладаг бол ОХУ-ын Үндэсний номын сан мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн томоохон профессоруудын багаа илгээдэг. Бүгд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг.
Харин манайх Үндэсний номын сандаа ганцхан эрдэм шинжилгээний ажилтантай, суурь судалгаа хийх нь байтугай байгаа энэ их өв соёлоо галын аюулд өртүүлчихгүй байх тухай тэс хөндлөн зүйлд санаа зовинож, цоо шинэ хүнд хүчээр шахуу хариучихсан л сууна. Байр саваа шинэчлэх асуудлын дэргэд боловсон хүчний асуудал юу ч биш байдаг бололтойдог оо.
“Ном судлаач” гурван докторын нэг нь Үндэсний номын сангийн захирал өөрөө. Нөгөө нь тус номын санд фондын хэлтэст ажиллаж байна. Гурав дахь эрдэмтэн нь СУИС-ийн Соёлын сургуульд багшилж байгаа “ Ном, соёл судлал”-ын тэргүүлэх профессор н.Цэзэн.
“Гадны 30 хүнтэй, 100 хүнтэй хүрээлэнгийн дэргэд биднийг бүсээ сайн чангал л гэдэг юм. Гэхдээ ядаж таван хүний орон тоог Үндэсний номын санд баталж өгөөсэй л гэж хүсэх юм. Тав гэдэг нь улсаа хайрлаж байгаагийн шинж, арван хүн байвал сайн л хэрэг” гэж н.Цэзэн профессор хэлдэг юм билээ.
Түүнээс ном судлаачийн үүрэг оролцоо юу болохыг сонирхоход, ном-уншигч хоёрын харилцаа улс даяар ямар түвшинд байгааг судлана даа. Өмнөх жилүүдэд ямар байсан, одоо ямар байдалтай байна вэ гээд шалтгаан нөхцлийг нь судална. Ийм судалгаа уг нь боловсролын яамны ном, хэвлэл, уншигчийн бодлого, төлөвлөлтөд байнга тусч байх ёстой. Нөгөө талаас монгол номын стандартаа тасралтгүй судлах. Ном, уншигч хоёрыг холбож өгдөг онолын судалгаа, номын агуулга чанарыг дээшлүүлэх гэх мэт. Гэтэл өнөөдөр энэ бүгд “атар” явж байна.
“Бурханы аврал”
Байр, сав гэснээс Оросууд шинжлэх ухааны академийнх нь номын фонд шатахад улс даяараа “эмгэнэл” зарлаж байсан билээ. Гэтэл манай үндэсний номын санд тэр хэмжээний гал дэгдлээ гэхэд аюулгүй байдлаа хангаж чадахааргүй байдалтайг бүгдээрээ мэднэ. Цорын ганц хувь бүхий ном судрууд “бурханы авралаар“ хадгалагдаж байна. Цахимжуулах гэхээр санхүүгийн боломжгүй тул санаа алдаад л сахиж сууна. Ийм байхад юун суурь судалгаа, эрдэм шинжилгээ.
Аль ч улсад Үндэсний номын сан нь эрдэм шинжилгээ судалгааны үүрэгтэй. “Манайх тэр хэмжээний түвшинд хүрэх болоогүй” гэж н.Нансалмаа захирал хэлнэ лээ.
Манай улс анх удаа “Номын сангийн тухай хууль”-тай болж, хууль эрхзүйн орчноо бүрдүүлсэн. Бидний яриад байгаа “ном судлаач”-ийн асуудал туссан эсэхийг БСШУСЯ-ны мэргэжилтэн н.Баяраагаас тодруулахад “Хуулиндаа Монгол Улсын Үндэсний номын сангийн эрх зүйн байдал гэсэн бүтэн бүлэг оруулсан байгаа. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Үндэсний номын сангийн дэргэд номын сангийн мэргэжлийн зөвлөл, номын сангийн зөвлөл гэж орон тооны бус зөвлөл ажиллуулахаар болсон. Ном судлалаар эрдэмтэд, утга зохиол, орчуулга, ном хэвлэлийн салбарын эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй 13-аас доошгүй гишүүнтэй зөвлөл байгуулна. Зөвлөлийн гишүүдийн 60-аас дээш хувь нь эрдмийн зэрэг цолтой байх юм” гэсэн хариулт өгч байлаа.
ГОРЬДЛОГО
1984 оноос хойш “Монгол номын бүртгэл” үндсэндээ зогсчээ. Үндэсний номын сандаа оюуны бүтээлээ хандивлах уриалгыг Ерөнхийлөгч гаргаж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй юм байна. Жилд ойролцоогоор 14 мянган ном хэвлэгддэг гэж үзвэл улс номын архивтаа заавал авах номонд зориулж 250-400 сая төгрөг зарцуулахаар хуульчилжээ.
Санхүүгийн боломжоосоо болоод Олон улсын номын сангийн каталогт дансгүй явж ирсэн “Монгол Улс” саяхнаас мэдээллээ оруулж эхэлжээ. ЮНЕСКО-гийн Олон улсын номзүйн мэдээллийн бүртгэлд өөрийн гэсэн байр сууриа олох энэ үйл хэрэгт гадны нэгэн сайн санаат эрхэм тусалсан гэнэ. Түүний 3000 америк долларын тэтгэмжээр өнөөдөр Олон улсын ном зүйн бүртгэлд Үндэсний номын сангийн нэр байршиж, өөрсдийн сор хэмээн шилсэн мянган номоо бүртгүүлэхээр болоод байна.
Монгол лам нарын түвд хэлнээ хөрвүүлсэн гар бичмэлүүдээс сонгон байршуулж байгаа нь ч учиртай. Нэн ховор эртний ном судрыг минь хараад хорхойссон зарим нь ямар ном бийг мэдэхийг хүсвэл санхүүгийн тусламж үзүүлэх ч юм бил үү гэсэн горьдлоготой.
Гуравхан доктортой гоочлогдсон салбар | ||
Үзсэн: 2533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.