
Манай улс 21 аймаг, 330 сум, 1000 гаруй багтай. Тэгсэн хирнээ нийт газар нутгийнхаа өчүүхэн бага хэсэгтээ талаас илүү нь суурьшиж байна. Цэцэрлэг сургуулийн хүрэлцээнээс эхлээд элдэв асуудалтайгаа эвлэрчих шахам амьдарцгаана. Энд ийм амьдрал буцалж байхад харин тэнд 1000 хүрэхгүй шахам хүн амтай сумын төв эл хулихан. Тэнд сургуулийн нэг ангид 10 хүрэхгүй шахам хүүхэд сурна. Статистикийн байгууллага болоод мэргэжлийн судлаачид, хүн ам нь 1000-аар тоологдох эзэнгүй шахам болж байгаа сум олон болсон тухай ярьцгаав. Бүр зарим мэдээллийн хэрэгслээр “ийм ийм аймаг сум хамгийн түрүүнд алга болно” гэв. Тэгээд одоо яах ёстой, юу хийх ёстой вэ? Ингээд л яваад байх уу, хариулт хайцгаая.
Яг үнэндээ төв суурин газраа бараадах шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэж улиг болтол ярьсаар байгаад чих дөжирчхөж. Үүнийг заавал нотлох гээд ч байх шаардлага алга. Харин цаашдаа энэ маягаар төвд тэмүүлсээр байх юм бол 2050-2060 он гэхэд аймгууд эхнээсээ үгүй болж эхэлнэ гэлээ. 2010 онд хийсэн хүн амын хамгийн сүүлийн тооллогын мэдээллээс харвал нэг нь 1000 хүрэхгүй хүн амтай байхад нөгөө нь 20 мянга хол давсан хүн амтай сум ч байна. Гэтэл 6 дүүрэгтэй Улаанбаатар хотын зөвхөн нэг хороо хөдөөх сумын хүн амаас хэд дахин их оршин суугчтай. Хүн амын байршил тархалтын энэ мэт тэнцвэргүй байдалд олон хүчин зүйлийн нөлөө бий.
Хүн амзүйн сургалт судалгааны төвийн захирал Ц.Болормаа: Шилжих хөдөлгөөний язгуур шалтгааныг нь олж харах хэрэгтэй.Өнөөдөр засаг захиргааны нутаг дэвсгэрийн хуваарилалт хэр оновчтой вэ гэдгээ төр засаг эргэж хараасай. 330 жижиг суманд хуваагдах нь ач холбогдолтой юм уу үгүй юу гэдгийг маш сайн судалгаа шинжилгээ дүгнэлт гаргаад бодлого боловсруулах хэрэгтэй. Яагаад гэвэл төрийн нийтлэг үйлчилгээг орон нутагт хүргэнэ гэдэг маш их зардал, цаг хугацаа, хүн хүч хөдөлмөр, санхүүжилтийг биднээс шаардаж байна. Өнөөдөр шилжих хөдөлгөөн зохицуулдаг бодлого байхгүй...
Яг үнэндээ бүртгэл талаас нь л зохицуулдаг механизм байгаа. Тэрнээс нэг газраас нөгөө рүү шилжин ирж байгаа явж байгаа хүмүүс хооронд бид ямар зохицуулалт хийх ёстой, нэгийг нь дэмжих үү, дэмжвэл хэрхэн дэмжих ёстой вэ? Нэгэнт хүрээд ирсэн хүнийг бид дэмжихээс өөр арга байхгүй. Энэ бол Хүний эрхийн болоод хөгжлийн асуудал, амин зуулгын асуудал. Тэгвэл шилжих гээд байгаа хэсгийг шилжихээс нь өмнө хэрхэн сэргийлж болох вэ гэдэгт илүү их анхаарах хэрэгтэй.
Угтах бодлого үгүйлэгдэж байна
Тогтвор суурьшилтай орчин нөхцөл бүрдээгүйгээс аль болох амьдралаа залгуулах боломжтой тэр зүг рүү нүүдэл тасралтгүй цувсаар. Гурван жилийн өмнө Үндэсний статистикийн хороо, аймгуудын хүн амын өсөлт хэтдээ ямар байх тооцоог төрөлтөд суурилан явуулсан байх юм. Энэ судалгаанд Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгий зэрэг 5 -аас бусад аймагт хүн амын тоо тасралтгүй цөөрчээ. Аажмаар буурч байгаа энэ үзэгдэл хүн ам харьцангуй цөөнтэй Дундговь, Говь-Алтай, Булган, Завхан аймагт хамгийн хүчтэй ажиглагдах бололтой. 2000 онд шилжих хөдөлгөөнд хийсэн өөр нэгэн судалгаагаар зуд турханд өртөж малгүй болсон иргэд амьжиргаагаа залгуулахаар ирж байсан бол өнөөдөр үр хүүхдийнхээ ирээдүйг бодсондоо хаана чанартай боловсрол, хаана төрийн үйлчилгээ хүртээмжтэй байна тийшээ л явах болжээ. Гэтэл өөр нэгэн шалтгаан бас байна.
МУИС-ын Шинжлэх ухааны багш, Хүн амзүйн судлаач Т.Навч: Яагаад аймгийн хүн ам цөөрөөд байна вэ гэвэл тухайн аймгийн хүн амын нас хүйсийн бүтцэд эрс өөрчлөлт орж байна.Энгийн жишээ, хотод суралцахаар ирсэн оюутнууд эндээ шингэдэг. Аймаг сумын хүн амд эзлэх хөдөлмөрийн насны идэвхтэй залуучууд бүгд суурин газар бараадан нүүчихсэн. Хүн ам зүйн үүднээс авч үзвэл олон үр дагавар гарна. Төрөлт гэрлэх насны хүн байхгүй төрөлт буурах гээд дам дамаа маш олон үр дагавар гарч байна. Яагаад буцахгүй байгаа шалтгаан ойлгомжтой. Сумын төвд хэдхэн тооны төрийн албаны ажил байдаг. Байгууллага аж ахуй нэгж гэхээр 5 аж ахуй нэгж гэсэн 4 дэлгүүр нэг эмийн сан л байх жишээтэй. Аливаа зүйл хоорондоо уялдаа холбоогүй нэгч алхам ахихгүй. Тиймээс төрийн цогц бодлого нэхэгдэж байна. Судлаачийн нүдээр харахад өнөөдөр улс төрчид зориг гаргахгүй байна гэж боддог.
Жилд хот руу 30 орчим мянган хүн шилжин ирж, аймгуудын хүн амын тоо энэ хэмжээгээр буурч байна. Саяхны нэг хэвлэл дээр ийм нэгэн санааг шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гаргаж тавьсан байлаа. Түүнд, “Дэлхий нийтийн улс төрийн байдал тогтворгүй, мөргөлдөөн дайн тулаан хаа сайгүй гарч байна. Ийм үед бид нэг газраа шаваад байж таарах уу гэдэг асуулыг ч бодож үзэх цаг нь болсон. Хүн амаа хэт нягтаршуулж, бага талбайд цуглуулж байгаа нь цэрэг стратегийн талаас нь аваад үзвэл маш ноцтой үр дагаварт ч хүргэж мэднэ. Муугаар бодоход, ганц бөмбөгдөхөд хүн амын тал нь үгүй болно гэсэн үг шүү дээ ” гэж бичсэнийг уншаад нэгэн бодлын инээд хүрсэн ч нөгөө талдаа Үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн харснаа сонсогч тантай хуваалцмаар санагдав. Саяхан баталсан Хөгжлийн бодлогын баримт бичигт хэтдээ шилжилт хөдөлгөөнөө хэрхэн зохицуулсныг тодруулъя.
Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Г.Жаргал: Тухайлбал, 2040 он гэхэд монгол улсын шилжих хөдөлгөөн хэрхэн зохицуулагдан хүн амын тэнцвэрт байдал ямар хэмжээнд хүрсэн байх эсэх гэсэн дүр зураг ерөөсөө харагдахгүй байгаа. Цогцоор нь шинэчилсэн хүн амын бодлогыг боловсруулсан. Харамсалтай нь яагаад батлахгүй байгааг нь хэлж мэдэхгүй байна. Хүн амын бодлогоо тусгайд нь авч үздэг яам өмнө нь байгаагүй. Аль нэг яамны харьяанд жийрэг болгон авч явж байсан. 2012 оноос хойш тусдаа яам бий болж хүн амын гол асуудалдаа анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хугацааны хувьд арай л удаад байна уу даа. Хүний амьдрал тасралтгүй үргэлжилсээр. Богино хугацаанд асар олон шийдлийг хурдан гаргах шаардлага байна. Гэтэл төрийн бодлого, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хоцроод байна.
Урт хугацааны хөгжлийн бодлогод газар нутагтаа хүн амаа тэнцвэртэйгээр байршуулна гэсэн байдаг. Нийслэлийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр шилжилт хөдөлгөөнийг багасгахаар янз бүрийн л ажил санаачлан хэрэгжүүлэх болсон. Татвар авах, шилжилтийн төлбөр авах, тодорхой хугацаанаас хойш шилжин ирэгсдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх гэх мэт хааж боогдуулсан шинжтэй хатуухан хэлбэл хаяа тойрсон санаачилгууд байсныг хэллээ. Гадны улс орнуудын жишээ ямар байдаг юм бол, сонирхоё.
Хятад улс. Эдийн засгийн хувьд хүчирхэг энэ улс бүс нутгийн хөгжилдөө хөрөнгө хүчээ чиглүүлж явна. Хорь, гучин мянган хүн амд зориулсан томоохон хотуудыг бий болгож шилжилт хөдөлгөөнөө зохицуулах бодлого хэрэгжүүлж байна. Гэхдээ хаана ямар суурин байгуулах вэ гэдгээ бодолцох ёстой гэдгийг тэдний жишээ харуулж байгаа. 30 мянгаар төлөвлөсөн хотод өнөөдөр 5000 хүн шилжин суурьшиж “сүнстэй хот”-ууд гэсэн нэршилтэй болсон.
Австрали улс харин хүн амьдарч болох хамгийн давуу талтай газартаа суурьшсан байдаг. Газар нутгийнхаа бусад хэсгээ аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж жуулчид хүлээж авдаг. Хойд хөршийн хувьд дэд бүтцийн асуудлаа шийдчихээд дараа нь хотоо байгуулж байна. Казахстан улс төвлөрлөө сааруулах бодлого хэрэгжүүлэхдээ нийслэлээ шилжүүлсэн. Гэтэл манайх шилжин ирэгсдийнхээ араас хөөсөн бодлого явуулж байгааг харвал бидэнд угтах бодлого үгүйлэгдэж байна
Гарц, шийдэл нь юу вэ
Хэт жижгэрсэн засаг захиргааны нэгж тийм ч оновчтой биш юмаа гэдгийг өнөөгийн бидний амьдрал харуулсаар байна. Тэгвэл ямар гарц шийдэл гаргалгаа байна вэ, Төв суурин газар, хот хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлаас үүдэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр л байх нь. Зүй нь төр санаачилга гаргаж, улс төрчид нь зоримог алхам хийж л байж улс орноо эзэнгүйдлээс гаргана. Тээврийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлтөд нэрвэгдэн суугаа алслагдсан газар суурьшиж байгаа иргэд нэг хэсэг Бүсийн нэмэгдэл олгох тухай дуулдаж, УИХ-аар хүртэл хэлэлцсэн ч ажил хэрэг болоогүй. Нийт хүн амын 12 хувь нь хилийн бүс, хязгаар нутагт амьдран суудаг. Тэд хэрхэн шийдэхийг чих тавиад л сууж байсан байх.
Хүн амзүйн судлаач Т.Навч: Төрийн цогц бодлого хэрэгжиж байж бүтнэ. Засаг захиргааны нэгжийн тухай хуульд тун яаралтай өөрчлөлт оруулахгүй бол сонгууль гээд гишүүдэд хэрэгтэй байдаг байх л даа. Олон тойрог, олон нэгжүүд болгохоор жалга довноосоо гарах сонирхолтой байдаг байх л даа. Ховд аймаг яагаад сайхан хөгжиж болдоггүй юм. Дорнод аймгийг бүсийн том төв болгож яагаад хөгжүүлж болдоггүй юм. Тэр олон сумаар яах юм. Яагаад нэгтгэж болдоггүй юм гэдэг асуулт хамгийн түрүүнд тавимаар санагддаг. Дараа нь, их дээд сургуулийн дийлэнх нь Улаанбаатарт. Энэ бүгдийг цогцоор нь шийдэх цаг хэзээний болсон. Хүчээр сааруулна гэж байхгүй. Бодлого , яамд хоорондын уялдаа алга. Асуудлыг маш сайн тавьж хийх цаг болсон. Миний мэдэх 15 жил хоосон ярьлаа. Ямар ч үр дүн гарсангүй. Судалгаа байгаа, тоо байгаа. Хийх ажил нь дутаад байна. Ажил болгохгүйн бол судалгаа хийгээд яах юм.
Сум орон нутагтаа эзэн нь болж суугаа, эзгүй мэт орхилгүйгээр эль хулихан орчиндоо энгийн амьдарч яваа залуусаасаа, “аймаг эзгүйрч, сумд алга болно“ гэж хатуухан хэлсэндээ хүлцэл эрье. Нуулгүй хэлэхэд судлаачид орон нутгийн нэр дурдаж хэлэхээсээ болгоомжилж байлаа. Яагаад гэвэл тэднээ хүндэтгэснийх биз ээ. Яг үнэндээ төв суурин газраа бараадах шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэж улиг болтол ярьсаар байгаад дасчихаж. Чихнийхээ дөжрөөг гаргахын тулд хааяахан боловч хатуухан хэлэх хэрэгтэй болов уу...
“Аймаг эзгүйрч, сумд хумигдах гэж үү...” | ||
Үзсэн: 5382 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.