
Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээ багаас өөрийн хүсэлтээр нэрээ татлаа.
БСШУС-ын сайдын тушаалаар үндэсний шигшээ багуудын ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусаад байгаа билээ.
Үүний дараа Монголын чөлөөт бөхийн холбоо энэ оны шигшээ багийн тамирчдаа дарлахад С.Батцэцэг өөрийн хүсэлтээр гарах шийдвэр гаргажээ.
Энэ талаар фейсбүүкдээ "Соронзонболдын Батцэцэг миний бие чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байсан. Үүнээс хойш баг хамт олон, Монгол Улсын Засгийн газар, салбарын яам төрийн байгууллагууд, чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарийнхаа болон бөхөд хайртай Монголчуудынхаа дэмжлэгтэй олон сайхан амжилтанд хүрсэндээ маш их баяртай байдаг. Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж, одоогоор ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, олимпийн хүрэл, оюутны универсиад наадмын алтан медаль гэх мэт амжилтыг гаргасан. Энэ амжилтыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компани өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг. Тийм болохоор би өнөөдөр миний оронд нэг тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай хэмээн хүсч 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилготой ийм шийдвэр гаргалаа. Чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт байхгүй. Мөн би барилдахаа болих цаг болоогүй ээ “Токио-2020” олимпийн наадмын шинэ цикл эхэлж байна. Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамрагдана. Цалин авахгүй л болохоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань найз ОУХМ Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг нар сайхан дэмжсэн. Бид гурав хүүхэд байхаасаа барилдаж эхэлсэн үеэ ч бодож, ийм шийдвэр гаргалаа. Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.
С.Батцэцэг шигшээ багаас өөрийн хүсэлтээр нэрээ татлаа | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.