
Бэнди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “В” ангилалын тулаан энэ сарын 24-29-нд Шведед болсон юм. Үүнд манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртэж, Монголын багийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “А” ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны баг өрсөлдсөн бол “В” ангилалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол, Голланд зэрэг 10 орны баг багтсан юм. Манай хоккейчид шөвгийн наймд Голландын багтай учраа таарч, 6:2-оор хожсон ч Канадын багт 4:3-аар ялагдсан. Үүний дараа Японы багтай хүрэл медалийн төлөө тоглож ялалт байгуулсан юм.
Тэмцээний талаар шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн “Энэ медалийг эх орондоо авчрахыг 11 жил хүлээсэн. Авдаг л юм байна. Манай залуучууд сэтгэл зүрх нэгтэй үнэхээр дайчин тоглосон. Тийм ч учраас 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Манай багийн залуус үнэхээр ур чадвартай гэдгийг энэ тэмцээнээс харлаа. Манай улсад хоккейчдийн бэлтгэл хангах материаллаг бааз байхгүй. Бид бараг бэлтгэл хийгээгүй очсон. Гэтэл өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг мэргэжлийн баг тамирчидтай тоглож хүрэл медаль хүртсэн нь тамирчдын ур чадварыг илтгэж байна. Тэмцээнд оролцож байгаа бусад орны тамирчид тогтмол цалин авдаг, Хоккейгоос өөр ажил хийдэггүй. Харин манай улсын хоккейчид өөр өөрийн гэсэн ажилтай ч өндөр амжилт үзүүлсэнд бусад орны дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд гайхаж байсан. Улсаас дасгал хийх материаллаг бааз, мөсөн ордон бариад өгвөл бидний амжилт хязгааргүй байна. Тэгэхээр өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр юм. Бид хувцас хэрэглэл, цалин мөнгө өгөөч гэхгүй. Зөвхөн мөсөн ордон бариад өгвөл хариуг нь бид дахиад медаль болгож, улс эх орныхоо нэрийг мандуулж чадна” гэв.
Тэдэнд шагнал биш зөвхөн мөсөн ордон л хэрэгтэй байна | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.