Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ

2017-02-20 10:12:18
Error loading player: No playable sources found

Азийн наймдугаар өвлийн наадам Японы Саппоро хотноо албан ёсоор эхэллээ. Өчигдөрөөс энэ сарын 26 хүртэл явагдах энэхүү наадамд 32 орны 2000 орчим тамирчин болон албаны хүн оролцож байгаагаараа тивийн хэмжээнд түүхэн дэх хамгийн том өвлийн наадамд тооцогдож байна.

Азийн наадмын нээлтийн ажиллагаа дээрх хотын бахархал болсон “Саппоро Дом” цэнгэлдэхэд явагдсан бөгөөд Японы эзэн хааны ширээг залгамжлах хунтайж Нарухито өөрийн биеэр хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Ёслолын арга хэмжээнд Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Ал Фахад Ал Сабах хүрэлцэн ирж нээлтийн үгийг хэлэв.

“Азийн Олимпийн зөвлөл Саппорог өвлийн наадмын “гэр” нь гэж үздэг. Наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний энэхүү дэмжлэгт маш их баярлаж байна” хэмээн Шэйх Ахмад хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн юм. Азийн Өвлийн наадмыг Саппоро хот өмнө нь 1986, 1990 онд дараалан зохион байгуулж байсан билээ.

Олимпийн бамбарыг 1998 оны Наганогийн олимпийн аварга Масахико Харада асаасан бөгөөд тэшүүрийн төрөлд мөн тухайн олимпод аваргалж байсан Х.Шимизу тэргүүтэй дөрвөн тамирчин буухиалан цэнгэлдэхэд заллаа.

Манай улсаас энэхүү наадамд дөрвөн  спортын төрөлд 42 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд төрийн далбааг биатлоны тамирчин Э.Бархүү залан нээлтэнд оролцлоо

Тамирчдын жагсаалаар эхэлсэн нээлтийн ажиллагаа Японы соёлын онцлог, шинэ залуу үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрүүдээр үргэлжилж, наадмын сүлд дууллыг Японы алдарт Dreams Come True хамтлаг дуулан мини концертоо толилуулснаар өндөрлөлөө. Долоо хоногийн турш хүч чадал, авхаалж самбаагаа сорих Азийн шилдэг тамирчид таван спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ   
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй