Шууд Chart

Д.Хаянхярваа: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой

2016-12-20 14:13:34

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаас дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай  эсэхийг судалж үзэх ажлын хэсгүүдийг байгуулсан тухай МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нарыг томилсон бөгөөд дүгнэлтээ МАН-ын бүлэгт  танилцуулахаар болжээ.

Мөн Туул голыг тусгай хамгаалалтад авах болон цэвэрлэх байгууламжуудтай холбоотой асуудлаар УИХ-ын зүгээс хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах,  Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн талаар бүлгийн гишүүд санал бодлоо солилцсон. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнгөрсөн долоо хоногт  бүлгийн гишүүдийн ирцтэй холбоотой асуудал яригдлаа. Цаашид УИХ-ын гишүүдийн хариуцлага ямар байх, байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хэрхэн цаг баримталж оролцох асуудлаар гишүүд нэгдсэн байр сууринд хүрсэн. Гишүүд байнгын хорооны болон нэгдсэн чуулганд  цагтаа ирнэ.

Гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй тохиолдолд  олон түмэнд нээлттэй мэдээлж байхаар болсон” гэв. Тэрбээр Хөгжлийн банкны талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой. Хууль хяналтын байгууллага үүн дээр анхаарч ажиллах ёстой гэсэн шаардлагыг би хувьдаа  одоо ч тавьсаар байна” гэлээ.


Д.Хаянхярваа: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй