
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилгаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Дархад дууны цоморлог” номын нээлт МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй зааланд боллоо.
Нээлтэд П.Цагаан оролцож, ном бүтээх болсон түүхээсээ хуваалцсаны сацуу Монголын сор болсон ном эрдмийн сэхээтнүүд оролцсон юм.
Номыг бүтээхдээ хээрийн байцаалт хийж, дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэсэн байна.
Дархад дууны талаар урьд өмнө нь хэвлэгдсэн цөөнгүй бүтээл байдаг ажээ. Тиймээс хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаныхан өмнө нь хэвлэгдэн гарсан ном эх хэрэглэгдэхүүнийг үндэс болгосон байна. Мөн 1960-аад оны үед МУИС-ийн багш Ц.Шархүү гуайн нутгийн зон олноос бичиж авч хараахан нийтийн хүртээл болгож амжаагүй “Аман аялгуу дархад судлал”-ын докторын ажлын нэгээхэн хэсгээс дээж болгож нэг зуун дууг оруулжээ.
Түүнчлэн К.Н.Яцковская, Унгар Улсын Өтвөш Лораандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуулийн монголч эрдэмтэн Бирталан Агнеш нарын гадаадын судлаачдын бүтээлээс ч эш татан оруулсан байна. Өмнө нь хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулан 525 дууг хувилбарын хамт (нийт 825) эмхэтгэн “Цоморлог” болгон хүргэж буйгаараа өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ажээ.
“Дархад дууны цоморлог” номын нээлт боллоо | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.