
МҮОНРТ-ийн удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, халуун яриа өрнүүлэн гарын бэлэг гардуулав. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулж настнууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.
Л.Нинжжамц: Энэ үйл ажиллагааг цаашид уламжлал болгоно
МҮОНРТ-ийн ерөнхий захирал.
-МҮОНРТ-ийн хамт олон тахиа жилийн босгон дээр 80-аас дээш настай ахмадуудаа хүлээж авлаа. Энэ их айлд ажиллаж байсан 350 гаруй ахмад байдаг. Тэднээс өнөөдөр 35 нь хүрэлцэн ирж, залуу үеийнхээ дурсамжийг хуваалцлаа. Энэ буурлууд маань бидний түүх, бахархал, нүүр царай юм. Тиймээс тэднийхээ үгийг сонсож, хийж бүтээж байсан зүйлсээс нь суралцаж байна. Цаашдаа ч энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна.
Л.Банзрагч: Монголын үндэсний радио бол миний их гэр
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч, сэтгүүлч.
-82 жилийн түүхтэй Монголын үндэсний радио бол миний их гэр. Яагаад гэвэл би энэ байгууллагынхаа Урлаг соёлын албанд найруулагчаар олон жил ажилласан. Би урлагийн сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 1957 онд төгссөн. Тэр жилээ алдарт зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Ч.Чимэд нарын зохиол “Сэрэлт” киноны Пүрэвжавын бага насанд тоглосон. Үүний дараа театрт хуваарилагдаад нэлээн хэдэн түрд тоглосон. Жишээ нь, “Улаан галстуг”, “Солонго”, “Аль нь хэцүү вэ” зэрэг. Дараа нь хойд хөршид курст сураад ирэхэд Соёлын яамаас намайг “Монголын радиод урлагийн хүн хэрэгтэй байна” гээд ажилд орох үүрэг өгч, 1960 оноос ажиллах болсон. Монголын радио тухайн үед Засгийн газрын харьяа Мэдээлэл радиогийн хэрэг эрхлэх газар нэртэй байлаа. Энэхүү байгууллагадаа би ингэж л анх ажилчин болсон. Өнөөдөр биднийг ийнхүү угтаж, хүлээн авсан хамт олондоо талархлаа илэрхийлье.
Д.Амбасэлмаа: Намайг эд нар маань хаяад ч яах юм билээ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч.
-Би МҮОНРТ-ийн хамт олны дунд бараг хагас зуун жил болж байна. Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг олон зохион байгуулдаг. Тэр болгонд нь би их хүч, уран бүтээлийн эрмэлзлийг олж авдаг. Өндөр наслатлаа ингээд гүйж яваа минь энэ хамт олны ач. Тэдэнтэйгээ байхдаа би өтөлж буйгаа мартдаг. Өмнөх дарга нар ч гэсэн бидэнд тусгай унаа бэлтгээд хөдөө авч явж амраадаг байсан. Одоо ч намайг хөгшин гэж гололгүй байнга урьдагт нь баярлаж байна. Би чинь 25 настайгаасаа ийм болтлоо энэ байгууллагатай цуг байгаа юм чинь намайг тэд хаяад ч яах юм билээ дээ.
МҮОНРТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авлаа | ||
Үзсэн: 2102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.