Шууд Chart

Компанийн засаглал хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

2013-10-31 09:03:55

Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг.

 
Компанийн сайн засаглалыг хөгжүүлэн төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо бүхий Компанийн засаглалын Үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
 
Зөвлөлөөс компанийн засаглалыг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд үүний нэг нь хувьцаат компани, төрийн өмчит хувьцаат компани болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг компанийн засаглалын өнөөгийн байдлыг судалж хамгийн анхны судалгааны тайланг хэвлэн гаргажээ.
 
Тайлангаас компанийн засаглалын хөгжлийн өнөөгийн байдлыг харж болох бөгөөд судлаачид, оюутнуудад гарын авлага болохуйц судалгаанууд багтсан. Энэхүү тайланг Засгийн газар болон  төрийн байгууллага, бодлого боловсруулагчид, компанийн засаглалыг хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн хүрээнд тайлагнах, мөн “Компанийн засаглалын кодекс”-ын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх зорилгоор “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”  тайлан, хэлэлцүүлгийг 11сарын 1-нд зохион байгуулах юм байна.
 
Тайлан, хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, ажилтан нар, Төрийн өмчийн хорооны удирдлага ажилтан нар, КЗҮЗ-ийн гишүүд, КЗҮЗ-ийн хамтын ажиллагааны санамж бичигт нэгдсэн байгууллагууд, хувьцаат компани, төрийн өмчит компани, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, аудитын компани, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм.
 
Түүнчлэн тайлангийн үр дүн, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж түүнийг үр дүнтэй хэрэгжүүлснээр аливаа компанийн нээлттэй ил тод, хариуцлагатай байдал сайжран хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг эрчимтэй хөгжих таатай орчин бүрдэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа ажээ. Энэхүү тайлан, хэлэлцүүлэг нь төрийн болон төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн оролцоог бий болгохын зэрэгцээ компанийн тухай хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулах, компанийн засаглалыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр болох юм.

Компанийн засаглал хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй