Шууд Chart

МАН-ын хувь заяаг их хурлын төлөөлөгчид шийднэ

2013-10-27 08:57:18

МАН-ын Их хурал өнөөдөр эхэллээ. Их хуралд  Улаанбаатар хотоос 343,  хөдөө орон нутгаас 791, гадаад, дотоодын 30 гаруй хүндэт зочин, төлөөлөгчид оролцож байна. Сүүлчийн гурван удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ын хувьд 27 дугаар Их Хурал ихийг хэлэлцэж, ирээдүйгээ төлөвлөх чухал хурал юм. Үүнтэй холбогдуулан хэдэн сарын өмнөөс нам доторх бүлэглэлүүд идэвхжиж, намын даргын суудал болон гал манаж байх ЕНБДаргад өөр өөрсдийнхөө хүнийг зүтгүүлэхээр хөшигний ард багагүй тэмцэлдээн нанчилдаанаас наагуур болж байсан. Энэ тэмцэл өнөөдөр бүрч хурцдаж даамжрах нь зайлшгүй.

Тэр мөчөөс  МАН-ыг хэн сэргээж, хөл дээр нь босгож чадах вэ гэсэн асуултын хариултад хэд хэдэн хүний нэр сонсогдож эхэлсэн. Тухайлбал, МАН-ын “Шинэчлэлийн хороо”-г далдаас удирдаж, санхүүжүүлдэг хэмээн хардлагад өртөөд байгаа экс Ерөнхий сайд асан С.Баярын нэр дуулдаж байгаа бол үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон Б.Бат-Эрдэнийн нэр мөн сонсогдсон.
 
Гэвч энэ нь олон нийтийн анхаарлыг татаж, өрсөлдөгчөө төөрөгдүүлэх гэсэн “нэр дэвшигч” нар байж магадгүй байна. Учир нь энэ хоёр хүний дундаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг гаргаж ирэхээр С.Баяр, Сү.Батболд нарын “нууц” тохироо байж болох таамаглал өндөр хувьтай байна. Гэхдээ МАН-ын их хурлын төлөөлөгчид намаа хүнд хэцүү цагт орхиж явсан удирдагчтай бүлэглэлээс намынхаа даргыг сонгох нь юу л бол...
 
МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн тус намд гол жин дарах хоёр хүчирхэг бүлэглэлийн дунд өрнөх нь тодорхой юм. Зүүний хүчний холбооний тэргүүн У.Хүрэлсүхийг эс тооцвол Н.Багабандиас угшилтай С.Баяр, Сү.Батболд нарын бүлэглэлтэй нүүр тулан цээж дээгүүр өрсөлдөж чадах цорын ганц бүлэглэл бол тус нам дахь “хотын бүлэглэл” юм.
 
Тус бүлэглэл мэдээж зүгээр хараад суухгүй, өөрийнхөө лидерийг МАН-ын намын даргын суудлын төлөө зүтгүүлэхээр чармайж байгаа нь улс төрийн хүрээнийхний хувьд хэнд ч нууц биш билээ. Тиймээс “хотын бүлэглэл” хотын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан, УИХ-ын дэд дарга М.Энхболдыг өрсөлдөгч нарынхаа эсрэг сөргүүлэн тавьж байна.
 
М.Энхболдыг ганцхан зүйл муухай харагдуулдаг зүйл бол өнөөх бүхий л хэвлэл мэдээллээр гардаг улиг болсон “газар”-ын асуудал юм. Үүнийг нь эс тооцвол МАН-ын даргаар ажиллах бололцоотой. Улс төрчийн хувьд чигч ноён нуруутай, зангарагтай зэрэг нь намын даргын суудалд дөхүүлж болох сайн үзүүлэлттэй хэмээн ажиглагч нар харж байгаа аж.
 
Харин бусад нэр нь дуулдаад байгаа санаархагчдын хувьд их бага хэмжээгээр нэр хүнд нь сэвтсэн, хүчирхэг байсан намынхаа нэрээр оролдож “Х” үсгийг хойд эцэг шиг ад үзсэн, хүнд хэцүү үед намаа орхисон, намаа удаа дараагийн сонгуульд ялагдуулсан зэрэг үзүүлэлтүүд нь доош  чангааж магадгүйг үгүйсгэх аргагүй юм.  
 
Мөн хурлын заалнаас  "ХЭН" гээч нь нэр тодорч, тоглолт хийхийг хэлэхэд хэцүү. Гэвч ямар ч үр дүнд хүрсэн байсан "улстөрийн хашир бурхинууд"-аа адлаж, шахлаа ч МАН шинэчлэгдэх, хөгжин бадрахын замд эргэлт буцалтгүй орох нь юу л бол.  Үсний сортоо буурал суутал намынхаа удирдлагуудтай хамт зүтгэж, парламентын халуун тогоонд өнө удаан "чанагдсан" хөгшчүүл ч зүгээр суух нь юу л бол. Алдсан нь их ч бас хийсэн бүтээсэн юмтай тэднийг дэмжих хэсэг бүлэг МАН-ын гишүүдийн дунд байж л байгаа.
 
Энэ бүхний хариултыг намын даргын суудалд аль бүлэглэлийн хэн сууснаас шалтгаалах аж. Мөн намын даргын суудлыг ямар бүлэглэл авахаас хамаараад гал манаж үлдэх ЕНБД-ын суудлын тохироог хийх нь ойлгомжтой.
 
Тоглоомын дүрмээс гарч, эх орноосоо түр дайжаад байгаа У.Хүрэлсүхийн бүлэглэл чухам хэний бүлэглэлийг дэмжиж ажиллах нь хүн бүхний анхаарлын төвд бий. Тэдэнд хоёр бүлэглэлээс чухам ирээдүйд юу амалж чадахаас хамаараад салхи хаашаа, хамхуул тийшээ л гэгчийн тоглолт гарах нь дамжиггүй юм. Магад “хотын бүлэглэл” У.Хүрэлсүхийн бүлэглэлд ЕНБД-ын суудлыг санал болгож, удирдлагыг гартаа авах ч юм билүү яаж мэдэхэв, таашгүй...
 
Энд тэндэхийн эрээвэр хураавар ”лойдер” цуглуулгаас бүрдсэн С.Баяр, Сү.Батболд нарын бүлэглэлийн түрлэгийг зогсоож, өрсөлдөж чадах цорын ганц өрсөлдөгч болох хотоор дагнасан боловсон хүчин “лидер”-үүдтэй хотын бүлэглэлийн сойж буй нэр дэвшигч хэр хол харайхыг МАН-ын их хурлын өдрүүдэд харах л үлдлээ. Тэд МАН-ын Шинэчлэлийн залуус шиг хөдөө орон нутгийн төлөөлөгчдийн санаа бодол, тархийг нь угаах гэж нэг их хичээсэнгүй. Учир нь орон нутгийн төлөөлөгчид өмнөх намын удирдлагууд шиг аманд нь орж хайрцаглагдаад байхааргүй болсон гэдгийг тооцоолсон байх.
 
Юутай ч намын даргын суудлаас илүүтэй, ирээдүйд ирэх удаа дараагийн сонгуульд намаа жинхэнэ утгаар нь шинэчлэн эрүүлжүүлэх, ялалт авчирч чадах тэрхүү удирдлагын багийг зөв сонгох нь МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн сонголтоос шууд хамааралтай юм аа... Цаашлаад МАН-ын цаашдын мандан бадрал, мөхөл, сүйрэл хаа хүрч зогсохыг тэд мөн энэ их хурлаараа шийдэх учиртай.

МАН-ын хувь заяаг их хурлын төлөөлөгчид шийднэ  
Үзсэн: 3893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-27 18:05
90 ond MAHN udirdlaguud ostsorch baisan shig MAH avligald holbogdood baigaa udirdlaguud ogtsorch chadah uu?
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2013-10-27 13:09
MAH GEJ ULAAN AVILGACH LUIVARCHID MAFIIN SULJEE BIZ DEE.TANAI NAM SONOX NI TODORXOI BOLCHIXCON SHUU DEE.O.ENKHTUVSHINGIIN EMGEN ZAN,N.ENKHBOLDIIN OBGON ZAN ENE NAMIIG SHUUDRUULCHIXSAN DAA XOORXII kkk

Бидэнтэй нэгдээрэй