
/Нобелийн шагналт, Олон улсын химийн зэвсгийн шинжээч Доржпаламын Эрдэнэцогтын тухай радио хөрөг/
“Найм хүрсэн жилээ анх байшин гээч юманд орж үзээд нэг их цуурайтахад нь мэл гайхаж билээ. Малын захад өссөн хөдөөний бор хүү ингэж л сумын төвийн сургууль бараадан 18 хүрсэн дээ. Би эгч дүүс арвуулаа айлын дунд хүү. Бүсгүйчүүд олонтой болоод ч тэр үү ахыг цэрэгт мордсон жил гэрийн бүх ачаа нуруун дээр минь ирсэн юм шиг л санагдаж билээ.
Д.Эрдэнэцогт: Миний аавыг Доржпалам гэдэг. Халхын голын байлдаанд оролцож явсан ахмаддайчин хүн. Цэргээс халагдаж ирээд хөдөө мал маллаж байлаа аав минь. Ишиг хурга хөнгөлөх, адуу эмнэг сургах, сур элдэх гээд . Аав бурхан болж, ах цэрэгт явсан тэр жил бүх л үүрэг хариуцлага ирж билээ. Яггүй юмны нэг нь тэмээний эрэлд явах санагддагсан. 15-16 –тай л байсан байх. 7хоног 200-300км газар алдсан тэмээний эрэлд ганцаараа явахдаа эзгүй хээр эмээлээ дэрлэж хоночихоод, хаданд тогтсон усаар цай чанаж уугаад л ийм үе олон байсан. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ижий минь их хэлнэ. Хөдөөний хүүхдэд эцэг эхийн хүмүүжил маш чухал. Үгэнд их ордог ч бас л сахилгаггүй талдаа байлаа.
Хөдөө ахуй хүүхдийг ажилд сургаж хүмүүжүүлдэг гэж боддог. Хоёр хүүхдээ багад нь хөдөө явуулчихдаг байлаа.Миний багад тэмээгээр нүүдэллэдэг байсан ч биднийг хичээл хийгэхийн тулд том ширээ сандал авч өгчихөөд , өөрөө газар завилж суун хоол ундаа иддэг байсан даа миний аав. Хөгжмийн боловрол дээшүүлэхийн тулд тухайн үед 180 төгрөгөөр гармон хөгжим авч өгч байсансан. “Монголын нууц товчоо”,“Тунгалаг тамир”номыг сумын дэлгүүрээс худалдан авч уншуулдаг байлаа. Манай гэр бүлээс хоёр доктор бий. Миний том эгч Д.Сумъя яруу найрагч, эрдэмтэн зохиолч хүн бий. ШУА-ын Түвд хэлний секторийн эрхлэгчээр ажилладаг. Бас Монголын радиод ажиллаж байсан найруулагч Д.Нансал гээд эгч минь Ч.Алтан-Өлзий жүжигчний гэр бүлийн хүн.
10 жил гэдэг ажил ихтэй үед анзаарагдамгүй өнгөрчихдөг юм билээ. Эгчийн, аавд зориулж бичсэн дууг эрхгүй аялаад эхлэхээрээ нутгаа саначихсаны шинж юм уу даа. “Талын гурван Улаан“ гэж. Тив дэлхий дамнан нисэхдээ нутгийн зүг хараа сунгана. Төрж өссөн талын гурван уул минь яг л нүднээ торойдогсон. Их л өвөрмөц санагддаг юм.
Д.Эрдэнэцогт: Би Завхан Аймгийн Ургамал суманд төрсөн. Хүй цөглөсөн буйран дээрээс авсан гурван чулууг ижий минь бурхан болохоосоо өмнө надад өгч билээ. Одоо хүртэл авч явдаг юм. Хүнгийн гол, Бор хярийн элс,Талын гурван улаан уулаа харахаар аньсага чийгтээдл ирнэ. Монгол малчны хүү таван тивийг хэрэн нөхдийн хамтаарнобелийн шагнал авсан гээдбодохоор аав ээж, ард түмнээрээ нутаг усаараа бахархах сэтгэл эрхгүй төрнө. Ажлаа хийж явахдаа төрсөн нутгийнхаа дээгүүр мөн ч олон удаа нисэж өнгөрсөндөө.
“ Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо ” гэж Сумъяа эгчийн дуунд гардаг шиг яг л тийм хоорондоо холбоотой гурван улаан уул харагддаг юм. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэн өдий зэрэгтэй хүн болгон төлөвшүүлсэн монгол ахуйгаа мөнхөд сүслэх минь. Африкийн ширэнгэнд, Сирийн цөлд, Сибирийн тайгад олон аавын хүүтэй мөр зэрэгцэн ажиллахдаа “Монгол хүн” болж, монгол эцгийн ухаан дор хүмүүжсэнд би битгий хэл бусад нь хүртэл бахархдагийг мэдэрсэн.
Ай, нүүдэлчин монгол ахуй сонгодог хэв шинжээ цор ганцаар хадгалж үлдлээ гэж дэлхий нийт зүгээр нэг онцлоогүйг би тэгэхэд л ухаарсан. Би залбирдаг юм. Хаа ч байхгүй “сонгодог орчинд” өсөж торнисондоо,тос даасан Монгол хүү болж төрсөндөө, эх орон ижий аавдаа талархан , сүслэн залбирдаг даа.
Д.Эрдэнэцогт: НҮБ-д 11 жил ажиллалаа. Бусад орны шинжээчид нарнаас хамгаалах, харшлаас сэргийлэх тос байнга түрхэж байгаа харагддана. Миний хувьд өөр шүү. Багаасаа зуны гурван сар чармай нүцгэн гүйж өссөний буян уу борогшуу болсных дархлаатай. Сүү тараг, цагаа идээ амталж өссөнийх шүд өвдөх зовлонгүй. Африкт ажиллахад хумх, малиар өвчнөөс сэргийлж эм уулгадаг байсан юм. Би огт хэрэглэдэггүйбайсан дархлаагаараа л давж гарсандаа. Монгол хүний удамшил, генетикийн онцлог нүүдэлчин ахуй малчины хүүг хүнд бэрх газар ажиллахад нь энэ мэтээр авч гарсан гэж би боддог юм. Ганцааар эзгүй хээр малын эрэлд явж байсан минь хүртэл багаасаа сэтгэлзүйгээрээ бэлтгэдсэнхийх. Өдөр бүр хонь тоолдог байсны хэрэгч ч гарсан шүү. Газардоорх агуулахадхэдэн мянган зэвсэг ангилж ялгаад төвөггүйхэн хурдан тоолчихно.
Бусад орныхон хооронд нь хольж будилах нь их л харагддаг юм. Хамгаалалтын битүү малгай удаан өмсөхөөр хөлс их гарч малгай тогтоход бэрх болчихдог юм. Европын шинжээчид үс нь халцарсаар малгай нь мултарч унаад хордох зовлон бий. Миний хувьд багадаа үсээ их хусуулсных үс өтгөн сайн тогтдог гээд энгийн зүйл их л ажиглагддаг.Монгол хүнд дасан зохицох чадвар маш өндөр. Угаалгын машин эвдэрчихэд л гадныхан хувцасаа цэвэрлэж чадахгүй яваад л байна. Монгол хүн бол төмпөнд ус хийгээд л өдрийн хэд угаагаад сэгсрээд л өмчихнө. Халбаггүй бол хоолоо идчихэж чаддаггүй. Монгол хүн бол аргыг нь олоодл явчихна. Бусдын гарыг харалгүй юмханаар юм хийж чаддаг онцлог монголчуудад бий.
Намайг монгол хурандаа, монгол шинжээч, Монгол дайчин гэж дууддаг. Тийм болохоор улам нэр хичээнэ. Анх монголыг ядуу буурай хэмээн үл ойлшоодог байсан. Хамгийн хортой нөхцөлд олон цгаар ажиллах, хамгийн түрүүнд томилолтоор газар очиж ажиллаад ирэхээр хандага, монголыг үнэлэх үнэлэмж өндөр болсон доо. Бусдаас хоёр хуруу ч болов давуу байж л нэр хүндээ өндөрт өргөнө.
Жилийн 365 хоногийн талаас илүүд нь томилолт өвөртлөн, тусгай ажиллагаанд явдаг миний ажлыг манай гэрийхэн яг үнэндээ мэддэггүй байсан. Санаа сэтгэлийг нь зовоочихвий гэсэндээ дэлгэж яриад ч байдаггүй.Харин ойрдоо хэвлэлийнхэн ярьж бичээд байхаар хар авч гадарладаг болсон байх. 3 сарын аяны тоосоо гөвж амжаагүй байхдаа л “явъя“ гээд дахиад томилолт авдаг намайг “хэнхэг” гэж харах хүн байхад өөрийнх нь өмнөөс явах болсонд талархах нэгэн ч бий.
НҮБ-ын дэргэдэх Химийн зэвсэг хориглох манай тусгай байгууллага 2013 онд Нобелийн Энх тайвны шагнал авлаа. Даян дэлхийг энх амгаланд хүргэх манай нөхдийн үйл хэргийг дэлхий нийт үнэлсэн болов уу. Энэ бол миний амьдралын олон сайхан мартагдашгүй мөчүүдийн нэг. Тэр үед “хэнхэг” би Оросын Сибирийн тайгад химийн зэвсэг устгаж яваад мэдээгүй байж билээ. Томилолтоос ирэхэд хамт олон минь сайхан мэдээтэй угтаж, Химийн зэсвгийн хориглох байгууллагын ерөнхий захирал ахмад Үзүмчи “Нобелийн шагналт багийн гишүүн мөн” гэсэн батламж, медаль гардуулахад нь эх орон, элгэн нутаг талын гурван улаан минь нүднээ зурсхийгээд эрхгүй уясч аньсага чийгтээд ирсэнсэн.
Д.Эрдэнэцогт: Энэ шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр ирж манай байгууллагад гардуулсан байсан. Нэг өглөө дэлхий даяар Химийн зэсвэг хориглох байгууллагад Нобелийн шагнал гардууллаа гэж мэдээлэхийг сонсоод нулимс цэлэлзээд л ирсэн. Тусгаар тогтносон монгол улсын иргэн орос, америкийн дайчидтай мөр зэрэгцэн НҮБ-д ажиллаж байгаагаараа бахархсан. Нобелийн шагналыг, Дэлхий дээрх химийн зэвсгийн 80 хувийг устгаж, түүн дотроо химийн зэвсэгтэй гэгдэх Сири, Ирак, Ливи улсыг гишүүнээр элсүүлж химийг зэсгийг нь устгасаныг үнэлж өгсөн. Манай байгууллага 200 шинжээчтэй. Тэднээс химийн зэвсэгтэй гардан ажилладаг нь 20, 30-аадхан байдаг. Баг дотроо хүнд хортой нөхцөлд хамгийн олон цагаар ажиллдаг урдаа барьдаг шинжээчдийн нэг нь монгол хүн байгаад, жинтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байдаг.
Бидний гол ажил химийн зэвсэг устгах. Химийн зэвсэг устгах үйлдвэр нэг ажиллаад эхэлбэл тасралтгүй 24 цагаар үргэлжилнэ. Хагас бүтэн сайн, баярын амралт гэж байдаггүй. Гадуураа 3-4 давхар хамгаалалттай гарах эрхгүй өдөр шөнөгүй ажиллах ёстой болдог. Тухайн газрын ард иргэдэд хортойд тооцогддог учир нууц байх ёстой. Тиймээс хот суурин газраас хол онцгой объект байдаг. Гэр орноо санаж, сэтгэл санааны дарамтад орж ганц хоёр жил ажилчихаад өргөдөлөө өгөөд гардаг тохиолдолбий. Миний адил 11 жил ажилласан хүн ер нь ховор.2017 онд химийн бүхий л зэвсгийг устгаж дуусах ёстой. Орос Америк хоёр хугацаандаа амжихааргүй байгаа тул 5 жилээр сунгаж магадгүй байгаа.Химийн зэсвгийн шинжээч гэдэг өндөр эрсдэлтэй үхлийн зэсвэгтэй харьцаж ажилладаг хүн юм. Нэг л буруу зүйл хийвэл багийханаа амь нас эрүүл мэнэд эрсдэл учруулж бологүй онцгой нөхцөлд ажилладаг. Тиймээс бидний ахуй нөхцөл аюулглй байдал хууль дүрэм станадартаа нарийн чанд сахидаг. Нэг удаа хэт халуун нөхцөлд ажиллаж байгаад багийн гишүүн маань ухаан алдаж унаад чирж гаргаж байлаа. Арабын орнуудад ажиллаж байхад автомат буугаар машин руу шүршиж,танк эсэргүүцэх пуужингаар буудаж, минэ дэлбэрэх, барьцаанд орох асуудал гарна. Нууцлалын зэрэглэлд оруулчихдаг. Эх орондоо эсэн мэнд ирж үр хүүхэд гэр бүлтэйгээ элэг бүтэн уулзах шиг сайхан зүйл байхгүй. Миний гэр бүлээс асар их тэсвэр тэвчээр шаардана. Миний хувьд ч хатуужил , хүч хөдөлмөр дадлага туршлага боловсрол шаарддаг байлаа.”
Энх тайвны энэ том шагнал надаас өмнө, энхийг сахиулах ажилд жим гаргасан монгол нөхдөд минь хамаатай хэмээн Доржпаламын Эрдэнэцогт хуучилсан юм. Дэлхийн амьд бүхнийг хэд дахин устгахад хүрэлцэх хөнөөлт зэвсгийн нөөц улс орнуудад одоо ч байсаар л байна. Үй олноор устгах аюултай цөмийн, биологийн, химийн зэвсгийг бүр мөсөн устгах зорилготой Олон улсын байгууллага 1997 онд бий болж, Гааг хотод төвлөрсөн байдаг. Тэр жил нь монгол улсаас анх удаа Бригадын генерал Хүрлээ химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр 7 жилийн хугацаатай ажиллаж. Түүний халааг Зэвсэгт хүчний Химийн цэргийн мэргэжлийн офицер хурандаа Нармандах үргэлжлүүлсэн юм.
“Химийн зэвсэг устгах байгууллага монгол мэргэжилтэнүүдийн гавъяаг одоо хир нь үнэлдэг. Нобелийн шагнал хүртсэн даруйдаа л Бригадын генерал Монтойн Хүрлээ, хурандаа Загдийн Нармандах нарт талархалаа тусгайлан илэрхийлж байсан ” гэж Доржпаламын Эрдэнэцогт нөхдөө, албаа дурссаныг уламжилъя.
Химийн үйлдвэр өндөр хөгжсөн улс оронд олон зуун удаа томилолт өвөртөлж, нууцлалын зэрэглэлтэй тусгай орчинд ажиллах амаргүй даваа. Онц аюултай хэдэн мянган тонн хорт бодисоор цэнэглэгдсэн олон сая их буу, хэзээ ч тэсэрч дэлбэрч мэдэх галт бөмбөг, пуужин, мина, гранат гээд байлдааны галт хэрэгслүүдийг халгүй болгох энхтайвны үйлсэд 200 гаруй улс нэгдсэн. Гэхдээ тэднээс зөвхөн химийн зэвсэг устгах гэж газар дээр нь очиж нүүр тулдаг 30 хүрэхгүй мэргэжилтэн байх нь.
Тэдний нэг нь монгол дайчин, монгол хүн, монгол улсын иргэн, монгол мэргэжилтэн Доржпаламын Эрдэнэцогт. Хамт ажилладаг нөхдийнх нь дууддагаар “Монгол“ Эрдэнэцогт, Өнгөрсөн өвөл томилолтын хугацаагаа дуусгаад эх орондоо ирсэн. Ингэж л монгол шинжээч НҮБ-ийн томилолт өвөртлөн 40 гаруй оронд 2000 гаруй удаа ажиллаж. Одоо харин монгол залуустаа мэдлэг туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэл өвөртлөн байна.
Д.Эрдэнэцогт: Ирээд удаагүй байна. Энэ зундаа хэсэг амарна. НҮБ-ийн аль нэг байгууллагад өөрөө хүсэх юм бол өргөдөл хүсэлт гаргаад ажил хийж болно. Манай төр засгийн байгууллага санал тавьбал ажиллахад бэлэн. Хамгийн сүүлд Батлан хамгаалах бодлого, стратеги хариуцсан ахлах оффецер, газрын дарга хийж байсан. “Цэргийн албаны аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалж байлаа. Цэргийн албан хаагдчын хуулиар олгогдсон язгуур эрх ашигийг хамгаалах нь чухал. Энэ бол угтаа хүн ардын аюулгүй байдал гэсэн агуулгаар шинжлэх ухааны үндэслэлийг нь боловрсуулж хийсэн бүтээлээ яаманд хүлээлгэж өгсөн. Ажил хэрэг болоод цэргийн ангиудад хэрэгжиж байгаа“.
Малчин Доржпаламын хүү 1980 онд Цэргийн дээд сургуульд сурахаар Орос орныг зорьж, Тамбовын оюутан боллоо. Химийн хичээлдээ зэгсэн сайн нь хими, цацраг, биологийн хамгаалалтын ангийг сонгоход нь ч нөлөөлж. Энд л ирээдүйн ханьтайгаа танилцсан гэж хуучилдаг.
Д.Эрдэнэцогт: Миний гэр бүлийн хүнийг Махбал гэдэг. Уугуул нутаг нь Казакстаны Алма-Ата. Би Тамбовт Цэргийн дээд сургууль сурах гээд очих үед гэргий минь орос хэлний дээд сургуульд ирж байлаа. Гэр бүл зохиогоод 34 жил амьдарч байна. Хүү охин хоёртой. Тэд маань гадаадад сурч мэргэжил эзэмшсэн одоо тэндээ ажиллаж амьдарч байгаа. Армид 25 жил алба хааж, НҮБ-д 11жил гээд үргэлж гадаад томилолттой ажиллахад минь ар гэрийн бүхий л ачааг авч явна гэдэг амаргүй шүү. Миний амжилт бүтээлийн талаас илүү нь гэргийд минь ногдоно доо./ инээмсэглэв/ аав ижийн минь сайхан сэтгэл миний амжилт бүтээлийн бас нэг үндэс .Их л хөдөлмөрч хүмүүс байсандаа. Ижий хоёр гурванзуун хонийг өдөрт 2-3 удаа сааж, сүү саалийг нь боловсруулж нэгдэлд тушаана. Аав минь ч адилхан.
