Шууд Chart

Б.Ууганбаатар хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн

2017-03-10 11:02:00

Тэшүүрчин Б.Ууганбаатар энэ жилийн УАШТ-д оролцох үедээ хориотой бодис /Meldonium/ хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоныг Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдсэн билээ. Тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцод орох хүсэлтээс татгалзаж, хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн юм.

Энэхүү үйл явц энэ оны УАШТ-ээс гарсан анхны тохиолдол боллоо. Одоогоор Монголын тэшүүрийн холбооны удирдах зөвлөл хуралдаагүй байгаа бөгөөд Б.Ууганбаатарт ямар шийтгэл оногдуулах нь тодорхойгүй байна.

Тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн таван тамирчнаас допингийн шинжилгээг авчээ.

Б.Ууганбаатар УАШТ-ий эрэгтэйчүүдийн 1500, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм. Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм.

Энэ жил 28 настай Б.Ууганбаатар тэшүүрийн шилдэг тамирчдын нэг бөгөөд Үндэсний шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд амжилттай оролцдог байжээ. Тэрбээр улсын олон удаагийн рекорд амжилтын эзэн юм.

Мельдониум ба хориглосон жагсаалт

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ 2016 оны аравдугаар сараас хойш мельдониум хэрэглэсэн тамирчдыг допинг хэрэглэсэнд тооцож, хатуу шийтгэл оногдуулахаар болж байгаа билээ. Олон арван тамирчны нэр холбогдоод байгаа “Мельдониум” бол Латвийн эм үйлдвэрлэгч ”Гриндекс” компанийн бүтээгдэхүүн.

Ихэвчлэн зүүн Европын орнуудад цус багадалтын үед хэрэглэдэг. Мельдониумыг зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Мөн энэ эм нь хүний биед нийлэгждэггүй буюу энгийнээр тайлбарлахад биед огт байдаггүй бодис учраас нэгэнт шээсэнд тодорхойлогдсон л бол ямар хэмжээтэй байхаас хамаарахгүйгээр допинг хэрэглэсэнд тооцдог байна.

Допингийн төрөлд тооцдог эм, бэлдмэлийн буюу WADA-гийн “Хориглосон жагсаалт” нь тамирчдын бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон, тухайн спортоос хамааруулан хэрэглэхийг хориглосон бодис ба аргууд гэсэн гурван хэсгээс бүрддэг. Үүгээр бол мельдониум инсулинтэй адил үйлчилгээтэй буюу WADA-гаас гаргасан “Бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон” бодисын гормон, бодисын солилцоог идэвхижүүлэгч /S4/ ангилалд багтжээ.

 Тамирчдад бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон бодис: 

  • S0  Батлагдаагүй бодис
  • S1  Анаболик стероид
  • S2  Пептид, өсөлтийн гормон
  • S3  Бета 2 агонист
  • S4 Гормон, бодисын солилцоо идэвхижүүлэгч
  • S5 Шээс хөөх бодисууд
Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ууганбаатар хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн   
Үзсэн: 2699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй