
Олон зууны турш хуримтлагдсаар ирсэн уламжлалт мэдлэгээ түүхий эдтэйгээ хамтад нь гадагш алдсаар байгаа нэгэн сэдэв анхаарал татлаа.
Цагийн сайханд Вьетнам руу гаргадаг байсан чихэр өвсөө өнөөдөр Хойд Солонгосоос авч хэрэглэх болсон тухай яриа гайхаш төрүүлэв. Яаралтай тарималжуулж хамгаалах хэрэгтэй болсон тухай эмзүйн салбарынхан хэлж байна. Гэтэл Япон улс аль хэдийнээ монголоос нутагшуулсан чихэр өвсийг судалсаар байгаад элэгний “С” вирус эмчлэх бэлдмэл гаргаснаа өнөөдөр бидэндээ эргүүлээд өндөр үнэтэй худалдаж сууна.
Монголын шинжлэх ухааны сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх захирал, Техникийн шинжлэх ухааны доктор профессор С.Батмөнх, “Өндөр технологитой орнууд ургамал, амьтны гени ашиглаж байна. Япон улс өөрсдөө ургуулдаг гэж ярьдаг ч чихэр өвснөөс ялгаж эм хийдэг жинхэнэ нарийн бодис нь зөвхөн монгол хөрсөнд үүсдэг. Хятадууд шарилжаар маш их орлого олж байна. 1960-аад онд Вьетнамын дайны үед халуун орны хумх өвчнийг эдгээхэд хэрэглэж байсан нь өнөөдөр ч хэдэн зуун саяар орлого оруулсаар байна. Эрэвгэр жирэвгэр, хойлогийн мах барагшууны баас гээд манай амьтан, ургамал болгон цаанаа асар том генетик нөөцтэй. Үүнийг гадныхан ашиглаад л байна. Орж ирээд дуртай нь аваад гарна. Генийн дээжийг эмэгтэй хүн цүнхлээд гарчихад хэнд ч анзаарагдахгүй л зүйл”
“Нагояа”-д нэгдсэн Монгол
Дэлхийн биологийн нөөцийн нэг хувь нутагшин буй эрс тэс уур амьсгалтай манайхыг гадныхан зүгээр нэг сонирхоод өнгөрсөнгүй, тал бүрээр элдэвлэн судалж, энэ мэтээр эдийн засгийн үр ашиг хүртсээр удаж.
Тэгвэл, уламжлалт мэдлэг ихтэй, ургамал, амьтны генетик нөөц арвинтай ч түүнээ судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж амжаагүй улс орнуудыг хамгаалсан нэгэн портокол бий. Энэ бол 2010 онд дэлхий нийтээрээ баталсан “Нагояагийн портокол”. Бид 2012 онд нэгдэн орсон.
“Бусдад байгаа ургамал амьтны генетикийг ашиглаж эм бэлдмэл бүтээгдэхүүн гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд ашгаа эн тэнцүү хуваах ёстой”.
Ийм заалт бүхий олон улсын энэ гэрээнд нэгдэн орсоноор асуудал шийдэгдэхгүй, дагаж мөрдөхийн тулд хуулийн орчин шаардлагатай. Уг нь бид “Нагояагийн портокол” батлагдсан тэр жил буюу 2010 онд “Генетик нөөц, түүнийг ашиглах тухай” хуулийн төсөл боловсруулжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа ажлын хэсэг нь шинэчлэгдснээс өөр хийсэн зүйлээр маруухан 6 дахь жил рүүгээ орж явна.
Сүүлд, уламжлалт мэдлэгтэй уялдуул гэсэн үүрэг өгснөөс хойш байнгын хорооны босго даваад сураг тасарчээ. Эрдэмтэд яаралтай батлах шаардлагатай гэж үзсэн шалтгаанаа ингэж тайлбарлалаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Оюунбилэг, “Нэгдүгээрт монгол улс шинжлэх ухаанд тулгуурлан хөгжинө гэсэн бодлого ярьдаг. Үнэхээр эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа л юм бол шинжлэх ухаан, аж үйлдвэр хоёроо холбох нэг чиглэл нь генетик нөөц. Ургамал, амьтан зэргээ юунд хэрхэн хэрэглэдэг тухай бүхий л уламжилж ирсэн мэдлэг мэдээллээ хамтад нь гадагш алдаж улс, эх орон үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг хийж байгаа тохиолдол зөндөө боллоо”.
“Эрэвгэр жирэвгэр, зээргэнэ, чихэр өвс их хэмжээгээр гадагш гарч байгааг харахад эрэлт ихтэй байдаг бололтой ” гэж уламжлалт анагаахын эмч ярина билээ. Өнөөдөр 1000 гаруй зүйлийн эмийн ургамал байдгаас 20 гаруй нь устаж болзошгүй байдалтай, холбогдох яамнаас квот олгохоос бус эргүүлээд хяналт байхгүй учир бизнесийн зорилгоор эмийн ургамал зарах , хил давуулах явдал газар авсан байдалтай байна.
Ямар ургамлаа хэдий хэмжээтэй гаргаж, хэрхэн ашиг хүртэж байгааг тодорхой мэдэх аргагүй. “Хамаг юмаа алдлаа“ гэж араас нь халаглаж суухын оронд бид хамгийн түрүүнд хуультай болохоос гадна өөр зүйл ч хийх шаардлагатай тухай Монголын Биотехнологийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Арвинбаяр ярьж байлаа.
“Эхлээд бид өөрсдөө судалж тогтоогоод гадныхантай хамтран ямар баялаг байгаагаа мэдэх ёстой . Юу байгаагаа мэдэхгүй байж бухал манаж байгаа нохой адил баялаг байгаа гээд л суугаад байж болохгүй. Үнэхээр элгэнд сайн юм бол түүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй нотол, батал. Судалгаа шинжилгээ замбараагүй л яваад байна. Мэдлэг мэдээлэл бүгд үнэ цэнэтэй. Хүн төрөлхтөн бүхий л зүйлээ байгаль дэлхий ургамал амьтнаас л гаргаж авдаг шүү дээ. Үнэхээр шинжлэх ухаанд хэрэгтэй байгаад бодитоор ажил хэрэг болчхоор юм бол энэ боломжийг нь нээж өгье. Тодорхой хувиа ч хүртэе. Ер нь маш олон эмийн ургамал бий. Бүгд ямар нэгэн увидастай. Эндээс баялаг бий болгох хэрэгтэй.
Уламжлалт анагаах ухааны эмч, экологийн нөөц судлаач Э.Энхмаа: “Юмаа алдаж байна гэдгээ батлахын тулд ямар уламжлалт мэдлэг байна вэ гэдгээ эхлээд бүртгэх хэрэгтэй. Уламжлалт мэдлэгээ түгээн дэлгэрүүлнэ гэж ярьдаг. Нийгмийн ухамсар зөв бүрдээгүй цагт маш хэцүү. Гөрөөсний цус сайн хавдар эдгээнэ гээд хэлчхээр тэр дор нь намнаж дороо л дуусна. Хэл, ходоод, сав, чив гээд л 1990-ээд оны үед нэлээд устсандаа. Хөгжил гэж юу вэ? Өндөр байшин, барилга биш. Бидэнд дэлхийн ханаа ч байхгүй амьдралын хэв маяг, өвөрмөц амьтан, ургамал байна. Үүгээрээ мөнгө олж улс орны эдийн засгаа эргэлтэд оруулж аялал жуулчлалаа ч хөгжүүлэх хөшүүрэг болгох боломжтой. Хүмүүс богино хугацаанд асар их мөнгө олохын хүсэлд автсан нийгмийн уур амьсгал байгаад байна л даа. Ирээдүйд бид яах вэ гэдгээ давхар бодолцох л ёстой.”
Уламжилсан их мэдлэг ургамал, амьтны генетик
Өнгөрсөн намар Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны “Само” институт Оросын мэргэжилтнүүдтэй хамтран монгол хонины махыг зэрлэг аргалын махтай харьцуулсан судалгаа хийхдээ цэвэр экологийн гаралтай зэрлэг аргалынхаас нэг их ялгагдхааргүй шимтэй болохыг тогтоож, үргэлжлүүлээд яргуй идсэн ямааны мах ямар учир шалтгаантай болохыг ид судалж байна. Энэ мэт сөд өвс яагаад гэдэс доторт сайн байдаг, тэхийн шээг ямар учраас бөөрөнд тустай, нохойн хошуу чухам ямар учраас дархлаа дэмждэг, чонын хэлийг юуны учир хоолойн өвчин анагаахад ашигладаг, зэрлэг гахайн элэг, элгэнд, чийг бамд халгай яагаад тустай байдаг зэрэг хэдэн зууныг дамжсан уламжлалт энэ их мэдлэгийн биет бус өвөө өнөөдөр шинжлэх ухааны үндэслэлтэй судлан нотлох шаардлагатай гэсэн үг юм. Дээр нь энэ бүхнээ дагасан түүхий эд ургамал амьтны генетик нөөцөө судлах хэрэгтэй болж байна.
Эдгээр генетик нөөцийн тоо бүртгэл, судалгаа шинжилгээгээ хийхгүй л бол хамгаалах, судлах, цаашлаад эдийн засгийн үнэлгээ тогтоох, ашигласан тохиолдолд гарах үр шимийг хэрхэн шударга хуваарилах ямар ч боломж байхгүй гэсэн үг. Хатуухан хэлбэл байгаа мэдлэг, хийгээд баялгаа бусдын өгөөш болгосноор улс орноороо хүртэх ёстой ашгийг ганц нэг хүн мөнгө олох хэрэгсэл болгосоор байх юм.
Уламжлалт анагаах ухааны эмч, экологийн нөөц судлаач Э.Энхмаа: “Сүүлийн хэдэн жил маш харамсалтайгаар ургамлын нөөцийг минь ашиглахаас гадна сэргээгдэхгүй болгож байна. Үндэстэй нь авчихна. Бусдад зарж байгаа хүмүүс ямар ч мэдлэггүй. Эхэндээ Хятадууд их сонирхдог байсан бол дараа нь Солонгос. Сүүлийн үед Япончууд ихээр сонирхож, судалгаа шинжилгээний зорилгоор ашиглаж байна. Гэхдээ л харамсалтай санагддаг. Дурын гадныхан зүгээр л орж ирээд манай газар нутагт судалгаа шинжилгээ хийж хөрс ургамлаас минь дээж аваад явж байна. Ямар ч хяналт байхгүй. Хэрвээ бид гадаадад ургамал тасдаад хөрсийг нь сэндийчээд явж байвал дороо ирээд л биднийг бариад авчихна. Харин энд чөлөөтэй явж байдаг. Эрдэмтэд өөрсдөө хамтраад материал авах энэ тэрд нь хүртэл зуучлаад л явж байна.”
“Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ уул уурхай болгоод байгаа манайх шиг улс, хэрвээ “Генетик нөөцөө ашиглах” тухай хуультай болж хэрэгжүүлэхээр хичээх юм бол уул уурхай хоёрдугаарт тавигдах болно” гэж байгаль орчны мэргэжилтэн хэлж байна. Яагаад гэдгийг та бид бүгдээрээ хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнөөдөр дэлхий нийтээрээ био, нано зэрэг өндөр технологи руу явж байгаа энэ цаг үетэй хөл нийлэе гэвээс ухдаг алтнаасаа илүү ургуулдаг алт бүхий байгалийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг “Генетик нөөцийг ашиглах ” тухай хууль бий болгоно гэж үзэж байна. Үүнтэй Био Аюулгүй байдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү санал нэг байлаа.
Тэрээр, “Эмийн зорилгоор ашиглаж байна гэдэг нь ургамлын ашигтай шинж чанарыг мэдсэн таньсан, тодорхой түвшинд хэрэглээнд оруулж технологи шингээсэн гэсэн үг. Энэ хууль үүнд чухал ач холбогдолтой. Биотехнологи өөрөө дэлхийд өндөр технологи. Бүтээгдэхүүнүүд нь юун алт нүүрс. Тэр хэмжээгээр маш их ашигтай. Үүнд тоо бодоод ч хэрэггүй. Зүгээр л ашигтай гээд л бодчих. Аль ч оронд очсон эрүүл мэндийн боловсролтой ард түмэн химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгазалж байгаа. Био бүтээгдэхүүн энгийн бүтээгдэхүүнээс ч үнэтэй. Орчин үеийн биотехнологи эмийн талаас нь судалгаа хийж байгаа олон бүтээл байгаа ч сүүлийн үед удааширсан. Шинжлэх ухаанд зориулсан мөнгө улсын төсөвт бага. Улсын сан хөмрөгтэй их холбоотой.“
Байгаа юмаа баялаг болгох гэсээр байтал гадны улс оронд санаа өгч, бүр ашиглуулж байгаа энэ байдлаа олж харсан хэрнээ ажил хэрэг болгохгүй байгаа шалтгаан нь эрдэмтдийг сэрдлэг төрүүлэхэд хүргэжээ.
АНУ-ын Хавдрын Үндэсний хүрээлэн Малайзын ойн сангаас ДОХ болон хавдрын эсрэг эмчилгээнд ашиглах генетик нөөц гарган авсныхаа төлөө хоёр улс ашгаа эн тэнцүү хүртэхээр болж. Ногаягийн портоколд нэгдэж, түүнээ хуулиар зохицуулсан улс орны жишээ ийм байна.
Индонезоос эхлээд Сибир хүртэлх өргөн уудам газар нутгийг хамарсан ургамал амьтны генетик нөөцийг Япончууд ихэд сонирхон судлах болсон мэдээллийг гадны эрдэмтэд манайханд аминчлан дуулгажээ. Энэ зурвас хэсэгт байгаль цаг уурын эрс тэс нөхцөл бүхий “тэвчээр заасан” монгол орны ургамал амьтан хамаарч байна.
“Тоо бодоод ч хэрэггүй, зүгээр л ашигтай..." | ||
Үзсэн: 3468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.