Бурханы шашны болоод Төвд хэлт утга зохиолын далай чандмань баялгаас өөрийн оюуны хумхандаа хураан хуримтлуулахыг хичээн, өөртөө таарсан хэр чадлаар бие сэтгэлийг чилээж суудаг л хүн ээ би. Ур ухааны наран гэрэл болсон эртний мэргэд, хутагт хувилгаадын Төвд хэлээр бичсэн уран зохиолын дотор утгыг урлах хийгээд утгыг гүнзгийрүүлэх, утгыг далдлах хийгээд утгыг нээн гэрэлтүүлэх зэрэг үгээр урлахуйн үнэн гайхамшгийг үзүүлсэн бүтээл туурвил олон байна. Энэ нь ч эртний Энэтхэгийн яруу найргийн их онолч Бэрээт багш хэмээн алдаршсан Дандийн “Зохист аялгууны толь” хэмээгч яруу найргийн онолын хэтэрхий мэргэн судар Дорно дахины улс үндэстнүүдэд нэлэнхүй тархсантай холбоотой байх.
Үгээр урлахуйн гүн дэлгэрэнгүй нууцад нэвтрүүлсэн энэхүү алдарт бүтээлийг Төвд, Хятад зэрэг улс гүрнүүд шууд хуулбарлах замаар авч яруу өгүүлэхүйн бүтээлдээ хэрэглэж байсан байдаг бол харин манай монголчууд хувьд өөр байсан юм. Чухамдаа “Дорно Цаст”-ын ай аялагад нийцсэн тэрхүү онол, сэтгэлээг талын Монголын хөрс суурин дээр идээшүүлэн нутагшуулснаар дан ганц Монголын “Зохист аялгууны онол” гэж дэлхийд тод нэрлэгдэх болсон нэгэн их өвийг бүтээж, нэтдээ саруулсах гэгээтэй замыг зассан юм. Тус буяныг нь магтахуйяа үгийн баялаг үлбэгнэн дутах, нэн ачлалт, тийн саруул мэргэд дээдсийн нэгэн болох Эрдэнэ мэргэн бандида Ханчин ханбо Жамъянгаравын зохиол “Янжинлхамын өргөл шүлэг”-т
Уужим тэргэл намрын цагаан саран мэт нигуурын төвд
Угаас хос уруул нь улаан шүр, үнэн цагаан шүдний эрхис нь цаст уулын өнгийг даран
Уртлаг сумхан хоёр мэлмий нь Эранда модний үрийг бэлгэдээд
Уяран хайлах дуун эгшгийн Янжинлхам гурван газрын үзэсгэлэн бүхнийг булаана
гэж өгүүлснийг уншаад бурхадын бие, лагшин найргийн тухай эргэцүүлэнгээ манай Монгол бүсгүйчүүд чинь бүгд бурхад бусуу хэмээн сэтгэж билээ. Учир нь гэрэл цацарсан тийм гуниггүй тунгалаг харцтай тулгарах тоолондоо ч юм уу эс бөгөөс дураар танхил салхины зоргоор түрэмгий сэвшээнд насгарсан хар үсийг задгай орхиод уяхан тунсаг биеийн гоо галбирыг гайхуулан алхах үзэсгэлэнт бүсгүйтэй зөрөхийн үестээ эргэн харж нүд сэтгэлийг унагадаггүй эр хүмүүн хийгээд сувд эрих мэт өөгүй цагаан шүдийг улаалзай ягаан уруулын завсраас тунуулангаа учиртай үгийг хэлэн, ухаан санааг хөвсөлзүүлэх ааш ялдамын мөн болсон эрхэт чанарын сайханд нь автдаггүй хэн нэгэн үгүй буюу.
