
Тайландын вант улсын тухай товч хүүрнэхүй...
Монгол Улсын гадаад харилцааны яам, Тайка буюу Тайландын олон улсын хамтын ажиллагааны агентлаг хамтарч “Олон Улсын сэтгүүл зүй ба дипломат ёс” сэдэвт сургалтыг 10 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Бүх зардлыг нь Тайкагаас хариуцсан тус сургалтад Монголын сонин, телевиз, сайтын сэтгүүлч, гэрэл зурагчин, гадаад харилцааны яамны төлөөлөл болсон 14 хүн дөрөө нийлүүлсэн юм.
Бид Тайландын нийслэл Бангкок хотод очихоосоо өмнө Гадаад харилцааны яаманд уулзаж, тус улсын талаар тодорхой мэдээлэл авав. Тайландчууд эзэн хаанаа ихэд хүндэтгэдэг. Эзэн хаан руу нь гадаад, дотоодын ямар ч иргэн гар хуруугаараа чичлэн зааж, шоглож инээхийг хатуу хориглодог. Хэрвээ тийм үйлдэл гарвал шууд л хорих ял сонсдог байна. Үндсэн хуулиараа эзэн хааны эрх мэдлийг баталгаажуулж, хааныг муулах, эсэргүүцэхийг хориглосон.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд эзэн хаанаа сошэйлээр муулсан эр 11 жилийн ял авсан байна. Хэдийгээр ийм хатуу хуультай ч гэсэн Тайланчууд өөрсдийгөө чөлөөт хүмүүс хэмээн нэрлэх дуртай. Тус улс өдгөө 68 сая хүн амтай. Нийслэл Бангкок хотод 15 сая орчим хүн амьдардаг. Хүн амын 75 хувийг Тай, 14 хувийг Хятад, 11 хувийг Лаос, Вьетнам, Малайз зэрэг үндэстэн бүрдүүлдэг.
Тайландын зарим иргэн Хятад гаралтай гэдгээрээ бахархдаг гэсэн яриа бий. Тус улс нийт 76 мужтай. Энэ том вант улсын түүхээс энд цухас сийрүүлье. Уугуул Тайчууд нь манай эриний 650 оны үед Өмнөд Хятадын Шар мөрний хөндийд “Нанчаогийн” хэмээх Вант Улсаа байгуулжээ. Тэд аажмаар Хятадуудад түрэгдэн одоогийн энэ бүс нутагт ирж байрласан гэсэн түүхэн мэдээлэл байна.
Хубилай хааны цэрэг 1253 онд Нанчаогийн Вант Улсыг буулган авснаас хойш Тайчуудын өмнө зүгт хийх нүүдэл улам идэвхжсэн гэдэг. XII зууны эхээр Тайчууд Ланна, Пайяао, Сукотай зэрэг хот байгуулж, улмаар 1328 он гэхэд Кхмерийг урагш шахан, Сукотай хэмээх вант улсаа бий болгосноор Тайландын Вант Улсын эх суурийг тавьсан гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Инээмсэглэсэн Тайландад ирлээ...
Бидний хэдэн нөхөд нэгдүгээр сарын 16-нд Бээжингээр дайрч Тайландад очлоо. Улаанбаатараас Бээжин рүү хоёр цаг гаруй “нисч” хүрэв. Бээжингийн нисэх онгоцны буудалд хэсэг саатаад зургаан цаг орчим хугацаа зарцуулж зорьсон газартаа хүрлээ. Хэдхэн цагийн дотор -30 хэмээс +30 хэм рүү шилжих тэр мэдрэмж сонин бөгөөд сайхан.
Ноосон хувцас, хавар намрын гуталтай онгоцноос буусан бид зун цагийн халуун чийглэг уур амьсгалыг мэдэрч байлаа. Биднийг Монгол Улсаас Тайландын вант улсад суугаа элчин сайдын зөвлөх Г.Бямбасүрэн угтан авсан юм. Оройн найман цаг гэхэд Бангкок хотод хэдийнэ харанхуй болсон байлаа. Биднийг гурван машинд суулган байрлах зочид буудалд хүргэж өгөв. Машины цонхоор сүлжилдсэн олон давхар замыг хараад манайх ийм замтай болчихвол түгжрэл гэх зовлонгоос салах нь дээ гэж дотроо битүүхэн атаархаж байв. Энд том жийп унасан хүн их ховор. Мотоцикль, такси, нийтийн тээврийн үйлчилгээ нь боломжийн түвшинд хүрсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байв.
Халуун орон учраас мотоцикль эндэхийн иргэдийн байнгын хэрэглээ болжээ. Хувьдаа мотоцикльтой хүмүүс нь энэ унаагаараа зорчигчдыг хямд үнээр хүссэн газарт нь хүргэж өгч амьдралаа залгуулна. Жилийн дөрвөн улирал тээврийн хэрэгслийн хар утаа тортгоос салдаггүй хотоос ирсэн надад нэг зүйл бас л содон харагдсан. Бангкок хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл хар саарал, цайвар утаа олгойдон гарахтай огт таарсангүй. Утаа хаядаг тээврийн хэрэгсэлгүй байхгүй нь зөв бодлого, зохицуулалттай холбоотой байх хэмээн бодож явлаа.
Өндөр барилга, сурталчилгааны том самбар, жижиг худалдааны мухлаг гээд ер хаа сайгүй өнгөрсөн оны 10-р сард таалал төгссөн Пумипон Адульядет буюу есдүгээр Рама хааныхаа зургийг хүндэтгэн залжээ. Хааныгаа жилийн турш санаж, гашуудаж байгаа учраас хаа сайгүй л хар, цагаан давуугаар тууз уяж, орой бүр лам нар нь нэгэн зэрэг ном хурж байгааг телевизийн бүх суваг нь шууд дамжуулдаг нь ажиглагдсан. Тайландчуудын 89 хувь нь буддын шашинтай. Буддын шашин нь тус улсын төрийн шашин юм байна. Түүн дотроо Теравада урсгалыг нь шүтэж иржээ. Гудамжаар яваа улбар шар өмсгөлтэй ламаар ном уншуулах нь хүн бүрт нээлттэй. Ном уншуулсан хүн мөнгө төлөхгүй. Оронд нь тухайн ламд нэг аяга хоол авч өгдөг ёс уламжилжээ.
Иргэд нь бүгд шахуу энгэртээ есийн тоо хэлбэртэй тэмдэг зүүсэн нь бас л сонин. Учрыг асуувал таалал төгссөн хаан нь есдүгээр Рама учраас ийн дурсаж, хүндэтгэл үзүүлж зүүсэн байж. Сонин сайхныг нь гайхан явсаар байрлах зочид буудалдаа ирлээ. Машин дотор агааржуулагч үлээсээр энэ орны халууныг бараг л мартсан байв. Машинаас буунгуут л бүгчим, чийглэг агаар угтлаа. Зочид буудал гэлтгүй бүх албан байгууллага, жижиг худалдааны мухлаг нь хүртэл агааржуулагч ашиглаж, сэрүүцнэ. Ер нь бол агааржуулагчгүйгээр Бангкок хотыг төсөөлж болохгүй гэсэн ойлголттой боллоо.
Оюутны хотхоны амьдрал...
Хичээлийн эхний өдөр эхэллээ. Бид хотын төвөөс нэлээд зайтай байрладаг улсдаа чансаагаараа эхний гуравт багтдаг хувийн сургууль болох Рангсит их сургуулийг зорилоо. Мөн л бидний байрласан зочид буудлаас зайтай, замын хөдөлгөөн ихтэй ажлын өдөр 40 орчим минут явж байж сургуульдаа очно. Биднийг ТАЙКА-гийн төлөөлөл, сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Сургуультайгаа танилцуулах үед нь сурах орчин нөхцлийг сайхан бүрдүүлснийг нь хараад манай их сургуулиуд хэзээ ийм болох бол гэсэн гунигтайхан бодол төрж байлаа. Бид сургуулиудаа хотын төвөөс гаргаж, хотхон хэлбэрээр хөгжүүлье гэж олон жил ярьсан ч өнөөдөр байдал хэвэндээ...
Гэтэл Рангсит их сургууль яг л хотхон хэлбэрээр үйл ажиллагаа нь өрнөж, энд 3000 гаруй оюутан гэрээсээ хол суралцаж байна. Сургалтын техник технологи бол яриангүй орчин үеийнх. Тайландын их сургуулиудаас зөвхөн Рангсит их сургуульд л Дольби стандартын дуу бичлэгийн студи бий. Сургуулийнхан энэ студиэ дөрвөн сая ам.доллараар байгуулжээ. Жилд 600 гаруй оюутан тус студид дадлага хийдэг юм байна.
Рангсит их сургууль хэд хэдэн барилгаас бүрдэнэ. Манайд байдаг орон сууцны том хотхон шиг оюутны байр, театр, биеийн тамирын талбай, хүссэн сонголтоороо хооллох асар том зоогийн газар, кофенд дурлагчдад зориулсан “Starbucks” кофены сүлжээ, “7 eleven” сүлжээ дэлгүүр, банк санхүүгийн үйлчилгээ, бэлэг дурсгалын дэлгүүр гээд ер нь хүн амьдрахад хэрэгтэй гэсэн бүхнийг нэг дор цогцлоожээ. Ийм л таатай орчин нөхцөлд оюутан хүн сайн сурахаас ч аргагүй юм байна гэсэн бодол төрж байлаа.
Манайх яг л ийм сайн жишгээр их сургуулиудаа хотоос гаргачихвал оюутнууд эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ үнэ цэнэ ач холбогдол, үр өгөөжийг илүү сайн ойлгох болов уу. Манайхаас гурав дахин жижиг газар нутагтай тус улс эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 30-д багтаж байна. Мэдээж ийм үр дүнд хүрэхэд чанартай боловсрол, сургалтын орчин нөхцөл юу юунаас илүү чухал.
Бүх эрэг шурга нь ажилладаг ардчиллын төлөө...
Биднийг суралцах хугацаанд олон эрдэмтэн багш мөн цэргийн засгийн газрын Ерөнхий сайд, генерал Прают Чан О Чагийн албан ёсны орчуулагч, засгийн газрын хэвлэлийн дэд төлөөлөгч Верачон Суконфапатипак, гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч тэргүүтэй эрхмүүд дипломат ёс, олон улсын сэтгүүл зүйн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн. Бид гэрэл зургийн талаар дадлага давамгайлсан сургалтад хамрагдсан нь ихээхэн үр өгөөжтэй болсон юм.
Тус улсын засгийн газрын хэвлэлийн дэд төлөөлөгч ноён Верачон Суконфапатипак бидэнтэй уулзахдаа “Өнгөрсөн онд Монголд болсон АСЕМ-аар миний бие Ерөнхий сайд, генерал Прают Чан О Чагийн хамт зочилсон. Үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай, найрсаг ард түмэн байсан” хэлэв. Засгийн газрын төлөөллүүдээс сэтгүүлчид Цэргийн эрх мэдэлтнүүд энэ оронд ардчиллыг тогтоож чадах уу? гэсэн асуултдаа хариулт авахыг хүсч байлаа. Үүний хариуд засгийн газрынх нь хэвлэлийн дэд төлөөлөгч ноён Верачон Суконфапатипак "Цэргийнхэн ардчилалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байдаг. Засгийн эрх барьж байсан нөхөд бүгд адилхан ардчиллыг хөгжүүлэхийг зорьдог.
Цэргийнхэн засгийн эрхийг авсан нь урьд байсан ардчилсан төр асуудалтай байсныг харуулж байна. Одоо Тайландын гудамж, талбайд бие биенээ үзэн ядсан, бусад хүний амь насанд нь халдсан жагсаал цуглаан гарахгүй байна. Өмнөх засгийн газрын үед авилга байсан. Иргэн бүр ардчиллын үнэ цэнийг мэдэрч чадахгүй, зарим нь давуу эрх эдэлж, баялгийг шударга бусаар өөрийн болгож байгаа нь ардчилал биш юм. Тиймээс л бид бүх эрэг шурга нь ажилладаг ардчиллын төлөө зүтгэсээр байна. Иргэнд эрх нь байгаа цагт хариуцлага ч бас оногдох ёстой. Судалгааны байгууллагаас гаргасан Тайландчуудын 50-иас илүү хувь нь энэ засгийн газартаа итгэж байгаагаа илэрхийлсэн.
Ерөнхий сайд Прают Чан О Чагийн рейтинг иргэдийн дунд маш өндөр байна. Энэ засгийн газар сонгуулийн үр дүнгээр гарч ирээгүй ч гэлээ бусад бүх зүйлээ зөв хийж байна" хэмээсэн юм. Тайланд Улс Үндсэн хуулиа өөрчилж байна. Гэхдээ энд хааны эрх мэдэл, иргэд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх гээд олон эрхийг баталгаажуулсан. 2014 оны тавдугаар сарын 22-нд генерал Прают Чан О Ча цэргийн эргэлт хийж, Засгийн газар, парламентыг тарааж, Үндсэн хуулийг /Хааны тухай хоёрдугаар бүлгээс бусдыг/ хүчингүй болгож, Түр Үндсэн хууль гаргаж, улс орон даяар цэргийн онцгой байдал тогтоосон. Генерал Прают Чан О Ча “Амгалан тайван байдал, хэв журмыг сахиулах үндэсний зөвлөлийг байгуулж, улмаар цэргийнхэн голлосон Засгийн газрыг тус тус байгуулжээ. Ингээд Генерал Прают Чан О Чаг Ерөнхий сайдаар томилсон байна.
Дотоодын хэвлэл эх оронч байх нь яагаад чухал вэ
Тайландад гадны орны 500 гаруй сурвалжлагч, сэтгүүлч ажилладаг. Засгийн газар нь тэдэнд нэг жил улс орныг нь сурвалжлах эрх олгодог. Мэдээж сэтгүүлчид аливаа зүйлд шүүмжлэлтэй өнцгөөс хандана. Гэхдээ тэд сэтгүүл зүйн үүргээ төдийлөн сайн биелүүлэлгүй, зөвхөн хар бараан талыг барьсан тэнцвэргүй мэдээллийг олон улсад түгээх нь элбэг гэдгийг тус улсын засгийн газрын хэвлэлийн дэд төлөөлөгч ноён Верачон Суконфапатипак хэлж байсан юм.
Тайландын эдийн засгийн гол мотор нь аялал жуулчлал. Тиймээс дээрх сөрөг мэдээлэл Тайландын эдийн засагт асар хор хөнөөлтэй. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчид нь тухайн мэдээлэлтэй холбогдуулан гадны сэтгүүлчидтэй уулзаж, учир байдлыг нь тайлбарлаж, тэнцвэртэй мэдээ, мэдээлэл гаргахыг хүсдэг байна. Бидэнд эх оронч үзэл хэрэгтэй. Гадны хэвлэлүүд саар мэдээллээр хангалттай нүдэж байгаа үед дотоодын хэвлэлүүд нь бүх талын эх сурвалжтай, тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг гаргах нь чухал гэдгийг ноён Верачон Суконфапатипак онцолсон.
Улс орных нь талаар таагүй мэдээлэл гарлаа гээд гараа зөрүүлээд суулгүйгээр шуурхай арга хэмжээ авах нь чухал гэсэн зарчмаар Тайландчууд ажилладаг. Дэлхийн томоохон сувгуудаар Тайланд Улсын сурталчилгааг гаргадаг. Олон улсын судалгааны байгууллагууд Тайландыг жуулчдыг татахад хамгийн таатай, найрсаг улсын нэгдүгээрт жагсаажээ. CNN /Энэ холбоосоор орно уу / ч Тайландын хэд хэдэн газрыг магтсан байна/.
Гадаадын жуулчдыг үзэсгэлэнт байгалаараа татахаас гадна, үндэсний хоол, уламжлал, ёс заншил, мөн тайбоксоороо соронздож байна. Лондон хотод л гэхэд 2000 мянга гаруй Тай зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг. Тус зоогийн газар нь Тайланд Улсыг сурталчилж байгаа нэг хэлбэр.
