
Өдгөө МХБХ-ны футзалын өсвөр үеийнхний УАШТ-ий 15, 17 хүртэлх насны ангиллын тоглолтууд ид үргэлжилж байна. Харамсалтай нь 17 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй "Дэрэн", "Унаганууд" клүбүүд МХБХ-ноос гаргасан дүрмийг зөрчиж, тэмцээнд оролцох эрхгүй тоглогчийг оролцуулж байна. Гэхдээ үүнээс ч харамсалтай зүйл тохиолдоод байгаа нь тэднийг дүрэм зөрчсөнийг бүгд мэдэж байгаа ч үүнээс хойш хэд хоног өнгөрөхөд дорвитой арга хэмжээ авсангүй (Эсвэл авахыг хүсэхгүй байна уу). Уг нь "Тухайн тоглогч МХБХ-ны футзалын нэг улиралд зөвхөн нэг баг, клүбийн өмнөөс тоглоно" гэсэн дүрэм хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа юмсан.
Үүнийг 2015 оны арванхоёрдугаар сард эхэлсэн футзалын шинэ улирлаас эхлэн хэрэгжүүлж, тэмцээн уралдааны заавар, удирдамж бүрт бичиж, техникийн зөвлөлгөөн, дасгалжуулагчдын уулзалт бүрт сануулж байсан билээ. "Дэрэн" клүбийн 13 хүртэлх насны баг 2016 оны футзалын өсвөр үеийнхний лигт оролцсон ч УАШТ-д Сүхбаатар дүүргийн шигшээ багийн өмнөөс тоглосон тоглогчийг оролцуулсан байсан тул дүрмийн дагуу нэг тоглолтын дараа хасагдаж байв. Энэхүү шударга шийдвэр "Тухайн тоглогч МХБХ-ны футзалын нэг улиралд зөвхөн нэг баг, клүбийн өмнөөс тоглоно" гэсэн дүрэм ямар чухал болохыг таниулж, баг бүрт том сануулга өгсөн билээ.
Энэхүү дүрэм энэ жил ч гэсэн хэрэгжиж, техникийн зөвлөлгөөн бүрт сануулж байгаа ч харамсалтай нь зарим нэг багт үйлчлэхгүй байна. МХБХ-ны 2016-2017 оны футзалын улирал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ээр эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын сүүлээр өндөрлөх хуваарьтай. Оны өмнөхөн болсон насанд хүрэгчдийн УАШТ-д "Монголын тэмүүлэл", "Улаанбаатар Сити" клүбээс оролцсон А.Мөнгөнтулга, Г.Хишигдорж нар энэ удаагийн тэмцээнд "Дэрэн", "Унаганууд"-ын төлөө тоглож буй нь цагаан дээр хараар бичсэн дүрмийг улайм цайм зөрчсөн үйлдэл гэдэг нь тэнэг хүнд ч ойлгогдохоор харагдаж байна. МХБХ-ны Техникийн хэлтсийнхнээс дүрэм зөрчсөн багуудад яагаад хариуцлага тооцохгүй байгааг лавлахад МХБХ-ны Гүйцэтгэх хорооны шийдвэрийн дагуу тэмцээн уралдаантай холбоотой аливаа асуудал бүрийг Сахилга батын хороо шийдвэрлэж байх болсонтой холбон тайлбарласан билээ.
Сахилга батын хороо өнгөрсөн бямба гаригт "Унаганууд" клүбтэй холбоотой асуудлаар хуралдаад дараах хачирхалтай, асар мэргэжлийн бус шийдвэрийг гаргажээ. Тэд футзалын нэг улиралд хоёр өөр багийн өмнөөс оролцсон тоглогч Г.Хишигдоржийг тэмцээнээс хасах, Дархан-Уул аймгийн шигшээ багийг хожсон хожлыг хүчингүйд тооцож, эсрэг багт нь 3:0 гэсэн дүнтэй ялалт өгөх, мөнгөн торгуул оногдуулахаар шийдвэрлэсэн ч "Унаганууд"-ыг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Та уншаад гайхаж магадгүй. Гэвч энэ үнэн. "Унаганууд"-ыг дүрэм зөрчсөн гэж үзээд тоглогчийг нь тэмцээнээс хасч, оноог нь цуцалж, мөнгөн торгуул оногдуулсан хэрнээ тэмцээнд үргэлжлүүлэн тоглохыг нь зөвшөөрсөн туйлын хачирхалтай, зөвхөн Монголд л гарч мэдэх шийдвэр. ОУХБХ зэрэг байгууллагууд дүрэм зөрчсөн, зөрчил гаргасан багийг тэмцээнээс шууд хасч, өмнөх бүх тоглолтын үр дүнг нь хүчингүйд тооцдог биш бил үү. Өөрөөр хэлбэл бүх тоглолт нь хүчингүй болсон тул 3:0 гэх мэт оноо, гоол өгөх ямар ч шаардлага байдаггүй билээ. Харин манайд л хэдэн жилийн өмнө ямар нэгэн тэмцээн болоход эхлээд хоёр хожигдсон баг сүүлийн тоглолтдоо ирээгүй бол 0:3 гэсэн ялагдал оноодог байсансан. Энэ байдал нь даамжраад дээрх дүнгээр ялалт өгдөг гэсэн ойлголт олон хүний толгойд суучихсан байж билээ. Аливаа асуудлыг ийм хоцрогдсон ойлголт, сэтгэхүйгээр шийдвэрлэмээргүй байна. Анхны шийдвэр ийм сул байхаар цаашид яах болж байна вэ.
