Шууд Chart

“Догшин хар сүлдний нууц”, “Тусгай салаа I,II” “Энхийн төлөө кино” шагналыг хүртлээ

2017-02-18 14:03:31

Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог “Cinema for Peace” буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртлээ. Энэ сарын 13-19-нд зохион байгуулагдаж байгаа Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн “Cinema for Peace” ёслолын арга хэмжээ болж “Best Supporter” буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа-I, II” телевизийн олон уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөлд олгожээ.

Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авав.

Түүнтэй хамт “Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продюссер Ц.Ганболд, найруулагч Л.Ариунжаргал, зохиогч А.Батпүрэв, “Тусгай салаа” киноны продюссер Ц.Оюундарь, ерөнхий найруулагч Ж.Батбаяр нар уран бүтээлчдээ төлөөлөн Берлинд очиж шагналаа авсан байна.

Тэдний шагналыг Францын алдартай жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор Монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулжээ.

Энэхүү шагналыг дэлхийн энх тайван, хүний эрх, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг олны анхааралд хүргэж, асуудлыг шийдэхэд уран бүтээлчдийн хувь нэмрийг оруулах зорилгоор 2001 онд анх байгуулагдсан “Cinema for Peace” олон улсын сангаас жил бүрийн Берлиний кино наадмын үеэр олгодог юм байна.

Сангийн анхны хүндэт даргаар жүжигчин Леонардо Ди Каприо сонгогдож байсан бол Жорж Клуни, Николь Кидман, Бэн Аффлек, Шон Пенн нарын супер одууд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михайл Горбачёв нарын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд жил бүр манлайлж хамтран ажиллаж ирсэн тухай тус байгууллагын танилцуулгад дурдсан байна.

“Cinema for Peace” ёслолын үеэр манай уран бүтээлчдэд олгосон шагналаас гадна дөрвөн төрлөөр шилдэг уран бүтээлд шагнал олгожээ.

Тухайлбал “Үнэ цэнэтэй УСК” номинацад Мэл Гибсоны бүтээл, дэлхийн II дайны фронтод нэг ч хүн рүү буу шагайлгүй 75 хүний амийг аварсан Десмонд Тоссын бодит түүхээс сэдэвлэсэн “Хаксо Ридж” кино, “Ногоон кино” номинацид Хятад дахь зааны соёоны худалдаа наймаа Африкийн заануудыг устгах аюулд хүргэж буй тухай эрэн сурвалжилсан “Айвори Гэйм”, “Шударга ёсны төлөө” шагналд Эдуард Сноудений амьдралаас сэдэвлэсэн ”Сноуден” кино шалгарчээ. “Сноуден” киноны шагналыг Оскарын шагналын гурван удаагийн эзэн, домогт найруулагч Оливер Стоун өөрийн биеэр ирж авсан нь Берлиний кино фестивалийн бас нэгэн онцлох үйл явдал болж байв.

Шагнал хүртсэн “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны кинонд эрт цагаас эдүгээг хүртэлх Монгол цэргийн амьдрал тэмцэл, цэргийн урлаг, дэлхий дахины энхийн төлөө үйлсийг түүхэн болон уран сайхны хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн цогц төсөл юм. Төслийг тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилга дэмжлэгээр хэрэгжүүлжээ

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Догшин хар сүлдний нууц”, “Тусгай салаа I,II” “Энхийн төлөө кино” шагналыг хүртлээ  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй