
Азийн өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг нэгдүгээр дивизионы хоёр дахь тоглолтоо хийж, хожилоор өндөрлүүллээ.
Манай улсын баг Сингапурын багтай тоглож, 8:0-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан юм.
Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар нэгдүгээр үеийн сүүлийн хоёр минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэв. Хоёрдугаар үед манай баг илт илүү тоглолтыг үзүүлж, И.Гэрэлт хоёр гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмснээр 6:0-ээр давамгайлах болсон. Гуравдугаар үед ч Монголын шигшээ давуу байдлаа алдсангүй, П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоолын жагсаалтад нэрээ нэмж бүртгүүлснээр тоглолт 8:0-ийн харьцаатайгаар өндөрлүүлсэн юм.
Уг тоглолтод Монголын багийн хаалгач Б.Мөнхболд, Б.Баатархүү нар талбайд гарч, хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Манай багийн гол хамгаалагчдын нэг З.Батгэрэл болон дэд ахлагч Ж.Баярсайхан нар тус бүр нэг гоол, хоёр оновчтой дамжуулалт хийж, гурван оноог багтаа авсан.
Саппорогийн наадмын хоккейн төрөл үндсэн гуравдугаар дивизионд нийт 18 баг хуваагдан өрсөлдөж буй. Нийт зургаан баг өрсөлдөж байгаа нэгдүгээр дивизионд Монголын баг нэг хожил, нэг хожигдолтойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Одоогоор өмнөх тоглолтдоо Монголын багийг буулгаж авсан Тайландын шигшээ хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байгаа билээ.
Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 18:00-ээс Арабын нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглоно.
Өнөөдөр манай баг Арабын нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглоно | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.