Тайланд +1 бодлого
АСЕАН-ыг үндэслэгч орнуудын нэг нь Тайланд учраас Зүүн Өмнөд Азийн эдийн засагт чухал тоглогч болохыг улам бүр зорьж, тэмүүлж байна. Тус улсын ерөнхий сайд Прают Чан-о-ча бүс нутгийн эдийн засгийг чадавхжуулах хөтөлбөр санаачилсан. Үүнийг "Тайланд +1" бодлого гэж нэрлэж байна. Тайландыг зорьж ирсэн хүн тус бүс нутгийн өөр нэг оронд давхар зорчих эрхийг олгох бодлого гэж ойлгож болох юм. Энэ нь тухайн бүс нутгийнхаа бусад улс орныг ч дэмжиж байгаа хэлбэр. Үр дүнд нь тус улсыг зорин ирэх жуулчид нэмэгдэнэ, эргээд мөнгөний урсгал ч сайжирна, дотоод дахь ажлын байр нэмэгдэнэ гээд таатай олон өөрчлөлт гарна.
Сошэйл ертөнцийг зөнгөөр нь орхих уу, эсвэл...
Тайландад сошэйл орчин хэдийн хөгжлийн ид оргил үедээ хүрчээ. Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нар нь өөрийн фэйсбүүк, твиттер хаягаараа олон нийтэд хүргэдэг. Мөн тэдний анхаарлаа хандуулсан эргэлзээ дагуулсан, цаг үеийн ноцтой асуултад ч албан ёсны хариулт өгнө. Шаардлагатай тохиолдолд хэвлэлийн бага хурал ч зарлана. Ташаа мэдээлэл, эдийн засгийн өсөлтийг сааруулахаас эхлээд хор хөнөөл их учраас тухайн мэдээллийг оруулж байгаа хэрэглэгчид ч хариуцлага оногдох ёстой гэсэн хууль Тайландад үйлчилж байна. Засгийн газар нь нэг жилийн өмнө "Шэйрлэхээсээ өмнө бод, шалга" уриалгыг гаргаж, үүнд төрийн болон хувийн хэвшлийн гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нэгджээ. Дээрх уриалга нь ганц улс төрийн агуулгатай бус.
Жишээ нь фэйсбүүкээр буяны үйлсэд мөнгө хандивлана уу гэсэн агуулгатай аккаунт нь үнэндээ залилангийн шинж чанартай байсныг хэвлэлүүд илрүүлж байв. Олон жилийн өмнө болсон үерийн зургийг сошэйлд оруулах нь яг одоо болж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь олон нийтийг сандаргаж, айдаст автуулдаг. Үүнд ч гэсэн тайлбар хэрэгтэй болно. Хэвлэл мэдээлэл нь ийнхүү мэдээллийн хуурамч, үнэн эсэхийг нягтлахаас гадна, улс нь компьютерын хуулиараа ч гэсэн худал мэдээлэлд хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилдэг. Ингэснээр сошэйл хэрэглэгч мэдээллээ нягталж, шалгахаас өөр аргагүй болдог байна.
Тайландчуудын инээмсэглэлийн шалтгаан...
Тайландчууд жилийн дөрвөн улиралд халуун дулаан чийглэг уур амьсгалд амьдардаг. Цаг агаар нь нөлөөлдөг үү гэлтэй иргэд нь нэг л тайван, амгалан. Энэ улсын иргэд аялал жуулчлалаа эдийн засгийн мотор гэж үздэг учраас аль болох инээмсэглэнэ.
Манай улсаас эдийн засгийн хэмжээгээр олон арав дахин том энэ улс хөгжлийн өнөөгийн хөгжлийн түвшинг дарж, бид жижиг улс хэмээн даруухан хариулна. Үнэхээр л өөрсдийгөө дөвийлгөхгүйгээр, инээмсэглэлээрээ гадны жуулчдыг татаж, улс орноо авч явах увидас энэ улсын иргэдэд байна.
Гэрэл зургийг Ц.Батбаатар
















Инээмсэглэсэн чөлөөт иргэдийн нутагт | ||
Үзсэн: 3008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.