
МҮОНРТ-ийн хамт олны чадварлаг, авьяаслаг уран бүтээлдээс өнөөдөр долоон хүн төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа.
Тодруулбал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор МҮОНРТ-ийн Дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн албаны нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, "Алтан гадас" одонгоор МҮОНРТ-ийн цахилгааны инженер Б.Ариунаа, ОНР-ийн Урлаг соёлын редакцийн продюсер П.Нямлхагва, ОНТ-ийн нэгдүгээр суваг үндэсний телевизийн Баримтат, уран сайхны нэвтрүүлгийн багийн найруулагч Б.Нямхүү, Техникийн төвийн инженер Ц.Цэгмид, “Монголын мэдээ” сувгийн Нийгэм, соёлын редакцийн ахлах редактор Ц.Цэнд, Хөдөлмөрийн хүндэт медалиар МҮОНРТ-ийн Тайз чимэглэлийн албаны зураач Д.Батмөнх нар хөдөлмөрөө үнэлүүллээ. Тэднийг МҮОНРТ-ий Ерөнхий захирал Л.Нинжжамц хүлээн авч уулзах үед нь сэтгэгдлийг нь хуваалцсан юм
Ш.Бямбацогт: МҮОНРТ хэмээх энэ том айлын босгоор аавыгаа дагаж алхаж байлаа
МҮОНРТ-ийн дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн албаны нэвтрүүлэгч. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн.
-МҮОНРТ хэмээх энэ том айлын босгоор би аавыгаа дагаж алхаж байлаа. Сонирхол маань нэвтрүүлэгч байсан болохоор шалгуулах гэж тэр л дээ. Тухайн үед Хэнтий нутгийнхнаас маань “Парик” Жагаа буюу сэтгүүлч Г.Жаргалсайхан ахаас эхлээд олон хүн байсан. Тэр цагаас хойш биш 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд манай хамт олон гоё түүхийг бичсэн. Хөгжилтэй ч юм их бий. Жишээ нь нэвтрүүлэгч бидэнд тохиолдсон зүйлийг ярья л даа. Зарим текстийнх нь орчуулга хараахан бэлэн болоогүй байхад кинонд дуу оруулж байвал хэн нэгэн хаалганы завсараар үлдсэнийг нь чимээгүйхэн шургуулах. Тухайн үед босоо сул тайзтай байлаа. Бичлэг хийгдэж, юм уншиж байхад өнөө арын тайз унах зэрэг инээдтэй зүйл болж байсан. Дараа нь ярихад сайхан байдаг юм. Бидний хувьд үе үеийнхээ чадварлаг нэвтрүүлэгчдийн халааг авч ажиллаж байгаадаа баяртай байна. Дашрамд хэлэхэд үзэгч, уншигч, сонсогчиддоо удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлж, хавраа сайхан угтахыг хүсэе.
Ц.Цэгмид: Олон сайхан хүнтэй хамт ажиллаж байгаадаа баярладаг
МҮОНРТ-ийн техникийн төвийн инженер. Алтан гадас одонт.
-МҮОНРТ-д 1988 оноос хойш ажиллаж байна. Тухайн жил Соёлын дээд сургуулийг төгсч, Монголын радиогийн нэвтрүүлгийн албанд техникчээр ажилласан. Харин дараа жилээс нь засварын инженерээр ажиллаад одоог хүртэл ажлаа хийж явна. Олон сайхан хүнтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай явдаг. Өнөөдөр төрийн дээд одон хүртсэндээ сэтгэл өег байна.
Б.Ариунаа: Энэ том шагнал бол инженерүүдийнх юм
МҮОНРТ-ийн цахилгааны инженер. Алтан гадас одонт.
-Манай шинэ төв 1988 онд ашиглалтад ороход би их сургуулиа дөнгөж төгссөн хүүхэд дипломоо бариад ажилтнаар орж байлаа. Энэ том шагнал бол арын албыг хариуцаж ажилладаг инженерүүдийн шагнал юм. Онцолж хэлбэл, цахилгааны хэсэг гэсэн үг. Тэд маань намайг ийнхүү үнэлснээр энэ том одонгийн эзэн болж байна. Намайг анх ажилтан болоход тухайн үед техникийн төвийн захирлаар Д.Цэдэвсүрэн, боловсон хүчнээр Б.Шагжжав ажиллаж байлаа.
Б.Нямхүү: Операторгүй, тайз засагчгүй, сэтгүүлчгүй бол телевизийн байгууллага юусан билээ
ОНТ-ийн нэгдүгээр суваг Үндэсний телевизийн Баримтат, уран сайхны нэвтрүүлгийн багийн найруулагч. Алтан гадас одонт.
-Монгол Улсад телевизийн урлаг үүссэний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн Монгол түмний Цагаан сар тун удахгүй болох гэж буй. Энэ мөчид төрийн дээд одон хүртсэндээ баяртай байна. Хамт олондоо ч талархаж сууна. Операторгүй, тайз засагчгүй, сэтгүүлчгүй бол телевизийн байгууллага юусан билээ. Тэгэхээр телевиз гэдэг бол хамтын бүтээл юм. Түүнчлэн цаг наргүй ажиллаж байдаг бидний үйл хэргийг мэдэрч, ойлгодог гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд та бүхэндээ талархлаа илэрхийье. Би 1988 оноос хойш энэ байгууллагадаа ажиллаж байна.
Ц.Цэнд: Хүн бүр хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийх ёстой
“Монголын мэдээ” сувгийн Нийгэм, соёлын редакцийн ахлах редактор. Алтан гадас одонт.
-Би 1998 онд МУИС-ийг төгссөн. Өнгөрсөн хугацаанд би юуг илүү ойлгосон бэ гэхээр хүн бүр хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийх ёстойг мэдэрсэн. Хэрэв тэгж хандаж чадвал ач ивээл нь эзнээ баярлуулдаг. Тэр итгэл өнөөдөр надад эргэн дурсагдах шиг ирж, энгэрт маань гялалзаж байна. Намайг оюутан байсан Ц.Цэндээс, сэтгүүлч Ц.Цэнд хүртэл хамтран ажиллаж байгаа ажлынхандаа болон үзэгчдэдээ баярлалаа.
Д.Батмөнх: Миний мэргэжил нүдний болон гарын урыг хөглөдөг, хөтөлдөг
МҮОНРТ-ийн Тайз чимэглэлийн албаны зураач. Хөдөлмөрийн хүндэт медальт.
-Би МҮОНРТ хэмээх том айлд зураачаар ажиллаад 21 жил болжээ. Өнөөдөр төрдөө үнэлүүлж, төрийн дээд одонгоор энгэрээ мялаасандаа баяртай байна. Бид дэлгэцийн урлагт ажилладаг. Тайз, дэлгэцийн урлаг гэдэг бол хамтын бүтээл. Анх ажилд ороход зааж сургаж, зөвлөж байсан ахмадууд, студи, редакцийнхандаа баярлалаа. Миний мэргэжил тухайн уран бүтээлчийнхээ нүдний болон гарын урыг хөглөдөг, хөтөлдөг. Үүндээ ч би дуртай. Хамт олон минь биднийг маш их дэмжсээр байгаа нь өнөөдөр тод харагдаж байна. Ажлын хамт олондоо үргэлж баярлаж явдгаа илэрхийлье.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа | ||
Үзсэн: 2697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.