Хайр халамжийн дээдийг хүн чанарын хайлангаар ивэлгэн, сүн цагаан хайраа бидний сэтгэл зүрх рүү юүлэн гийж төгс үзэсгэлэнгийн мөр зохионгуйг тодруулах Монгол бүсгүйчүүдийнхээ үлэмж сайхны тухай үе үеийн уран бүтээлчид шүлэг бүтээлдээ мөнхөлсөн нь олон. Эртнээсээ эдүгээ хүртэл бүхий л цаг үеийн туршид авъяас билгийн саран тунамалаар туяаран суудаг эрдэмт найрагчдын зүрхний гижиг, сэтгэлийн сэрлийг өдөөгч мөнөөхөн үзэсгэлэнгийн тухай Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн яруу найрагч Данзангийн Нямаа өгүүлэхдээ
...Цэцгэн зангилаа мэт хөлөө зөрүүлж
Цээжин дээрээ гараа тавьжээ
Улаан бямбын уруул цаанаас
Лавай цагаан шүд гэрэлтэх нь
Удвал цэцгийн дэлбээнд
Цасны илтэс гялбах мэтээ
гэжээ. Үүнээс үзвэл эртний мэргэдийн дээр өгүүлсэн, Монгол онолд дулдуйдан бүтээж асан өчүүхэн төдий ч эндүү алдаагүй сор шүлгүүдийн уламжлал жаягийг сэвтээлгүй хадгалж улмаа цааш нь цэцэглүүлэн хөгжүүлсэн нь харагдах аж.Тэгвэл Д.Нямаа чухам яаж хөгжүүлж вэ гэдэг дээр жишээ татан баримт түшиж өгүүльюү. Чингэсэн нь хий хуудам алдрыг өндөрт өргөж оёоргүй магтаалын хуурай үгсээр жамбий гуадах гээгүйн нот баталгаа болно. Учир нь яруу найргийн их онолч Ханчин ханбо Жамъянгарав үзэсгэлэнт бүсгүйтэй үүлэн цэнгэлийг өдүүлснийг үзүүлсэн нэгэн жишээ шүлэгтээ молхи бүдүүлэг үг хэлц, бядуу ядуу утгасаар илэрхийлвэл
Арван зургаатын идэр дэлгэр охин чи
Аяа, миний өвөрт түргэнээ нааш ирээч
Хосгүй зөөлөн үзэсгэлэнт биеэр сайтар хөвчилдөж
Хоёр эрхтэний наадмаар жарган цэнгэлдэх асан
ийм болно гэжээ. Цэвэр ичимтгий, ариун нандин бүхний дээдийг эрхэмлэдэг монгол жудгийн үүднээс нягтлан шинжилвэл нээрээн ч арай эрээ цээргүй мэт бодогдоно. Учир нь “миний өвөрт түргэнээ нааш ирээч”, “үзэсгэлэнт биеэр сайтар хөвчилдөж”, “хоёр эрхтэний наадмаар жарган цэнгэлдэх” зэрэг үг утга хэтэрхий ил, хэн ч мэдээжээр шууд ухагдсанд оршино. Аа, харин эрээгээ алдсан өнөө цагийн, өнгөнд шунамгайрч, өв соёлоо гишгэлэн дордыг дээдээд бодож, дээдийг дорд бодсон ухвар сэтгэлгээний үүднээс үзвэл уран гоё мэт санагдах л байх. Тэгвэл үүнийг яаж яруу үгийн аялгуунд халхалж ялгамжит утгын гүнд далдлан өгүүлэх вэ гэдэг дээр
Хувь хүрээ огоот төгсссөн залуу саран охин чи
Хун галууны явдлаар сэтгэлийн цөөрөмд хөвж
Хулс зэгсний найгалзах баясгалангийн цэцэглэгийг мөшөөлгөж
Хурам агшнаа амаржуулан жаргаахын наадмаар цэнгэлд
гэсэн жишээг өгүүлсэн байна. Гайхалтай үнэхээр гайхалтай. Энд өнөөх “өвөрт түргэн ир”, “биеэр сайтар хөвчилдөе”, “хоёр эрхтэнээр цэнгэлдэх” гэсэн шууд утгын илэрхийлэл болсон үгс алга байна. Гэхдээ уг шүлгийн санаа агуулга алдагдаагүй байна. Түүгээр ч үл барам улам яруу тунсаг болсон байдал харагдана. Энэхүү жишээгээ Эрдэнэ мэргэн бандида Жамъянгарав тайлбарлахдаа “Бүдүүлэг чанартыг тэвчигчийн зохист байдлаар халхалсан нь болно” гэж өгүүлсэн байна. Ийнхүү нэгэн үйлийг үгээр илэрхийлэхдээ зохимжгүй санаа төрүүлэх утгаас зайлж үгийн салаа утгаар үе завсарийг барилдуулан найруулахыг чухалчлах хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байна.
Иймийн учир Данзангийн Нямаагийн дээр өгүүлсэн шүлгийг би “уламжлалын алтан жаягийг сэвтээлгүй харин ч бүр хөгжүүлсэн” гэж хэлсэн хэрэг. Төвд хэлээр зохиосон Монгол мэргэдийн бүтээлийн их санд “бурхдын магтаал” гэсэн нэгэн төрөл бий. Энэ төрөлд багтах Жамъянгаравын зохиол “Янжинлхамын өргөл шүлэг”-т бурхдын бие, чимэг сэлтээс өгсүүлээд бурхдын тус эрдэм дотоод мөн чанар руу нь хандсан байдал ажиглагдана. Энэ ч аргагүй юм угаас тийм горимтой ажгуу. Тус шүлгийн
Уужим тэргэл намрын цагаан саран мэт нигуурын төвд
Угаас хос уруул нь улаан шүр, үнэн цагаан шүдний эрхис нь цаст уулын өнгийг даран
Уртлаг сумхан хоёр мэлмий нь Эранда модний үрийг бэлгэдээд
Уяран хайлах дуун эгшгийн Янжинлхам гурван газрын үзэсгэлэн бүхнийг булаана
гэсэн лүгээ Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн яруу найрагч Данзангийн Нямаагийн зохиол “Бүрэг саран ичингүйрч...” гэдэг шүлгийн эхний хэсэг буюу
Улаан бямбын уруул цаанаас
Лавай цагаан шүд гэрэлтэх нь
Удвал цэцгийн дэлбээнд
Цасны илтэс гялбах мэтээ
гэснийг харгуулан авч үзье. Жамъянгаравын “Угаас хос уруул нь улаан шүр” гэсэнтэй Нямаагийн “Улаан бямбын уруул... удвал цэцгийн дэлбээ” гэснийг харшуулаад “Үнэн цагаан шүдний эрхис нь цаст уулын өнгийг даран” гэсэнтэй нь “Лавай цагаан шүд гэрэлтэх нь, Цасны илтэс гялбах мэт” гэснийг мөргүүлээд нэг үзье. Тийм ээ, бүтээлч сэтгэлгээний ахиц гарсан байна. Бүсгүйн үзэмжийн төгс илэрхийлэл гэгддэг өнгө сайхан уруулыг Жамъянгарав “улаан шүр” гэсэн дан зүйрлэлээр үлгэрлэн үзүүлсэн бол Дан.Нямаа “Улаан Бямба... Удвал цэцгийн дэлбээ”-гээр давхар дүрслэн үзүүлсэн байна. Мөн бүсгүйн мишээл ялдмыг уламчиг туяаруулдаг хашийн цагаан шүдийг нь Жамъянгарав “Хэлхээ чамбай эрхис мэт жигд цагаан шүд нь цаст уулын өнгөнөөс ч цагаан” гэж өгүүлсэн бол Нямаа харин “Лавай цагаан шүд нь цасны өнгө бус түүнээс ч цагаан байж болох өнгийг улам тодруулагч илтэсийн гялбаатай” дүйлгэснийг анзаарч болно. Чухам үүнийг л, энэ ахицыг л өнөө уламжлал дээр суурилсан шинэчлэл гэх гээд байгаа юм би. Ихэс заримуудаас, миний санааг зөвших нэгэн ч байх л байх, үл зөвших нэгэн ч байх л байх тэр надад юуны хамаа. Ямартай ч би ахицыг харсан нь яамай.
Ер энгүүнээр сэтгэвээс түрүүн өгүүлсэн санаагаа сүүлийн санаа нь мөхөөж байвал эргүү тэнэгийн жишээнд дурдагдах ч харин “Зохист аялгууны толь”-ийн доторх “Няцлагатийн чимэг”-ийн долоо дахь чимэг “Үлгэрээс үлгэрт нь илүү няцлагат” чимэг ёсоор бол “ үлгэрлэн үзүүлэх зүйлээсээ үлгэрлүүж байгаа зүйл нь чухлыг номнодог. Үүн лүгээ дүйцүүлэн үзэж болохоор ур хийц Нямаагийн шүлэгт байгааг бас л жишээлэн өгүүлье. Тэрбээр бүсгүйн сайхан уруулыг Бямба жимс болоод Удвал цэцгийн өнгөөр үлгэрлэн бичсэн дээрх санаагаа мөдхөнөө эгүүлэн сөхөөж “няцлагат чимгийн” үүднээс Үлгэрээс үлгэрт нь чухлыг сануулан ийн өгүүлжээ.
... Цэцгийн дэлбээг үнэрлэж явнаас үнсэж явсангүй
Чинийхээ уруулын сайхныг юутай зүйрлэх вэ...
гэснээр мөнөөх үлгэрлээд байгаа Удвал цэцгээсээ үлгэрлүүлээд байгаа сайхан уруул нь онцгойг дурдсан байна. Энэ мэтчилэн яруу найрагч, уран бүтээлчдийн шүлэг зохиолд байгаа ур хийцийн дэвшил хийгээд утга гүний хөгжил мөнийг бид үнэн яруугаар өгүүлэн сэнхрүүлэх нь үүрэг бус уу.
Хайр энэрлээр туяарч, сайхан аалиар гэрэлтэн мөшөөх үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тунсаг яруу руу шунан дурлах их хайрын шүлгүүдийг хүмүүн төрөлхтөн хэдэн мянганаар туурвисаар ирсэн. Тийн их туурвилаар тэтгэгдэж тэгээд хүмүүн төрөлхтөн баясал цэнгэлийн бах болном. Энэ нь яруу найрагт шимтэгч олны янагийн гал, зүрхний дөлийг уламчиг ихээр асаанам билээ. Тийм ээ хайрын шүлэг гэдэг бол дан ганц нэгний өмч биш даяар олон түмний хүсэл сэтгэлийн илрэл буюу. Даяар олны тэр их хүсэл нэгэн найрагч Дан.Нямаагийн дотоод мэдрэмжийн долигсол хэлбэлзэллээр илрэн гарч хаш цагаан чулуугаар сийлж цогцлоосон хайрын шүлгийн суварга болсон нь энэ билээ. Тиймээс би түүнийг ер хүслийн даяарыг чухалчлагч гэж нэрийдмой.
Ивлэн саамшрах их хайр цагийн цагт, хиргүй тунгалаг ариун нандин чанараа үл алдан тунгалагшин туяарах болтугай.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.