Шууд Chart

Үндэсний их баяр наадмын сурын харваанд нэмэлт өөрчлөлт орууллаа

2017-02-13 15:03:58

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганаар баталсан билээ.

Анх 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, Үндэсний их баяр наадмын сурын харваанд зургаан удаа түрүүлбэл Дархан мэргэн цол хүртээхээр болсон байдаг. Уг цолын одоогоор ганцхан хүн хүртээд буй.

Цаашид сурын харваачдад олгож буй цол тэмдгийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж 2014 онд хуралдсан харваачдын 15 дугаар ээлжит чуулганаар шийдвэрлэсэн байна.

Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлт нь Үндэсний баяр наадмын сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваач “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгох тухай юм.

Дээрх өөрчлөлтийг хуульд оруулах саналыг Үндэсний сур харваачдын XV их чуулганаар гаргасан байдаг. Тэдний саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөлд тусгаж өргөн бариад, УИХ-аар батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харваачдад олгодог цол “Гоц харваач”, “Гарамгай харваач”, “Улсын мэргэн”, “Улсын хошой мэргэн”, “Улсын даяар дуурсах мэргэн”, “Улсын дархан мэргэн” болж төрөлжих эрх зүйн боломж бүрдсэн байна. Тус өөрчлөлт нь энэ жилийн баяр наадмаар эхлэн цаашид хэрэгжих юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний их баяр наадмын сурын харваанд нэмэлт өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй