Шууд Chart

Лео Делиб ба түүний “Коппелия”

2017-02-03 10:38:01

Францын хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, их сургуулийн профессор, балет, дуурь, оперетта бүтээгч, шилдэг уран бүтээлийн Римийн шагналтан Лео Делибийг (1836-1891) танилцуулья. Учир нь сонгодог урлаг сонирхогчид түүнийг аав шигээ хүндэлдэг билээ. 

Балетын урлагийн өлгий Францад романтик балет эрчимтэй хөгжиж А.Адамын “Жизель” оргил бүтээл болсноор нэг хэсэгтээ зогсонги байдалд ороод байсныг хөгжмийн зохиолч Л.Делиб сэргээж үйл явдал өрнүүн, хөгжим яруу, симфонилог балетууд ар араас нь төрүүлсэн бөгөөд сор бүтээл нь “Коппелия буюу Цэнхэр нүдэн бүсгүй” хэмээх хошин романтик балет юм. Энэхүү жүжгийг Францын романтик балетын сүүлчийн туурвил ч гэх аж.

Коппелия буюу Цэнхэр нүдэн бүсгүй

Өвгөн доктор Коппелиусын урлаж цонхон дээрээ тавьсан Коппелия хүүхэлдэйг идэр залуу Франц үл таних гоо үзэсгэлэнт бүсгүй хэмээн андуурч, санаархаж, сэтгэлтэй хонгор Сванильдагаа хэсэгхэн зуур гомдоох шахсан ч эцэст учраа олон уучлалт гуйж, хайртай хос баярлан бүждэг. Энэ бол Немцийн нэрт зохиолч Э.Т.А.Гофманы бүтээлээс сэдэвлэсэн романтик хошин жүжиг бөгөөд үйл явдал XIX зууны дунд үед Галицид (Дорнод Европын түүхэн газар нутаг. Одоо Украин, Польшийн зарим газар нутаг, төв нь Львов хот) өрнөдөг. Балетын нээлтийн тоглолт 1870 оны тавдугаар сарын 25-нд Парисын «Гранд Опера» театрт болжээ. 
Балетын хөгжим яруу тунгалаг, балетмейстерын (Анхны балетмейстер нь франц Сен-Леон, 1821-1870. Хожим М.Петипа зэрэг алдарт балетмейстерүүд өөр өөрсдийн хувилбараар дэглэж тавьж ирэхдээ жүжгийн үндсийг эвдэж байгаагүй ажээ) тавилт энгийн, ойлгомжтой мэт хэрнээ үйл явдлын хэлхээсийг маш нарийн уран тод, хөнгөхөн зурсан хэллэгтэй.

Жүжгийн тун сонирхолтой үйл явдалд автаж, “Одоо яах бол” хэмээн сэтгэл догдолж суух зуураа балетад “хуульчлагдсан” хүнд, хөнгөн бүхий л элементүүдийг нэг дор харж, австри, унгар, польш үндэстний бүжгүүдийн олон төрөлтэй танилцана.

Р.Оюунжаргал
Хөгжмийн зөвлөх М.Цогбадрах

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лео Делиб ба түүний “Коппелия”  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй