
Манай улсын нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон байдаг. Тэдний 13.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас жил ирэх тусам улам залуужих хандлагатай байна. Архины хор хөнөөлийн талаар бид Наркологийн эмнэлгийн дарга Б.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Архи гэж юу вэ. Энэ асуулт энгийн санагдах боловч уншигчид энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй байж болох юм?
-Монголчууд архийг эрт дээр үеэс идээний дээж гэж эрхэмлэн үзэж хэрэглэж ирсэн. Архи этилийн спирт буюу этанолыг өөртөө агуулсан байдаг. Хүн бүрийн биед архийг ус цууны хүчил болгон хувиргадаг фермент бий. Энэ фермент нь элгийг цэвэрлэж хоргүйжүүлэх гол үүрэгтэй. Цууны хүчил гэдэг нь архинаас арав дахин илүү хор уршигтай. Ус мөн адил ферментийн нөлөөгөөр асар хортой зүйлийг хүний биед бий болгодог. Архи нь хүний сэтгэлийн хөөрлийг түр зуур бага хэмжээгээр ихэсгэнэ. Тиймээс архи уусан хүн хүнтэй харьцахдаа инээсэн, улайсан, бүх яриа сэдэв рүү нээлттэй орох боломжтой болчихсон байдаг. Гэхдээ удаан хугацаагаар ууснаар донтох эмгэгтэй болж, цаашлаад эрүүл мэндээрээ хохирдог учраас үхлийн ус гэж нэрлэдэг.
-Хүмүүс яагаад архийг хэтрүүлэн хэрэглэдэг юм бол. Сэтгэлийн хөөрлийг нэмдэг болохоор сэтгэл гутралаа засах гэдэг юм болов уу?
-Архинд донтох эмгэг бий болгох сэдэл олон байдаг. Үл ялих баяруудыг тэмдэглэхээс эхлээд нэрлэж болох юм. Жишээ нь, зарим хүн ажлын хамт олондоо өнөөдөр миний төрсөн өдөр шүү, цалин буулаа гэх мэт шалтаг тоочин архи уудаг. Зарим нь санхүүгийн болоод гэр бүлийн бусад асуудалд ормогцоо сэтгэлийн дарамтнаас салах гэж маш олон шалтаг тоочин архи уудаг. Монголд залуучуудын дунд бусдыгаа уруу татах байдал маш их ажиглагддаг. Группээрээ архидах тохиолдол их байна. Ажлын хамт олон, ангийн найз нөхдөөрөө нийлж архиддаг. Сүүлийн үеийн залуус муу зүйлд амархан уруу татагдаж байна. Ер нь мансууруулах бодист татагдах хэв шинжийн хүмүүс гэж байдаг. Тэдгээрийг хэд хэд ангилж болно. Амьдрал нь хичнээн сайхан байсан ч, байгаа сайхан зүйлдээ сэтгэл хангалуун байж чадахгүй дандаа ямар нэгэн өө шалтаг хайж, үргэлж сэтгэл гутралтай байдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Нөгөө хэсэг хүмүүс нь өөрийгөө бүхнийг чаддаг гээд бодчихсон, “Би”-ээр өвчилсөн хүмүүс. Надад мэдэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй гэдэгт итгэсэн. Ажлын хамт олон, удирдах хүмүүсийн өөрт нь тулгаж хэлсэн санал шүүмжийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хэв шинжийн хүмүүс бас бий. Харин нөгөө нэг хэв шинжийн хүмүүс нь их цочмог түргэн ууртай, түрэмгий ааштай, ажлын хамт олон болон ах дүү, хамаатан садан, гэр бүлээ элдвээр хэлж доромжилдог. Үйл явдлыг зодооноор төгсгөх гээд байдаг хэв шинжийн хүмүүс байдаг. Үлдсэн нэг хэв шинжийн хүмүүс нь ээж аав, ах дүү, хамаатан садны гар дээр эрх өссөн хүмүүс. Тийм хүмүүс сургууль, хамт олон дунд ороход дасан зохицох чадваргүй, өөрийгөө дандаа магтуулж урамшуулаад сурсан байдаг. Ийм хүний гараас бүтээлч ажил гардаггүй.
-Архи хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Архи буюу этилийн спирт нь сэтгэлийн процессыг дарангуйлагч бодис юм. Тэгэхээр хүн ажлаа хийж чадахгүй аливаа нэгэн юманд анхаарал төвлөрөхгүй, гаргасан шийдвэр төлөвлөгөөгөө мартах гэх мэт шинжүүд илэрнэ. Уур бухимдалтай болно. Хүнтэй эвтэй зүйтэй харицаж чадахгүй болно. Энэ нь зан төрхийн өөрчлөлтөд орж байна гэсэн үг. Зан төрхийн өөрчлөлт бол архинд донтох эмгэгийн 2, 3 дугаар үед тодорч гарч ирдэг. Ийм хүн гэр бүл, ажлын хамт олон, ойр дотны хүмүүстэйгээ ойлголцож чадахгүй. Мөн олон нийтийн газар хэл ам хэрүүл шуугиан дэгдээж дэвэргэж явдаг, хүнтэй үл зохицох хувь хүн болон хувирдаг. Мөн архийг их хэмжээгээр, байнга хэрэглэснээр уураг тархи болон элгэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Олон удаагийн өндөр тунгаар этанолыг хэрэглэсний улмаас элэгний үйл ажиллагаа муудаж, элэг хатууран яваандаа элэгний хавдар үүсдэг. Монголчуудын хувьд элэгний хавдар, элэгний хатуурлын шалтгааны 80 хувь нь архинаас үүдэлтэй байна. Мөн этанолыг уунгуут уусан хэмжээний дөрөвний нэг нь ходоодонд ууршдаг. Үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр шимэгдээд, цусаар дамжин бүх эрхтэн системд очдог. Манай монголчуудын нэг дутагдалтай тал нь архийг эмчилгээний зорилгоор хэрэглэх гээд байдаг. Хоолны шингээлт сайжруулж, ажлын бүтээмж нэмэгдүүлдэг хэмээн буруу ойлгож их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ бол буруу. Өөр нэг асуудал гэвэл бага насны хүүхдүүд найз нөхөд, эцэг эхийнхээ нөлөөнд автан архи хэрэглэх явдал их байдаг. Тиймээс энэ архины хэрэглээний асуудал зөвхөн насанд хүрэгчдийн асуудал биш өсвөр үеийнхэн, хүүхдийн асуудал болж байна. ДЭМБ-аас Монгол Улсад архины хэрэглээ хэр байгааг судалсан байдаг. Судалгааны үр дүнгээс харахад насанд хүрэгчдийн 39 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг нь тогтоогдсон. Тэдний 13.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ бол эмзэглэмээр тоо баримт. Үүнээс харахад, Монгол Улсад архи бол дайны гамшигтай байгаа гэхэд хилсдэхгүй.
-Тухайн хүн өөрийгөө архины хамааралтай болсон эсэхээ яаж мэдэх вэ?
-Эхлээд ямар хүмүүс согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй вэ гэдгийг хэлье. Жишээлбэл, 21-ээс доош насныхан огт хэрэглэж болохгүй. Үүнд хэн анхаарал тавих ёстой вэ гэхээр эцэг эх, ах дүү, хамаатан садан. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, тээврийн хэрэгслийн засварчид, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс, ямар нэгэн тохиолдлоор бусад эрхтэн системдээ эм тан хэрэглэж байгаа хүмүүс архийг огт хэрэглэж болохгүй. Архи уухад биеийн жин бас их нөлөөтэй байдаг. Хэтэрхий туранхай, ер нь бол 50 кг-аас доош жинтэй хүмүүс архи уух хэрэггүй. Яагаад гэвэл багахан тунгаар уугаад хүйтний улиралд гадаа явж байгаад тасрах юм бол амь насанд нь эрсдэлтэй байдаг. Хэрвээ хувь хүн өөрийнхөө удмын санд нэг хүн архинд донтох өвчтэйгээ мэддэг бол архийг огт хэрэглэж болохгүй. Өөрийгөө хэр зэрэг архины хэрэглээтэй байна вэ гэдгээ мэдэхэд амархан. Эхний үед бол архи ууя гэсэн сэтгэцийн бодлууд тархинд нь байнга орж ирээд архи уух дур хүсэл төрөөд байдаг. Дээрээс нь архийг би даагаад байна гээд маш их хэмжээгээр уудаг. Найз нөхөд нь үүнийг нь өөгшүүлж магтдаг. Энэ бол буруу зүйл юм. Даац ихэднэ гэдэг бол өөрт нь аюултай дохио өгч байдаг. Нөгөө талаар шартах хам шинжийн үүслүүд гарч болно. Ялангуяа бие махбодын өөрчлөлтүүд гарч ирдэг. Өглөөдөө огино, дотор муухайрна, ажлын чадвар буурна. Барьсан тавьснаа мартана гэх мэт шинжүүд илэрдэг. Ер нь ажлаасаа хоцордог, ажлаа хийдүүлдэг, удирдах ажилтандаа худлаа ярьдаг болоод эхэлвэл хэрэглээндээ хяналт тавъя, мэргэжлийн эмчид хандах ёстой юм байна гэж зоригтойгоор шийдвэрээ гаргах хэрэгтэй. Зарим залуус эмнэлэгт очихоосоо ичдэг. Энэ бол ичих зүйл биш. Энэ бол элэгний эмгэгшил, ходоодны эмгэгшил гэсэн өвчин шүү дээ. Тиймээс эмнэлэгт үзүүлэхээсээ ичих хэрэггүй. Нөгөө талаасаа эмнэлэг хувь хүний нууцыг чанд хадгалдаг.
-Архинаас хол байхын тулд хувь хүн яах ёстой юм бэ. Зөвлөгөө өгөөч?
-Түрүүн хэлсэнчлэн удмын санд чинь архинд донтох эмгэгтэй хүн байдаг л бол та архи уухаас татгалзах хэрэгтэй. Нөгөө талаар найз нөхдийн тань дунд хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох эмгэгтэй хүн байвал тэр найз нөхдөөсөө шууд зайгаа барих хэрэгтэй. Баяр ёслол, онцлог үйл явдлуудыг архигүй тэмдэглэж сурах хэрэгтэй. Баяр ёслолын үеэр хамт олон, найз нөхөдтэйгөө нийлж архи уухгүй байхыг хичээгээрэй.
Архи бол үхлийн ус | ||
Үзсэн: 5568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.