
БНСУ-д амьдарч буй ОУХМ М.Нандин-Эрдэнэ ирэх сарын 15-нд нэг сая ам.долларын бооцоот тулаанд оролцох болсноо зарлалаа. Монгол тамирчны өрсөлдөх хамгийн өндөр бооцоотой тэмцээнд энэ тулаан нэрлэгдэх байх.
Гэхдээ зөвхөн энэ тулаанд ялаад нэг сая ам.долларын эзэн болно гэсэн үг хараахан биш юм. “Road FC” холбооноос шилдэг 16 тамирчин өрсөлдүүлэх нэг сая ам.долларын шагналтай тэмцээнийг зарласан бөгөөд энэ тэмцээнд оролцох эрхийн төлөө М.Нандин-Эрдэнэ одоо хүч үзэх юм.
Нэгэн үе Монголын боксын шигшээ багийн тамирчин явсан тэрбээр БНСУ-ыг зорьж, холимог тулааны “Road FC” холбоонд элсээд багагүй хугацаа өнгөрч байна.
Түүний өрсөлдөгч Бразилын тулаанч, Тайландын алдарт “TIGER MMA” клубийн тамирчин Бруно Миранда. Тулаан БНСУ-ын Сөүл хотод болно.
“Робусто” хочит Бруно Миранда нь 1990 оны зургадугаар сарын 16-нд төрсөн, 26 настай. 175 см өндөр, 70 кг жинтэй. Холимог тулааны Road FC төрөлд есөн тулаан хийснээс долоо ялж, хоёр ялагдсан амжилттай. Тэрхүү долоон ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор буулган авчээ.
Мөнгөнцоoжийн Нандин-Эрдэнэ. 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. “Их Засаг” их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн. 2001 оноос тулааны спортоор хичээллэж, сонирхогчдын боксын төрөлд ОУХМ, Кикбоксийн төрөлд спортын мастер цол хүртсэн. Тэеквондогийн хар бүстэй. Каратэгийн Ази тивийн аварга, Монгол зодооны улсын аварга болж байсан.
Тэрбээр БНСУ-д холимог тулааны спортоор хичээллэх болсон талаар “Үнэхээр дуртай болохоор хүний нутаг ч гэсэн спортгүйгээр амьдарч чадахгүй юм билээ. Ажлаас гэр рүүгээ харих замд бокс, холимог тулааны клуб байдаг байсан. Өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг ч тэсэлгүй нэг өдөр гүйж ороод, бүртгүүлчихсэн. Түүнээс хойш мэргэжлийн болон сонирхогчийн тулаанд арав гаруй удаа оролцоод байна” хэмээв.
М.Нандин-Эрдэнэ сая ам.долларын төлөө тулалдана | ||
Үзсэн: 3954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.