Зуны аагим халуунд мянгаар тоолох хонин сүргийн ноосыг нь хяргах, ямаа самнах гээд борив бохисхийлгүй ажиллахыг нь хараад зүгээр сууж чаддагүй байлаа. Аав,ижийгээсээ хөдөлмөрийн үнэ цэнийг сайн мэдэрч сурч байж дээ. Хамгийн их хөдөлмөрлөж хамгийн бага унтах, хамгийн бага идэж хамгийн их ажиллах. Хамгийн хамгийн гэдэг зарчимтай. Аав минь,авдарын ам ангайх “нүгэл”, тотгоноос дүүжлэгдэх “нүгэл”, хайчны ам ангайлгах “ нүгэл” гэж их сургамжилан хэлдэг байж. Би хурдан морины хүүхэд. 1973 оны сумын наадмыг ер мартдаггүй юм. Миний унаж байсан шүдлэн саарал морь сумын наадамд түрүүлж байлаа. Улаан хязаалан мөн түрүүлж хээр соёолон үзүүрлэж байж билээ. 6-р ангиасаа эхэлж морь уядаг болов. Жилдээ л хүсэн хүлээдэг дурсамжтай сайхан зүйлийн нэг нь сумын наадам даа.
АНУ-д аюулгүй байдлын коллежид суралцсан Эрдэнэцогт үргэлжилүүлэн хуулийн сургууль дүүргэлээ. Европын Холбоонд НАТО-гийн цэргийн сургууль төгссөн түүнийг Монгол улсын Зэвсэгт хүчинд салаа, ротын захирагчаар томиллоо. Ингэж л Доржпаламын Эрдэнэцогт ажлын гараагаа эхэлж. Тэрээр албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, газрын дарга гээд цэргийн томилогдоогүй, хийгээгүй ажил алба ховор.
Харин 2005 оны зун Гаагад олон улсын зэвсгийн шинжээчээр ажиллах хүсэлт илгээхдээ өөрийгөө бүүр ч их сорьж, чадал чадвараа шалгуулахаа мэдэж байв. НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох байгууллага , орос, англи, франц, араб хэлтэй, Тамбовт химийн зэвсгийн шинжээчээр мэргэжил эзэмшсэн чадварыг нь олзуурхан сонгосон байж мэдэх.
Үлгэр жишээ, хөдөлмөрч гэж үнэлэгддэг Эрдэнэцогт улиран сонгогдсоор нэг л мэдэхэд эх орондоо ирэлгүй 10 жил болоодохов. Хүү охинтойгоо гурвуулаа үлдэж үдсэн гэргий нь ач зээ долуулаа болчихоод угтаж байв.
Д.Эрдэнэцогт: Анх өвөө болохдоо бас л томилолтоор явж байлаа. Охин төрлөө, бэр төрлөө. Жилийн дараа уулзсан. Амьдралын хамгийн сайхан мөч ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө хүүхдүүдтэйгээ мөхөөлдөс авч идэх. Баг байхад нь морь болж булгиулаад тоглох хамгийн аз жаргалтай үе минь байсан. Харин одоо бол зав чөлөөгөөрөө ач зээ нараа хараад суух хамгийн сайхан байна даа.
Нобелийн шагналт, доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт өнөөдөр Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Эцгийн гэрт арвуулаа шаагилдан, ааруул хуруудаа өвөртлөн, адуу малын эрэлд морддог байсан жаахан монгол хүүг тэр цагт энх тайвны үйлсэд дэлхийн энтэй зүтгэнэ чинээ хэн ч санаагүй биз ээ. Хэл соёл өөр, мэргэжил нэгт нөхөд нь Монголчууд биднийг өдгөө Эрдэнэцогтоор төсөөлөн бодож суугаа байлгүй. Тиймээс ч “МОНГОЛ” гэж Доржпаламын Эрдэнэцогтыг дууддаг байх нөхөд нь.
Түүнийг МОНГОЛ гэж дууддаг | ||
Үзсэн: 4472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.