
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд О.Чулуунбилэгийн тавьсан илтгэлээс товчлон хүргэж байна.
Сүүлийн 300 жилийн турш нийт Монголчуудын түүхийг эрх чөлөөний төлөөх тэмцэл хэмээн тодотгож болно. Үүнээс 20 дугаар зууны Монголчуудын түүх бол бүтэшгүйг бүтээхийн төлөө, шударга бусыг шударга байлгахын төлөө, өөрийн орших ёстой орон зайг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хүч тэнцвэргүй харилцаанд ялсаар ирсэн тусгаар тогтнолын түүх юм. Олон улсын харилцаанд өргөн хэрэглэгддэг “Аугаа их шатрын хөлөг” гэсэн дүрслэл бий. Чухам энэ “Аугаа их шатрын хөлөг” дээрх Монголын сүүлийн 100 жилийн нүүдлийг харахад морины нүүдэл байсан хэмээн би хардаг. Шатарт ганцхан морь л давж нүүдэг, хөндлөн иддэг. Өөрөөр хэлбэл стандарт бус илүү онцгой бодлого шаарддаг бод юм. 20-р зууны Монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл ч гэсэн 2 хөрш их гүрнээсээ цааш давж харьцан, олон улсад хүлээн зөвшөрөгдөхийн төлөөх тэмцэл байсан.
20-р зууны Монголын тусгаар тогтнол, батлан хамгаалах бодлогын онцгой үе бол дэлхийн 2-р дайны дараах үе. Чухам энэ үеийн монголын гадаад бодлого геополитикийн орчинг судлах илүү их хэрэгцээ, сүүлийн үеийн их гүрнүүдийн харилцаа, лебирализмын давлагаа буцаж, үндэсний үзэл эргэн сэргэж байгаа, НҮБ-ын бодит хүч багасаж, үл тааварлах орчин руу орж байгаа энэ үед их чухал юм. Учир нь чухам зүүн хойд Азид байсан хүйтэн дайны идэвхтэй харилцаа өнөө үед хадгалагдсаар байна. Азид явуулах БНМАУ-ын гадаад бодлого, зүүн хойд Азийн бүс нутагт температурт түлхүү явагдаж байгааг түүний газарзүйн байршил, геостратегийн ач холбогдлоор нь дүгнэж болно. Геополитикийн онолын томоохон төлөөлөгч Спикмэн “хэн римлэндэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана хэмээн онолдсон. Харин Япончууд Хятадыг эзлэх аваас юуны өмнө Манжуур Монголыг эзлэх хэрэгтэй, дэлхийг эзлэх гэвээс юуны өмнө Хятадыг эзлэх хэрэгтэй гэсэн төдийгүй Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого, Эх газрын бодлого, Манжуур Монголын төмөр зам гэсэн дэд гарчгууд бүхий меморандум гаргаж байлаа. Эдгээр үзэл баримтлалуудын дараа дэлхийн 2-р дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын зүүн хойд азид цөмийн зэвсэг бүхий баазаа байрлуулсан, ЗХУ болон БНХАУ-ын идэвхтэй хатгалгаар хойд Солонгос байгуулагдсан юм. өөрөөр хэлбэл геостратегийн байршлаас үүдээд энэ бүс нутгийн сүүлийн 100 жилийн түүхэн их гүрнүүдийн геополитикийн хайчин бодлогод өртөж, өөр хоорондоо мөчөөрхөлдөн иржээ.
20-р зууны дунд үеийн Монголын гадаад бодлого дэлхийн 2-р дайны дараа тогтсон 2 туйлт хөрсөн дээр боловсрогдсон төдийгүй геополитикийн утгаараа БНМАУ өөрөө ч хүйтэн дайны бүтээгдэхүүн болон мэндэлж, “nation state” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Юуны өмнө тухайн үеийн эрх баригчид 1945 онд Японд дайн зарлахдаа баримталж байсан нэгдсэн Монгол улсыг байгуулах тухай үзлээсээ илтэд татгалзаж, Ялтын гэрээгээр их гүрнүүдийн тохиролцсон гадаад монголын статус квогийн хүрээнд НҮБ-ын гишүүн тусгаар улс байхыг зорьсон байдаг. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол үзэл санаа болж ирсэн Монгол туургатан бүгдээр нэгэн улс гэрт багтах буюу монголын нутгийг цагаан хэрмээр тогтоож нэгтгэх стратегээ орхиж, олон улсын харилцааны шинэ нөхцөлд олдож буй боломжид тохируулан өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэх болсон байна. Өмнө нь Сталин гадаад монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр төдийгүй хөрш хятадаар хүлээн зөвшөөрүүлэх замаар БНМАУ хэмээх буферийн үүрэгтэй нэгэн шинэ Монгол улсыг амжилттай байгуулаад байсан юм.
Жолоодогчийн төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин Латин америк хүрэх тухай түүний хувьсгалын романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн 3-р дайны тухай, мөн өөрийн гол өрсөлдөгч АНУ-ыг унагах алсын стратеги бүхий агуу төлөвлөгөө байв. Дэлхийн 3-р дайн эхлэхэд өөрийн улсын аюулгүй байдлаа буфер бүсүүдээр халхлах зорилтын хүрээнд Монголчуудын тусгаар тогтнолын төлөө шаргуу тэмцжээ. Сталин 1939 онд Монголын нутаг дэвсгэр дээр Япончуудтай “нүдэлдсэн” шигээ Америкчуудтай мөн байлдана гэж тооцсон байсан юм. Тийм ч учраас гадаад монголын статус квогийн талаар ярихаар дундад иргэн улсын төлөөлөгчтэй уулзахдаа стратегийн үүднээс ч авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн гадаад Монголоос ЗХУ-ыг довтлон Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр хэмээн хэлээд Япон Хятад аль нь ч Монголыг эзлэх хүчгүй учир энэ санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байдаг.
Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы квантуны армийг бут цохих нэрийн дор АНУ-аас өрсөн Хятадаар дамжин Азид аль болох гүн нэвтэрч, тэнд аль болох олон буфер социалист бүгд найрамдах улсыг байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Яг энэ зорилтынхоо хүрээнд дахин нэг шинэ нармай монгол байгуулахыг тэрээр хүсч байсан. 1945 оны 8 дугаар сарын эхээр маршал Чойбалсанг Сталин Кремльд дуудаж уулзсан. Уулзалтанд Сталин санамсаргүй маягаар Гадаад болон дотоод Монголын удирдагч болох Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японы чөлөөлөх дайнд ЗХУ нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг Чойбалсанд төрүүлсэн учир тэрээр эх орондоо буцаж ирээд “Монгол овогтон нэгэн гэр улс болж оршин суухыг хүсч ирснийг үндэслэж...” хэмээн Японд дайн зарласан байдаг.
Сталин Хятадуудтай гадаад Монголын тусгаар тогтнолын талаар уулзахдаа “Монголчууд гадаад дотоод Монголыг нэгтгэхийг маш их хүсэж байгаа” хэмээн сүрдүүлсэн зэргээс үзэхэд түүнд хятадуудтай хэл амаа олохгүй Америкт алдсан тохиолдолд нэгдсэн Монгол улсыг байгуулах замаар Америкуудын эсрэг тулах төлөвлөгөө байжээ гэж харж болно. Ийнхүү Монголчуудын элэг нэгт ахан дүүгээ нэгтгэж хуучин түүх газар нутгаа эргүүлэн авч нармай Монгол байгуулах бодит бололцоо бүрдсэн байсан юм. Гэвч дараа дараагийн хэрэг явдлаар Хятадад Америкчууд нэвтрээгүйгээр үл барам иргэний дайнд Хятадын коммунист нам ялж, 600 сая хүн удирдах эрх олж авснаар Азид социализмын алтан үе ирлээ.
Одоо Сталинд нармай Монголчууд хэрэггүй учраас нэгдэх хүсэлтэй өвөр Монгол ноёдыг Улаанбаатарт урин авчирч буудаж, үзэл санааны удирдагч Х.Чойбалсанг Москвад эмчилж цааш харуулсан юм. Түүнд Монголчууд БНМАУ буюу гадаад Монголын хэмжээнд тусгаар тогтнох хуучин төсөл нь ашигтай болсон юм. Харин дэлхийн хувьсгалын төлөө Америкчуудтай тэмцэх агуу үүргийг Сталин коммунист хятадуудад үүрүүлж, ирээдүйн дэлхийн хувьсгалын түүх хятад болно, ах нь дүүгээ залгамжлана хэмээн хэлсэн байдаг. Түүний бодит илрэл болж шинэ дайн Монголын нутагт биш солонгосын хойг, Вьетнам, зүүн өмнөд Азийн улсуудын газар нутаг дээр дэгдсэн байдаг. 20-р зууны зүүн хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энэ тухай н.Машбат судлаач бас дурдсан байдаг. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл нэн сонин зураг гарч ирнэ.
Хоккайдо болон Куриллын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлуудыг дайруулан хагас дугуй хэлбэрийг гарган зурж болно. Энэ хагас дугуйд сүүлийн 100 гаруй жилийн турш их гүрнүүд нөлөөгөө тогтоох гэж тэмцэлдэж ирсэн бөгөөд өнөөдөр улам бүр идэвхжиж байна. Хагас дугуйд хэн ноёрхоно тэр Римлэндэд ноёрхох боломжтой. Энэ бол Римлэндийг байнга хянаж байх төдийгүй түүнийг тойруулан бүслэх бүслүүр юмаа. Тиймээс Римлэндийн бүслүүр ч гэж нэрлэж болно. Харин тухайн үед Евро-Азийн их газар буюу Хартлэнд нөлөөгөө тогтоосон ЗХУ, гаднах хавирган сар буюу далайн арлуудад нөлөөгөө тогтоосон АНУ-ын хооронд Римлэндэд нөлөөгөө тогтоох тэмцэл ид өрнөж байлаа. БНМАУ-ын хувьд ардын ардчилсан гэх лагерь дахь үүрэг бол өрнөдтэй эх газраас тулахад дотоод түшиц газар байх, тэнд Римлэндийг алдсан тохиолдолд эх газрын буфер болж хувирах гэсэн геополитикийн түүхэн үүрэг 20-р зууны турш байсан юм.
“ХХ зууны Монголын геополитикийн орчин: Морины нүүдэл” | ||
Үзсэн: 3232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.