
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацан байгуулагдсаны 280 жилийн түүхт ой энэ жил тохиож байна.
Ойн хүрээнд лам хуврaг, эрдэмтэн судлаачдын дунд “Бодь мөрийн зэргийн хэлэлцүүлэг-1” сэдэвт номын нийллэгийг зохион байгууллаа.
Бурханы шашны гол сурвалжийн нэг болох Богд Зонхова ламын зохиосон “Бодь мөрийн зэрэг” номыг нарийвчлан судлаж, Буддын сургаалын мөн чанарыг сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн түүнчлэн тус номыг ойлгоход бэрх хэсгүүдийн утгыг тодруулан, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэхэд энэхүү номын нийллэгийн гол ач холбогдол оршиж байгаа юм.
Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанг Монголын II Богд Жавзундамба хутагт, Манзушри хутагт нар анх Өвөр Монголын Долнуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулсан байдаг. Улмаар 1756 онд Монголын V Богд Лувсанчүлтэм Жимэддамбийжанцан нь сургууль номын газар тусдаа байх ёстой гэж үзээд Хүрээний буддын гүн ухааны хоёр дацан болох Дашчойнпэл, Гунгаачойлин дацанг Далхын дэнжид нүүлгэн сууришуулсан түүхтэй.
1970 онд Монголын Бурханы Шашны дээд сургууль үүсгэн байгуулагдсан бөгөөд Дашчойнпэл дацанд тогтмол 100 орчим лам суралцдаг. Өнөөг хүртэл тус дацангаас 36 гавж, 300 орчим гэвш төрөн гарсан байна.
Л.Бямбажаргал
Бодь мөрийн зэргийн хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.