
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын театрын музей, “Удмаа дээдлэе” ТББ хамтран эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан цуврал үзэсгэлэнг гаргаж байгаа билээ. Энэ удаа Нэмэндэйн Янжмаагийн амьдралын замналыг дэлгэсэн “Эгшигт эх” үзэсгэлэн энэ долоо хоногт үргэлжлэн гарч байна.
Нэмэндэйн Янжмаа нь 1884 онд Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны албат Дондооны Нэмэндэйн охин болж төржээ. Тэрээр 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, 1922 онд МАХН-ын гишүүнд элсэж, нам улс төрийн амьдралд идэвхитэй оролцож байсан нь жанжин Сүхбаатартай амьдралаа холбож, хамтран зүтгэсэнтэй холбоотой юм.
Н.Янжмаа нь 1927 онд Намын төв хороонд эмэгтэйчүүдийн хэлтсийн даргын албыг бусад хэд хэдэн сонгуульт албан тушаалын хамт хашиж байжээ. Мөн Төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга, Дэлхийн II дайны жилүүдэд Зөвлөлийн улаан армид фронтод явуулах “Бэлэглэлийн төв” комиссын даргаар ажиллаж байсан байна.
Мөн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон улсад таниулах, хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж, 1946 онд Москва хотноо болсон Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд эрдэмтэн зохиолч Э.Оюуны хамт оролцжээ. 1948 онд Парис хотноо болсон олон улсын үзэсгэлэнд уран хатгамал нэхмэлийн бүтээл тавьж, өөрийн орны эмэгтэйчүүдийн ажил үйлсийг сурталчилж явсан түүхтэй эмэгтэй билээ.
“Эгшигт эх” үзэсгэлэнд Н.Янжмаагийн амьдралын замналыг харуулсан 70-аад түүхэн гэрэл зураг, ном хэвлэл болон бусад холбогдох материал дэлгэжээ.
Нэмэндэйн Янжмаагийн үзэсгэлэн дэлгэгдлээ | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.