Яг нарийндаа бол МХБХ-ны Сахилга батын хороо энэ асуудлыг шийдвэрлэх ёсгүй юм билээ. МХБХ-ны Гүйцэтгэх хорооны ээлжит хурал нэгдүгээр сарын 14-нд болж, МХБХ-ны сахилга бат, ёс зүйн дүрмийг баталж, сахилга баттай холбоотой аливаа асуудлыг Сахилга батын хороогоор шийдвэрлүүлж байхаар тогтсон. Сахилга батын асуудал гэдэг нь хүн зодох, шүүгчийн биед халдах, үг хэлээр доромжлох гэх мэт үйлдлүүд байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Тэмцээн зохион байгуулах комиссоос (Комисс гэдэг орос үг. Тиймээс цаашид Тэмцээн зохион байгуулах хороо гэвэл илүү зохилтой болов уу) баг, хувь хүнийг мөнгөн дүнгээр торгох эрх нь л шилжсэн хэрэг. Түүнээс биш тэмцээн уралдаантай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх эрхийг нь хэвээр үлдсэн юм билээ.
Хар ухаанаар бодоход Сахилга батын хороо гэдэг чинь байнгын үйл ажиллагаатай биш шүү дээ. Харин МХБХ-ны үйл ажиллагаа, тэмцээн уралдаан байнга үргэлжилнэ. Үйл ажиллагаа, тэмцээн уралдаантай холбоотой асуудлуудыг цуглуулж цуглуулж, хамаг юм өнгөрсөн хойно нэг бөөн шийдвэрлүүлж байх болж байна уу. МХБХ-ны Сахилга батын хорооны дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх ч гэсэн МХБХ-ны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг бус дээр дурдсан шиг сахилга баттай холбоотой асуудал дээр хуралдаж, шийдвэр гаргах нь хорооных нь үүрэг гэдгийг хэлж байсан.
Нэгэнт Тэмцээн зохион байгуулах хороонд эрх нь хэвээр байгаа тул даруйхан шийдвэр гаргамаар байна. Ний нуугүй хэлэхэд энэ удаагийн тэмцээн оролцож буй олон баг гаднаа илэрхийлж чадахгүй л байгаа болохоос та бүхнийг шийдвэр гаргахыг хүлээж байна. Хэрвээ энэ удаа толгойг нь илээд өнгөрүүлэх юм бол дараа дараагийн удаа дүрэм журмыг дагаж мөрдөж чадахгүйгээ хэд хэдэн багийн дасгалжуулагч өгүүлж байна. МХБХ-ноос зохион байгуулдаг тэмцээн бүрийн заавар, удирдамжийн төгсгөлд "Энэ зааварт тусгагдаагүй бусад асуудлыг Тэмцээн зохион байгуулах комиссоос тухай бүрт нь шийдвэрлэнэ" гэсэн өгүүлбэр байдаг. Одоо энэ заалтдаа эзэн болох цаг иржээ.
Дээр дурдсан "Дэрэн", "Унаганууд" клүб 2013 онд хамтран "Дэрэн цом" футзалын олон улсын тэмцээн зохион байгуулсан. Тухайн үед миний удирдсан баг шигшээ тоглолтод шалгаран үлдээд байсан ч тэмцээнд оролцох эрхгүй тоглогчийг оролцуулсныхаа төлөө хасагдаж, манай бүх тоглолтын дүнг хүичнгүйд тооцож байлаа. Тухайн үед манай багийнхан зохион байгуулагчдын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч байсан. Харин одоо "Дэрэн", "Унаганууд" өөрсдийн баримталдаг тэмцээний дүрэм журмыг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Миний бие дээрх клүб, клүбийн удирдлага, дасгалжуулагч, тоглогчидтой ямар нэг асуудалтайн улмаас ингэж бичсэнгүй. Нэгэнт л батлагдаад гарсан дүрэм журам нь хэрэгждэг, баг бүрт үйлчилдэг байгаасай, нэгэнд нь хариуцлага тооцоогүйгээс болж дараа дараагийн барьцах гэх мэт хүндрэл бүү гараасай гэсэндээ хэдэн үг холболоо.
Д.Нанжид
Дүрэм журам баг бүрт адил тэгш үйлчилмээр байна | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.