
“Болор цом-34” яруу найргийн наадамд гуравдугаар байр эзэлсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ч.Ууганбаярын “Бүсгүй хүнийг хайрлах шалтгаан” шүлгийг хүргэе.
Бүсгүй хүнийг хайрлах шалтгаан
Энгийн нэг хүний аялсан
Энгийн биш дуу байх чи
Энэлэн дуу алдсан төгөлдөр хуурын
Цагаахан товчлуур байх чи
Эрхэмсэг гоо үзэсгэлэнгийн өмнө
Илдээн буулган сөхрөн сууж хайр гуйсан дайчин байх чи
Элсэн цөлд туссан борооны
Ганцхан ширхэг дусал байх чи
Цэнхэр уулсын зангирлаас асгарсан
Бэхэн бороо байх чи
Царцуу нуурын долгионд тогтсон
Намрын дурдатгал байх чи
Хайрлахаас өөр хүч чадалгүй
Бүсгүй хүн байх чи
Бодит байдалтай хүчээр эвлэрэх
Бодлын ертөнцийн оньс байх чи
Тийм нэг хөгжмийн сэтгэлд тоглогддог
Нот байх чи
Тийм нэг хүйтэн өвлийн
Дулаахан өдөр байх чи
Тэнгэр тольдон долгионоо зурдаг
Нуурын салхи байх чи
Догдлолоо илэрхийлж үүлээ хураадаг
Тэнгэрийн цонх байх чи
Тийм нэг гайхамшигтай
Хөгжмийн нот мэт
Тийм нэг гайхамшигтай
Бүжгийн хөдөлгөөн мэт
Тийм нэг гайхамшигтай
Шүлгийн мөр мэт
Тийм нэг гайхамшигтай
Урлагийн бүтээл
Тийн хаврын улирлыг алган дотроосоо олсон тухай
Тэнгис далайг гатлаж төгөлдөр гунигаа гэтэлсэн тухай
Тэнгэрийг алганаасаа толь мэт алдаж хагалсан тухай
Түүнээс хойш цас нүдэн дотор нь будардаг болсон тухай
Түм буман нууцыг чинь нээх тусам
Тайтгарал гэгч нь төөрөгдөл байсныг
Намар надад хэлсэн юм.
Сормуусаараа нарны гэрэл зорж
Инээмсэглэлээ агаарт үлдээж
Мананд бэлхүүсээ тэврүүлж
Шүүдэрт шилбээ үнсүүлж
Уруулаа бороонд өгөхөд чинь
Бүсгүй хүн таныг хайрлах энгийн боловч агуу шалтгааныг олсон юм би
Нулимас олонтой уйлдаг болохоор чинь
Нулимсаа нууж жүжиглэдэг юм би
Нүцгэн байхыг харахаас илүүтэй
Инээж байхыг чинь харахыг хүсдэг юм би
Бүсгүй хүн таныг хайрлана гэдэг
Өөрийгөө хайрлахаас илүү юм аа.
“Болор цом-34” наадмын гуравдугаар байрын шүлэг | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.