
МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний плей-оффын аялан тоглолт Архангай, Баянхонгор аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.
Улиралд Баруун бүсийг Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” талбай дээрээ дөрөвдүгээр байраар шалгарсан Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” багийг хүлээн авлаа. “Дайчид” ч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсангүй. Тоглолтын эхнээс талбайн эзэд бүх талаараа илүүрхсэн юм. Улмаар тэд өрсөлдөгчөө 111:100-гаар буулган авч, гэрийн даалгавараа онц дүнтэй биелүүлэв. Тус тоглолтод “Дайчид”-аас Р.Тюрнер 32 оноо, есөн самбар, зургаан оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлсөн бол БНАСАУ-ын легионер тоглогч Ким Чоль Мёнг 17, О.Энхбаатар 15 оноо, 12 самбар, ОУХМ Э.Цэвэлдорж 11 оноо авлаа. Харин “Баянхонгор Мазаалай” багаас Баасандорж 25, Анхбаяр 18, Төгсцогт 16 оноо авсан бол М.Даваадорж 12 оноо, 10 оновчтой дамжуулалт өгөв.
Цувралын хоёр дахь тоглолт Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотод үргэлжилсэн. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Үндэсний лигийн Баянхонгор хот дахь аялан тоглолтыг нээн үг хэлж, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр тоглолт эхэлсэн юм. Жинхэнэ утгаараа талбайн давуу тал Монголд гарч, нутгийнх нь үнэнч фанатуудын хүчтэй дэмжлэг “Баянхонгор Мазаалай” багийн залуусыг эрчилж, тоглолтыг гайхалтай эхлүүлсэн юм. Гэхдээ хоёрдугаар үед хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” шилдэг тоглолтоо үзүүлж, онооны давамгайллыг авсан юм. Улмаар тэд тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө талбай дээр нь 104:79-өөр буулган авлаа.
Ийнхүү “Дайчид” цувралыг 2:0-ээр тэргүүлж, “Баянхонгор Мазаалай” багийг хүнд байдалд оруулав. Тус тоглолтод “Дайчид”-аас Тюрнер 22 оноо, Дорж-Арилд 14, Ким Чоль Мёнг 13, О.Энхбаатар 11 , Маркус Хэммондс 11 оноо, 11 самбар авчээ. Харин Баянхонгор аймгийн багаас Төгсцогт 16 оноо, 14 самбар, Анхбаяр 13, Мөнхбат 13 оноо, 12 самбар авсан байна. “Архангай Алтан Дорнодын Дайчид” нэг хожил авахад дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах бол “Баянхонгор Мазаалай” хожигдох эрхгүй боллоо. Монголын сагсан бөмбөгчид ийнхүү аялан тоглолт 1400 гаруй км замыг туулан шинэ түүхийн хуудсаа зузаатган Улаанбаатар хотноо ирлээ.
Үндэсний лигийн плей-оффт учраа таарсан Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” Дундговь аймгийн багийн цувралын эхний тоглолтод Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо. Тоглолтын эхнээс “Сүхбаатар Альянс Тех” тэргүүлсээр өрсөлдөгчөө 103:82-оор хожсон юм.
Мөн плей-оффын эхний шатанд оноолт таарсан Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” болон Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе” багийн цувралын эхний “уулзалт” боллоо. Хоёр багийн дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсний эцэст “Ховд Алтайн Аргаль” 95:93-аар хожив.
Плей-оффын аялан тоглолт үргэлжилж байна | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.